Нийслэлийн Тээврийн газар нь Монгол улсын Зам тээврийн Сайдын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар бүхий “Нийтийн аюулгүй байдлыг хангах, тээврийн үйлчилгээнд сахилга чангатгах, хариуцлага өндөржүүлэн ажиллах тухай”, нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 02 дугаар бүхий “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаваруудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажилласан байна.
- Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж дээр тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдал, шугам замын хяналтаар цагийн хуваарь мөрдөлт, өглөөний эх авалт, оройн буултыг долоон хоногт хоёроос гурван удаа шалган, шалгалтын дүн мэдээг тухай бүр нь мэдээлж ажилласан байна.
- Аж ахуйн нэгжүүдийн инженер, техникийн ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг шалган хоёр аж ахуйн нэгжийн гурван албан тушаалтанд Автотээврийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцсон байна.
- “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж”-ийн ашиглалт, нийтийн тээврийн үйлчилгээний хэрэглээний стандартыг мөрдүүлж, хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гурван аж ахуйн нэгжийн зургаан чиглэлд 38 албан хаагч хоёр ээлжээр хяналт тавин ажилласан ба гарсан зөрчлийг холбогдох газруудад мэдээлж шуурхай арилгах арга хэмжээг авчээ.
- Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах чиглэлээр нийслэлийн Замын Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран 2015 оны 12-р сарын 30, 31-ны өдрүүдэд 08:00-11:00, 17:00-20:00 цагуудад зургаан зогсоолын цэгт 12 автотээврийн улсын хяналтын байцаагч ажиллажээ.
- Албан даалгаврын хугацаанд 11 аж ахуйн нэгжийн 47 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд саад учруулж, 16 аж ахуйн нэгжийн 84 тээврийн хэрэгсэл замд унтарч зогсчээ. Харин 13 аж ахуйн нэгжийн 32 жолооч зам тээврийн осол, зөрчил гаргасны улмаас дөрвөн иргэн гэмтэж, нэг иргэн нас барсныг холбогдох хуулийн байгууллагуудад шилжүүлсэн байна.
- Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс ирсэн санал гомдлыг 100 хувь барагдуулан ажиллажээ.
Мөн нийслэлийн Тээврийн газраас автобусны буудал, зогсоол дээр удаан зогсож хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулах ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Харин дээрх ажлыг гүйцэтгэхэд автобусанд байрлуулсан камерын бичлэг шаардлага хангахгүй байгаа анхааран даруй арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг “Улаанбаатар смарт карт”ХХК-д хүргүүлээд байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.