Өнгөрсөн сарын сүүлээр гадаадын хэвлэлүүдээр АНУ-д хууль бусаар оруулсан тарбозаврын ясыг худалдан авсан этгээд уг ясыг Монголд буцаан өгөхөөр болсныг Америкийн Хууль зүйн яам нь мэдээлснийг дамжуулсан. Энэ яс нь одоогийн Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийд амьдарч байсан тарбозаврын төрөлд хамаарах үлэг гүрвэлийнх юм байна.
Үлэг гүрвэлийн энэ төрөл нь Хойд Америкийн төрөлтэй ихээхэн төстэй учир тираннозаврын төрөлд хамааруулан тооцох тохиолдол ч байдаг аж. Монголын хуулиар бол тус улсын нутаг дэвсгэрт олдсон үлэг гүрвэлүүдийн ясыг Засгийн газарт буцаан өгөх ёстой. Үүнээс гадна, эдгээр олдворыг Монголын нутаг дэвсгэрээс гаргахыг хуулиар хориглодог байна.
Тэгвэл Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар хооронд байгуулах өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, түүнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгожээ.