Л.БАТБААТАР
Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийг хэрэгжүүлэх жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд жолооч бүр зөрчлийн 10 онооны багцтай байхаар заасан. Зөрчлийн 10 онооны багцийн талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харьцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журамд зааснаар жолооч нар зөрчлийн 10 оноотой болсон. Энэ зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам мөрдөгдөж эхэлсэн үү?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийг дагаж 30 гаруй журам батлагдах юм. Ихэнх журам нь хэлэлцэгдээд батлагдах шатандаа явж байна. Хууль зүйн сайдын тушаалаар жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр баталсан. Одоогоор журам мөрдөгдөхгүй байгаа. Яагаад журмыг мөрдөхгүй байна вэ гэхээр техникийн асуудалтай холбоотой. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зөрчлийн бүртгэлийн журам мөрдөгдөөгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ журам мөрдөгдөж байна” гэсэн ташаа мэдээлэл явж байна. Энэ журам мөрдөгдөх ёстой.
Тус журмыг мөрдсөний дараа биелүүлнэ гэсэн сэтгэхүйгээр хандах хэрэггүй. Журмын үндсэн зорилго нь олон зөрчил гарган, торгууль төлж байгаа жолоочийн тоог бууруулах явдал юм. Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ мөрдөн хөдөлгөөнд оролцвол замын цагдаатай харилцахгүй, торгуулахгүй болон зам тээврийн осолд орох эрсдлээс өөрийгөө сэргийлэх бүрэн боломжтой.
-Зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам гэдгээ тодруулахгүй юу?
-Жолооч бүр 10 оноотой. Бүх зөрчлөөс оноо хасахгүй. 17 төрлийн зөрчлөөс оноо хасахаар журамд тусгасан. Жолоочийн гаргасан зөрчил нь зам тээврийн ослоор төгсдөг онц ноцтой гэж нэрлэгдэж болохоор 17 зөрчлөөс л оноо хасна. Тодруулбал, хамгаалалтын бүс бүслээгүй бол нэг оноо хасна. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны торгуулийн арга хэмжээг нэмж авна. Жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж зам тээврийн осолд орвол таван оноо хасагдах жишээтэй. Урьд нь анхааруулах зорилгоор жолоочийн талон цоолдог байсан. Гэхдээ нэмж торгодоггүй байв. Одоо бол гаргасан зөрчилд давхар шийтгэл ногдуулна. Торгууль ч төлнө, оноогоо ч хасуулна. Гаргалгаа нь замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байх.
-Жолооч нар 10 онооноосоо хэдийг хасуулбал замын хөдөлгөөнд оролцох эрх нь хаагдах юм бэ?
-Оноо хасахаас гадна урамшууллын систем бий. Жишээлбэл, тухайн жолооч есөн оноо хасуулж нэг оноотой үлдлээ гэж бодъё. Нэг оноотой жолооч замын хөдөлгөөнд оролцож болно. Учир нь нэг ч гэсэн оноо байна. Ямар нэгэн зөрчил гаргахгүйгээр хоёр жил замын хөдөлгөөнд оролцвол, эргээд 10 оноотой болох юм. Ингэснээр, тухайн жолооч хоёр жилийн турш замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байснаар өөрийн болон өрөөлийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж байна гэсэн үг. Зөрчил гаргачихаад торуулиа төлөөд явдаг жолооч нарын тоо оноо хасан журам мөрдөгдснөөр буурна. Мөн зам тээврийн ослын тоо багасна гэж бодож байна. Ер нь зам тээврийн ослын тоог бууруулах чиглэлд хийж байгаа нэг алхам гэж ойлгох хэрэгтэй.
-Бүх оноогоо хасуулбал яах вэ?
-Тэгвэл жолоо барих эрх нь шууд цуцлагдана. Тодорхой хэмжээний сургалтад хамрагдан улмаар шалгалт өгч жолооны эрхээ сэргээлгэнэ. Иргэний регистрийн дугаараар юм уу, жолоочийн үнэмлэхний дугаараар тооцох уу гэдэг техникийн асуудлаас шалтгаалж зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам мөрдөгдөж эхлээгүй байна.
-Жолоочоос оноо хасах систем нэвтрүүлснээр ямар үр дүнд хүрэх, зам тээврийн осол хэдэн хувиар буурах талаар судалгаа, шинжилгээний ажлууд хийсэн үү?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар гарсан бүх шийдвэр судалгаанд үндэслэгддэг. Ямар насны жолооч, аль өдрүүдэд, зам тээврийн осол гаргаж байгаа талаар судалгаа үргэлж хийгддэг. Мөн бусад орны зам, тээврийн ослыг бууруулсан туршлагыг харьцуулан судалдаг. Ихэнх орны замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалт хатуу чанга, ногдуулах торгууль өндөр байдаг. Тухайн орны иргэд хуулиа “Чанга” гэж эсэргүүцдэггүй. Яагаад гэвэл, зөрчдөггүй болохоор. Ингэснээр амь нас, эрүүл мэнд нь хамгаалагдсан байдаг. Жолоочид зөрчил гаргаж болохгүй шүү, гаргавал оноо хасч анхааруулна. Зөрчил гаргавал “Оноо хасуулах юм байна” гэсэн анхааруулга жолоочийн тархинд бий болно. Улмаар зөрчил гаргахгүй болохоор зам тээврийн осолд орох эрсдэл бий болохгүй.
-Өнгөрсөн онд зам тээврийн ослын тоо хэмжээ хэр байв. Ер нь зам тээврийн осол болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямархуу байна вэ?
- 2015 он амжилт бүтээл дүүрэн жил болсон. Эрх зүйн салбарт сахилга хариуцлагыг дээшлүүлэх хууль журмаа батлуулсан. Үүний үр дүнд зам тээврийн ослоор нас барах тохиолдол өмнөх жилүүдтэй харьцуулахад буурлаа. Мөн гэмтэж бэртсэн хүний тоо багассан. Сахилга бат, хариуцлага дээшлэхээр зам тээврийн осол буурах хандлага ажиглагдаж байна. Үүнд цагдаагийн албан хаагчдын зүтгэл болон иргэдийн сахилга, хариуцлага, ухамсар нөлөөлсөн. Жолооч нар замын хөдөлгөөнд хариуцлагатай, сахилгатай, дүрмийн заалтыг биелүүлж оролцсоноор хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хамгаалагдана. Замын хөдөлгөөний дүрэм баримтлахгүй бол хүний амь нас, эрүүл мэнд, үрэгдэнэ. Мөн хуулийн хатуу хариуцлага хүлээнэ гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа заавал төрийн албадлагаар биш өөрийн ухамсараар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцох боломж нь иргэдийн гарт бий.