“Лалын улс”-ынхан хүн цаазалж буйг үзүүлсэн сүүлийн үеийн бичлэгт гарсан баг зүүсэн этгээд Их Британийн иргэн байж болзошгүйг “BBC” мэдээлэв.
Бичлэгийг шалгах явцад Лондон хотын зүүн хэсгийн Уолтемстоуд амьдарч байсан Сиддхарта Дхар буюу Абу Румаясах нэрээрээ танигдсан этгээд хамгийн их анхаарал татаж байсан тухай албаны эх сурвалж мэдээлснийг “BBC” уламжиллаа.
Чингэлэг худалдагч байсан, 32 настай Дхар хинду шашинтай гэр бүлд төрсөн ч лалын шашинтан болсон байна. Терроризмыг дэмжсэн хэрэгт сэжиглэгдэж, 2014 онд тэрбээр баривчлагдаж байсан ч батлан даалтад байх хугацаандаа Их Британиас гарч, Сирид очжээ.
Их Британийн хэт давруу үзэлтнүүдийн “Аль-Мухажирун” бүлэглэлд 4 хүүхэдтэй тэрбээр элссэн гэж “BBC” мэдээлэв.
Энэ мэдээллээс үүдэн, Дхар яаж гэр бүлийн хамт Сири рүү гарсан байж болох тухай асуултыг Их Британийн Аюулгүйн албаны эрх баригчдад тавьж байна.
Их Британийн Аюулгүй байдал, тагнуулын албаны хүмүүс бичлэгийг шалгаж, баг зүүсэн этгээдийг танихыг оролдож байгаа юм.