Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан сарын ууцны үнэ 130- 270 мянган төгрөгийн үнэтэй байна

Л.БАТБААТАР

Нийслэлийн хойд хэсэгт орших “Хүчит шонхор” зах нь улаанбаатарчуудын махны хэрэглээг хангадаг. Энэ жилийн Цагаан сар эрт болно. Иймээс  Цагаан сарын гол хэрэглээ болох махны үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо. Захаас нэлээн зайтай газраас л автомашины түгжрэл үүссэн нь олны хөлийн газар болохыг илтгэнэ. Машинаас бууж явган алхсаар захын үүдэнд очиход голдуу Цагаан сарын ширээнд тавих зориулалттай ууцны мах битүү ачсан ачааны тэрэг завсаргүй эгнэн зогссон харагдана.


Ууцны мах зарвал өдрийн 30 мянган төгрөг төлнө

Малчид маань малын махаа нийслэл хотод өөрсдөө авчирч борлуулах нь ихэсчээ. Энэ жилийн хувьд махны үнэ хэтэрхий унасан нь ийм байдалд хүргэсэн гэж болох. Учир нь ченжүүд махны үнэ унасныг  шалтаглан хотноос нь хямдаар мал авах санал тавьдаг гэнэ.
Ууцны мах борлуулж буй Архангай аймгийн Хайрхан сумын малчин С.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Махны үнэ ханш ямар байна вэ?
-Хонины мах килограммыг нь 3500 төгрөгөөр зарж байна. Бүдүүн хонины гулууз 150 мянга, хязаалан эр хонины гулууз 130 мянга, төлөгнийх 110-120 мянга, хонины цувдааг 1500 төгрөгөөр борлуулж байна.

-Танай нутгаар өвөл­жилт ямар байна даа?
-Өвөлжилт гайгүй дээ. Зун­даа гандуу байсан болохоор өвс ногоо муу гарсан. Цаг хатуу болох нь гээд малчид малаа их мууллаа.

-Малчид маань чадлаа­раа л өөрсдөө малынхаа ма­хыг авчирч зарах гэж хичээх болж. Ченжүүд га­зар дээрээс нь хэдээр авч байна вэ?
-Ченжүүд эр хонийг газар дээрээс нь  60 мянган төгрөгөөр авах гэдэг. Өөрсдөө хотод авчирч борлуулбал 90-100 мянган төгрөг болдог юм. Хониныхоо нэхийг 1500 төгрөгөөр зарна.

-Хөдөө орон нутгаас мах бэлтгэж, Улаанбаатар хотод  бор­луулахад бичиг баримт бүрдүү­лэхээс эхлээд явдал суудал их байна уу?
-Сумын Мал эмнэлгийн байцаагчаас  гарал үүслийн гэрчилгээ авна. Мөн цагдаа­гийн хэсэгт бүртгүүлнэ. Жишээл­бэл,  50 хонь Улаанбаатар хотод  борлуулъя гэж бодоход 10 мянган төгрөгийг Мал эмнэлэгт, гарал үүслийн гэрчилгээ авахад 1000, цагдаагаар зураг авахуулахад таван мянга төгрөг тушаадаг.  Мөн зам дагуух постуудад тодорхой хэмжээний татвар төлж Улаанбаатар хотод орж ирдэг. “Хүчит шонхор” захад ууц зарвал нэг өдөрт 30 мянга, мах зарвал 20 мянган төгрөгийн түрээс төлдөг гэлээ.

Дундговь аймгийн Эрдэнэ­далай сумын малчдын 270 мянган төгрөгөөр  борлуулж байгаа ууц нь хамгийн үнэтэй нь байв. 55 кг татах гулууз гэнэ. “Ер нь говийн хонь хангайнхаас том байдаг. Учир нь таана, хөмүүл иддэг болохоор тэр” гэж  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас ирсэн малчин хэлж, амт ч сайтай гэж тодотгохоо мартсангүй.

150 мянган төгрөгөөр ууц худалдан авч буй Баянзүрх дүүргийн өндөр настан Р.Батаагаас Цагаан сарын бэлтгэлээ хангаж байна уу гэж асуухад “Цагаан сар дөхөхөөр ууцны үнэ өсөх болов уу гэж бодоод хямд байгаа дээр нь худалдан авч байна. Удахгүй тэтгэврийн зээл авч буузны мах, гурил үр хүүхдүүдэдээ өгөх бэлэг сэлтгээ авна” гэлээ. Хонины ууцнаас гадна хонины гулууз махыг нэг килограммыг нь 3500, үхрийн гуя кг  3700-5700, үхрийн өвчүү кг нь 5000, ямааны мах 2500, адууны махыг 2800 төгрөгөөр зарж байлаа.

Хоёр метр 20 см урттай лангууны сарын түрээс нэг сая төгрөг

Ингээд жижиглэнгээр мах худалддаг заал руу орлоо. “Хүчит шонхор” захын жижиглэнгийн худалдаачдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Тэд үхрийн цул махыг 6000, ястайг нь 5800 төгрөгөөр зарж байв. “Махны үнэ улам өснө. Үүнд Цагаан сар хамаагүй. Хятад руу мах гаргаж байна. Хямдхан мах идэх боломж байхгүй болж байна” хэмээн худалдагч бүсгүйчүүд  ам уралдан ярьцгаах. Дараа нь хонь, ямааны мах зардаг зааланд орлоо. Нэг ижил өнгийн форумтай худалдагч эмэгтэйчүүд хонины гулууз махыг гайхалтай хурдан, шалмаг эвдэх аж.  Ямааны цул мах 4000, ястай нь 3700, хониных цул нь 5000, ястайг нь 4200 төгрөгөөр зарж буй нь өмнөх сартай харьцуулбал  кг махны үнэ 1000  гаруй төг­рөгөөр өсчээ гэх бодол төрөв.

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны иргэн Г.Чимгээ тус захад 10 гаруй жил лангуу түрээслэн ажиллаж буй нэгэн. Тэрээр “Нэг гулууз махнаас 2-3 мянган төгрөгийн ашиг олдог. Хоёр метр 20 см урттай лангууны сарын түрээс нэг сая төгрөг. Гурвуулаа нэг лангуу хувааж түрээслэдэг. Ингэхлээр нэг хүн 333 мянган төгрөгийн түрээс төлнө. Малчид өөрсдөө ирж малаа зарах нь ихэссэн. Гэвч арай өндөр үнэ хэлдэг. Махны ченжээсээ дор” гэлээ.

Хамгийн их гүйлгээтэй нь “набор” гэнэ

Малаас хаях юм байхгүй. Тус захын малын дайвар бүтээгдэхүүн борлуулдаг хэсгээр орж үнэ ханшийг нь сонирхсон юм.
Үүдээр оронгуут л  малын гэдэс дотрын эхүүн үнэр хамар цоргив. Хэсэг хугацааны дараа үнэртэхээ байчих шиг санагдсан нь дассаных биз. 50-60 гаруй лангуутай, төдий тооны хүн ажилладаг аж. Мөн хүний хөл хөдөлгөөн ч тасрахгүй шинжтэй.  Үхрийн элэг кг 1500, зүрх 2000-2500, бөөр 1000, үхрийн шийр нэг ширхэг нь 2500, гургалдай 2500, адууны умс хятай 2500, үхрийн гүзээ 2500, үхрийн гол мах 3000 төгрөгийн ханштай байв.

Мөн хонины цувдаа 3500, хагас хуйхалсан хонины толгой 2000, бөөр кг 1500, элэг ширхэг нь 400 төгрөгөөр зарж байв. Хамгийн гүйлгээтэй нь багахан хэмжээний элэг, уушиг, бөөр, сэмжийг хольж ууталсан набор гэнэ. Нэг ширхгийг нь 300 төгрөгөөр зардаг аж. “Зарим хүн 100-200 ширхгээр худалдаж авдаг. Нохой ч хооллож  болно. Мөн өөрсдөө ч идэж болно” гэж худалдагч залуу хэлж байлаа. Уулзсан хүн бүр л  махны үнэ улам өснө гэцгээж байсан нь нэгийг бодогдуулсан юм. Олны үг ортой гэдэг. Мичин жилийн зуд болох сургаар их хэмжээний мал махалсны үр дүнд хэсэгхэн хугацаанд буурсан махны үнэ дээшээ зүтгэж л байгаа шинж ажиглагдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан