Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Энхцэнгэл: “Найрсаг Улаанбаатар” бизнес эрхлэгчдийг дэмжсэн хөтөлбөр болсон

Б.Билгүүн

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлтэй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-----------------------------------------------------
-----------------------------------------------------

-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр 2014 оны есдүгээр сараас хойш хэрэгжиж байна. Төсөл хөтөлбөрт өнөөдрийг хүртэл хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ. Үр ашгийг нь тооцож үзсэн үү?
-Аялал жуулчлал, үйлчилгээ болоод соёл урлагийн салбарыг хамруулсан томоохон хэмжээний уулзалт, зөвлөгөөнийг 2014 онд удаа дараа зохион байгуулсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ нь Улаанбаатар хотын үйлчилгээний салбарын ажилчдын онцлог, цар хүрээ, орлого зарлага гээд олон мэдээллийг нэгтгэх, түүнээс бодлого боловсруулах үндэс суурь нь болсон гэхэд болно. Мэдээж энэ нь бусад орны хотууд аялал жуулчлалын салбартаа ямар хэмжээний үйлчилгээ явуулж байгаатай харьцуулж, үнэлэлт дүгнэлт өгөх боломж олгосон гээд нэг ёсны мэдээллийн бааз, суурь болж өгсөн. Үүнээс гадна, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэж бий. Улаанбаатар хотын аялал жуулчлал хэрхэн хөгжих юм, бид юугаа илүү онцолж, юугаараа илүү бахархах вэ гэдгийг тодорхой болгож өгсөн. Мөн аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих гээд маш өргөн цар хүрээтэй хөтөлбөр болсон.
Харин 2015 он бол энэ хөтөлбөрийн гарааны жил байв. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөгийн төсөв баталж өгсөн. Олон нийтийн санаа бодол болоод эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хөтөлбөрт тусгаад байсан ганц хоёр ажлыг хойш тавьсан. Гэхдээ аялал жуулчлалын оргил үе болох зуны туршид жуулчдад зориулсан арга хэмжээг зохион байгуулсан. Энэ нь хаана, юу үзэхээ  мэдэхгүй цүнхээ үүрээд Улаанбаатар хотоор хэрэн хэсээд байх бус тэдэнд үндэсний хэв шинж нь юу болох, Улаанбаатар хотод нүүдэлчин түмний соёл ямар үнэт зүйл оршиж байгаа вэ гэдгийг таньж мэдэх боломж олгосон. Тухайлбал, хаана юу үзэж болох талаар календарчилсан хөтөлбөрийг жуулчдад зориулан гаргаж, тэр дагуу хөтөлбөрөө зохион байгуулсан. Оюутан цагдаа, жуулчдын мэдээллийн төв, Зүүн хойд Ази руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлсэн гээд дурдаад байвал олон зүйл хэлж болно.

-Тэгвэл энэ хөтөлбөр батлагдсанаар хамгийн их дутагдалтай байсан ямар орон зайг нөхсөн гэж үзэх вэ?
-Улаанбаатар хот бол Монгол Улсын нийслэл. Энэ нь эдийн засаг, бизнесийн болоод Монголын бүх л үндэстний соёлын төв нь Улаанбаатар гэсэн үг. Гэтэл энэ хотод аялал жуулчлалын ямар үйл ажиллагаа явагддаг вэ, хэзээ, хаана юу болох вэ гэх зэрэг мэдээлэл маш дутмаг байсан. Харин “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагдсанаар энэ орон зайг нөхсөн. Хамгийн наад захын жишээ нь, мэдээлэл туслалцааг лавлах утсаар, интернэтээр, жуулчдад зориулсан мэдээллийн төвөөр, “google map” зураглалаар зэрэг мэдээлэл авч болох бүх л хэрэгслийг ашиглан өгдөг болсон. Жуулчдыг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас гаргаж, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг дотоодын аж ахуйн нэгжүүдээ ч дэмжсэн гээд дутагдаж байсан орон зайг бид бага, багаар нөхсөөр байгаа.
Мөн аялал, жуулчлалын компаниуд салбартаа олон жил ажилласан тул бидэнтэй хамтран ажилласнаар жуулчид юу хайж, эрэлхийлж, Улаанбаатарт ирдэг вэ гэдгийг хэлж ярьсан. Энэ дагуу нь бид ажиллаж байна.

-Жуулчдын тоонд хэр ахиц гарсан бэ?
-Хөтөлбөрийн эхний жилийн үр дүн нийслэлийн Аялал жуулчлалын газарт очсон байна. Үүнээс харвал, өнгөрсөн онуудад ирсэн жуулчдын тоо энэ жил 0.8 хувиар өссөн. Энэ нь ойролцоогоор 3000 гаруй жуулчнаар нэмэгдсэн гэсэн үг. Тэр дундаа  жуулчны визээр барилгын ажил хийхээр орж ирдэг БНХАУ-ын иргэдийн тоо багасч, жинхэнэ утгаараа жуулчлахаар ирж байгаа хятад иргэдийн тоо нэмэгдсэн байна.

-Ирэх онд эдийн засгийн байдлаас болж хөтөлбөрт зарцуулах ёстой мөнгө танагдаж, 3.6 тэрбум төгрөг болж байгаа гэж Улаанбаатар хотын төсвийн төсөлд бичигдсэн байна. Энэ хэмжээнд ямар үйл ажиллагаа хийгдэх вэ?
-Улсын хэмжээнд эдийн засгийн байдал хүндхэн байгаа. Тиймээс бид гадаадаас урьж авчрах гэж байсан одуудын тоглолтыг цуцалсан. 2015 онд баталсан дөрөв гаруй тэрбум төгрөгийн 3.2 тэрбумыг нь бодитоор зарцуулсан байгаа юм. Харин ирэх онд 3.6 тэрбумыг зарцуулна гэсэн төсөл хэлэлцэж байгаа. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, компаниудтай хамтраад хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд саадгүй байх. Эхний жил амжилттай хэрэгжсэн тул цаашид хөтөлбөрт хамрагдаж, маркетингийн хувьд хамтарч ажиллаад явах олон аж ахуйн нэгж байгаа байх гэсэн хүлээлт бий. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан