Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг батлан даалтад гаргажээ. Түүнийг шинэ он гарахын өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд батлан даалтад гаргасан гэх мэдээлэл байна.
Авлигатай тэмцэх газар нь түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-нд баривчлан саатуулсан юм. Ингэхдээ авлигын хэрэгт холбогдуулан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч эрүүл мэнд муудсаны улмаас эмнэлэгт шилжин хэвтэн эмчлүүлж байв.
Харин түүнийг батлан даалтад гаргах болсон шалтгааныг баривчлан саатуулах 60 хоногийн хугацаа нь дууссантай холбож буй юм.
Тэрээр саатуулагдсаныхаа дараахан Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Гэвч Ерөнхий сайдын зүгээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ-д оруулж ирэлгүй бараг хоёр сар шахам болж буй.