2012 онд Говь-Алтай аймагт анх удаа ардчилсан хүчин орон нутгийн сонгуульд ялж өнгөрсөн хугацаанд чамгүй их өөрчлөлт шинэчлэл хийжээ. Засагт хан аймгийн түүхэн 460 жилийн ой, Хантайшир уулын аймаг буюу одоогийн Говь-Алтай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойг 2018 онд тэмдэглэх шийдвэр гаргасан байна.
Мөн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилсан 60 тонн ус үйлдвэрлэх хүчин чадалтай “Эрүүл ус” төсөл нь ус нутгийнхны “Мөнхийн хүсэл”-ийн биелэл болжээ. Хүмүүсийн хандлагыг өөрчилж, сэрж мэдрүүлж сэхээрүүлж ухааруулсан, танилцах аяллуудыг Засаг даргын зөвлөх Г.Хурцгэрэлийн оролцоотойгоор зохион байгуулж олон хүнийг хамруулсан нь үнэлж баршгүй томоохон “Оюуны хөрөнгө” оруулалт болсныг онцлон тэмдэглэж байна.
Цагтаа АИХ-ын депутатаар гурвантаа сонгогдож явсан, үйлчилгээний гавьяат ажилтан Г.Жавзмаа, “Тансаг гоёл” бөс барааны дэлгүүрийнхэн (М.Болд, О.Одончимэг нар), Ч.Мядагбадам ахлагчтай “Газар шороо-Ард түмний баялаг” ТББ-ын хамт олон зэрэг цаг үе бүрдээ манлайлагчид энэ нутагт олон буй бөгөөд тэд цөм л экологийн хөгжлийн дэмжигч билээ.
“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, Алтай нутгийн зөвлөлийн даргаар сонгогдож богино хугацаанд 10.000 тарьц суулгац тарьж, хоёр ч хөл бөмбөгийн талбай байгуулсанд нутгийнхан ам сайтай байна.
Бие нь жижиг, “бэлчээр”нь жижигхэн, ухааны сүв нь бүр жижиг өчүүхэн Ж.Ганбат гэгчийн балгаар аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдож чадаагүй нэр бүхий Эрхэм гишүүний өмнөөс харамсах иргэд ч цөөнгүй юм.
“Ам нээвэл уушиг нээ” гэж хөгжлийнхөө хоёрдахь аравны түүхийн хуудсыг бичилцэж байгаа “Алтай-Гомбо Сан”-гийн тухайд хэдэн үг нэмэрлэе гэж бодлоо. Говь-Алтайн нэгдүгээр сургууль Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит болж, “Сан”-гийн зүгээс түүний хөшөөний “эх загвар”-ыг гаргуулж, хөшөөний шавыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Мөнхийн хамт нутагт нь тавьж, хөшөөний зэсээ олоод байлаа.
2008 оноос тус сургуулийн захирал солигдож огт “өөр хүний” хөшөөг босгосон Ш.Болдбаатар гэгчийг нутгийнхан үеийн үед жигшинэ.
Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга болон бусад сумын удирдлагууд ингэж ярьж байна. “...Бид хөрш Ховд, Баянхонгороос хөгжлөөрөө 10-20 жилээр хоцорчихжээ. Баянхонгор гэхэд баруун бүсдээ гайхагдсан битүү болон задгай захуудтай, цэнгэлдэх хүрээлэн нь хиймэл зүлэгтэй, олон улсын стандартад нийцсэн гүйлтийн замтай, музей, амьтны хүрээлэнтэй... “Вагон вагоноор нь” гэдэг шиг багц багцаар нь асуудлыг шийдчихсэн байна. Тэд төлөөллөө олж сонгожээ” гэж билээ. Үнэндээ УИХ-ын гишүүн Х.Баттулга дарга бол Монголдоо төдийгүй Азидаа босоо цагаан хийморьтой удирдагч болж.
Тэмдэглэлийнхээ төгсгөлд 1981 онд арван жилийн сургуулийг дүүргэхдээ 513 хүүхдээс 57.66 оноогоор (энэ тухай ижий минь “Өрх гэрийн түүх” нэртэй ногоон дэвтэрт тэмдэглэн үлдээсэн нь бий) эхний байранд дуудуулж явсны хувьд, нэг үеийн төгсөгч МУ-ын Засгийн газрын гишүүн, ГХЯ-ны сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Цээлхажавын Эрдэнэчимэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хэлтсийн дарга Гэндэнсүрэнгийн Хүрэлбаатар болон бусад нөхдийн өмнөөс ажил хэрэгч тодорхой нэг саналыг дэвшүүлж уриалмаар байна. Энэ зуны долдугаар сард тэмдэглэх 35 жилийн ойдоо дээрх төгсөгчдөө урьж байна. Чингэхдээ аймагт “Экологийн боловсролын төв” гэгдсэн гурваас таван давхар барилга барья, хөрөнгө босгоё, тэнд гарын арван хуруунд ахадмаар олон Говь-Алтайн ТББ-уудын төлөөлөл сууж иргэний нийгмийн хүч, дуу хоолой болон хамтран ажиллая, нутаг орноо хөгжүүлье. Мөн “Алтай оюуны хөгжил” ассоциаци, “Алтайн эрин Сан”, “Гарваа Сан” зэрэг ТТБ-уудыг хамтран ажиллахыг уриалж байна. “Аймгийн 40 жил” өндөрлөгийн ойролцоо орших 40х60м кв газрын асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал болон Засаг дарга нарт талархъя. Улс төрд шинэ хандлагыг бий болгож, эрүүл сэтгэлгээ, шинэлэг санаа, дэвшилтэт уур амьсгалаар нутаг орондоо Ардчилсан хөгжлийн шинэ замыг түүчээлсэн Залуу удирдлагуудын оюун ухаан - хүч чадал - хүн чанар - хүрээлэл - далайц- алсын хараа улам тэнүүн байж бүс нутагтаа хурцаар гэрэлтэх “Эко цэцэрлэгт хүрээлэн-2016” хөтөлбөрийг дэмжсэнд баярлалаа гэж хэлэх нь зүйд нийцнэ. Амгалан, дэлгэр, жаргалтайгаар баатарлагаар тэмцэн ажиллаж хөдөлмөрлөж яваа Алтай сайхан нутгийн зон олондоо Ардчилсан хувьсгалын 26 жилийн ойн бахархам баярын мэндийг дэвшүүлье.
“Алтай-Гомбо Сан”-ийн тэргүүн багш, сэтгүүлч Лхагваагийн Оюунчимэг