Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Г.Амартүвшин: 50 МВт-ын өргөтгөл ашиглалтанд орсноор “ДЦС-3” найдвартай ажиллагаагаа бүрэн хангасан

Н.УУГАНБАЯР

Чингис бондоос хамгийн үр дүнтэй хийгдсэн ажлууд гэвэл юун түрүүнд дулааны станцуудын өргөтгөлийг дурдах биз. Нийслэлчүүдийг өвөлдөө дулаан, зундаа халуун хүйтэн ус хийгээд тасралтгүй эрчим хүчээр хангаж байдаг цахилгаан станцуудын хэвийн үйл ажиллагаа доголдвол технологийн энэ эринд бид ямархан байдалд орох билээ. Тиймээс Засгийн газраас станцуудын хэвийн үйл ажиллагаанд анхаарал хандуулсанд талархууштай юм. Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийг цахилгаан дулаанаар хангадаг “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хувьд “Чингис” бондын санхүүжилтээр 50 МВт-ын өргөтгөл хийсэн билээ. Энэ тухай тус компанийн Техникийн бодлогын хэлтсийн дарга Г. Амартүвшинтэй ярилцлаа.

-50 мВт-ын өргөтгөл барьж ашиглалтанд оруулснаар цахилгаан эрчим хүчний түгээлт 147,2 сая квт-аар нэмэгдсэн, өртөг нь багассан гээд төсөл хэрэгжсэний дараах үр ашиг бол нэлээн тодорхой байгаа. Тэгвэл энэ төсөл хэрэгжээгүй бол  нийслэлийн хамгийн том хоёр дүүргийг цахилгаан дулаанаар хангадаг гуравдугаар станц маань ямар төвшинд ажиллах байсан юм бэ?
-Манай станцын өргөтгөлийн төсөл 2013-2014 онд хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл маш богино хугацаанд буюу 11 сарын дотор л хэрэгжсэн. Сүүлийн хоёр гурван жил станц маань алдагдалтай ажиллаж байсан нь үнэн. Хэрвээ 50 МВт-ын өргөтгөл ашиглалтанд ороогүй бол манай станцын тухайн жилийн алдагдал 2 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдэх тооцоо байлаа. Гэтэл 2015 оны эхний есөн сарын байдлаар бид 1,2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Чухам яагаад алдагдалгүй, ашигтай ажиллах болчихов гэж асуух байх л даа. 50 МВт-ын турбин шинээр суурилуулснаар нэгж тоноглолын хүчин чадал нэмэгдэж цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх жишмэл түлшний хувийн зарцуулалт  буурч, үйлдвэрлэж байгаа бүтээгдхүүнийхээ өөрийн өртгийг бууруулж чадсан. Эндээс төслийг ямар оновчтой сонгож хэрэгжүүлсэн бэ гэдэг нь харагдана. Хоёрдугаарт, энэ их бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан өргөтгөлийн төсөлд тусгагдаагүй байсан нэг зуухыг шинээр сэргээн засварлаж ашиглалтанд орууллаа. Станцын хамгийн гол зорилго бол найдвартай ажиллагаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал ч хамгийн гол нь найдвартай ажиллаж байж үүнийгээ түгээнэ, борлуулна. 50 МВт-ын өргөтгөл ашиглалтанд орохоос өмнөх жилүүдэд өвлийн их ачааллын үед бэлтгэл тоноглолгүйгээр манай бүх үндсэн тоноглол ажилладаг байлаа. Аль нэг нь доголдоход Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хэрэглэгчдийн хэрэглээ ч доголдох байдал үүсдэг гэсэн үг. Өнөөдөр энэ нь бүрэн арилсан. Бид бэлтгэл тоног төхөөрөмжтэйгөөр ажиллах боломжоо бүрдүүлсэн.
Манай станц хотын төвтэй их ойрхон учраас Хан-Уул, Зайсан, Баянзүрхийн дүүргийн хэрэглэгчдийг  дулааны эрчим хүчээр хангадаг. Энэ бүс нь сүүлийн жилүүдэд ачаалал хамгийн ихээр нэмэгдэж байгаа бүс. Дулааны цахилгаан станц нь эх үүсвэрээсээ төгсгөлийн хэрэглэгч хүртлээ эргэн тойронд 20-25 км радиуст хамгийн оновчтой, ашигтай горимоор ажилладаг гэж үздэг. Тэгэхээр манай станцын өргөтгөл ашиглалтанд ороогүй бол 95 орчим барилга төвийн дулаан хангамжинд холбогдох боломжгүй болох байж гэсэн үг.

-Жилд яг хэдэн төгрөгийн алдагдал үүрэхээр тооцож байв. Өргөтгөл ашиглалтанд орсноор одоогийн байдлаар хэдэн төгрөгийн хэмнэлт гаргаад байна вэ?
-50 МВт-ын өргөтгөл ашиглалтанд орсноор 714.0 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэчихээд байна. Манайх өмнө нь 3,0 орчим тэрбум алдагдалтай ажиллана гэсэн тооцоо хийсэн. Гэтэл алдагдлаа нөхөөд 1,2 тэрбумын ашигтай ажиллалаа. Ноднин 2 тэрбумын ашигтай ажилласан. Ер нь 2015 оны эхний есөн сарын байдлаар бараг 5 тэрбумын ашигтай ажилласан гэсэн үг. 

-Гуравдугаар цахилгаан станцын насжилт бол аль хэдийнэ дууссан. Тэр хэрээр тоног төхөөрөмж, технологи хуучирсан нь алдагдал хүлээх гол шалтгаан болдог. Тэгэхээр танай станцын хувьд технологийн шинэчлэлийг хэр хийж байна?
-Манай станц 1968 ашиглалтанд ороод 47 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь бүх тоноглол маань хуучирсан. Цаашдаа бид яах вэ гэдэг асуудалтай тулгарч байна. Үүнийг шийдэхийн тулд шат дараалсан технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. Манай станцын хувьд ойрын хугацааны болон хэтийн хөгжлийн төлвөө гурван үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн төсөл, хөтөлбөрүүдээ гаргасан. Үүний нэгдүгээр шат нь станцын өнөөгийн суурь дэд бүтцийг ашиглан хамгийн богино хугацаанд өртөг, зардал багатайгаар хэрэгжүүлсэн 50 МВт-ын өргөтгөл. Хоёрдугаар шат нь дунд даралтын станцын шинэчлэл, 3-р шат нь өндөр даралтын станцын шинэчлэл.
Цаашдаа Дунд даралтын станцаа буулгаж, суурин дээр нь дэд бүтцийг нь ашиглаад байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, орчин үеийн 250 МВт-ын шинэ станц барья гэсэн төсөл хийсэн. ТЭЗҮ-гээ боловсруулаад бэлэн болгочихсон. Засгийн газар, УИХ-ын байнгын хорооноос ч шийдвэр гарсан. Эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр төслөө хэлэлцүүлээд ТЭЗҮ-ээ батлуулсан. Санхүүжилт шийдэгдвэл төсөл хэрэгжүүлэхэд бэлэн. Нийтдээ 350-370 орчим сая ам.долларын өртөгтэй. Нэгэнт шинэчлэл хийгдэж байгаа учраас хамгийн сүүлийн үеийн технологи бүхий станц барина гэж төлөвлөж байна.

-Тэгэхээр танай хүчин чадал хэд хүртэл хувиар нэмэгдэнэ гэсэн үг вэ?
-Манайх Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувийг хангадаг. Хэрвээ шинэ станцтай болчихвол 50-60 хүртэл хувь болж нэмэгдэх боломжтой. ДЦС-4-ийн хэмжээнд очино гэсэн үг. Цахилгааны хувьд ч ялгаагүй. Манайх  20 хувийг өнөөдөр нийлүүлж байгаа бол үүнийгээ 40 хүртэл хувь болгох боломжтой.

-Төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг буурсан гэсэн байсан. 1,74 төгрөгөөр. Энэ талаар бага зэрэг тайлбарлаж өгөөч?
-Эрчим хүчний үйлдвэрлэлийн өөрийн өртгийн зардал нэлээн өндөр шүү дээ. Нэгэнт бид бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм чинь зардал гаргана. Тэр хэмжээгээр алдагдалгүй ажиллана. Үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа учраас ашигтай биш юмаа гэхэд алдагдалгүй байх ёстой. Тиймээс эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх саналыг төр засагт удаа дараа тавьж байгаа нь бодит үнэн. Гэхдээ зөвхөн үнээ нэмүүлнэ гээд гар хумхиж суусангүй. Дотоод нөөц бололцоогоо ашиглаад бүтээгдхүүнийхээ өөрийн өртгийг багасгая. Станц дотроо хэмнэлт гаргая гэдэг шугамаар нэлээн ажил зохион байгуулж байна. 50 МВт-ын өргөтгөл маань яг энэ зорилгын хүрээнд хийгдсэн. Нэгж хүчин чадал нь өндөр, бага зардлаар их бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сүүлийн үеийн технологи бүхий шинэ тоног төхөөрөмж суурилуулахад станцын эрчим хүч үйлдвэрлэх өөрийн өртөг буурч байгаа юм. Түүнээс гадна бид өөрийнхөө дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг аль болох багасгах бодлоготой ажиллаж байна. Нийт үйлдвэрлэж байгаа цахилгааныхаа 20-21 хувийг дотоод хэрэгцээндээ ашиглаж байсан бол шинэ өргөтгөлөө ашиглалтанд оруулснаар 16 хувь хүртэл бууруулж чадсан. 5-6 хувиар гэсэн үг.
Мөн тогтмол эргэлттэй байнгын өндөр ачаалалтай ажилладаг тоноглолуудад тухайн тоноглолынхоо ачаалалд тохируулаад хамгийн оновчтой горимоор хөдөлгүүрийн эргэлтийг тохируулах систем нэвтрүүлэн ажиллуулж байна. Тэгэхээр илүү зардал эрс буурч байгаа юм. Мөн утаа сорогч төхөөрөмжөө хувьсах эргэлттэй болгоод зуухных нь ачаалалд тохируулаад оновчтой горимоор хөдөлгүүрийн эргэлтийг тохируулах системээр ачааллаж эхэлсэн. Ингэснээр хуучин хэрэглэж байснаас нь 47 хувиар эрчим хүчний хэрэглээг нь багасгасан. Бид иймэрхүү ажлуудаа жил жилийнхээ бизнес төлөвлөгөөнд тусгаад шат дараалсан арга хэмжээ авч, хийж хэрэгжүүлж байна. Нэгэн зэрэг бүгдийг нь хийх боломж бололцоо бага байна. Дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчээ нар салхины эх үүсвэрээр хангах боломжийг ч бид судалсан. Нарны панель тавих боломжийг судалж үзэхэд анхны хөрөнгө оруулалт өндөр гарч байгаа юм. Гэхдээ яахав судалгааны ажлаа зогсоохгүй. Цаашдаа нарны панель хямдрах ч юм бил үү. Цахилгаан энергийг хуримтлуулдаг батерейг бас судалж байна.

-Гол нь ашигт үйлийн коэффициентыг нэмэгдүүлж байж, ашигтай ажиллагааны тухай ярих байх л даа. Ийм боломж бий юу?
-Нүүрсээр ажилладаг станцын ашигт үйлийн коэффициент 35-36 хувьтай л байдаг. Сүүлийн үед 42-45 хувьд хүрч байна. Технологи маш эрчимтэй шинэчлэгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн технологи гэхэд утааны яндангүй болсон. Утаан дахь бүх химийн хорт бодисыг ялгаж аваад үлдсэн усны уурыг нь хөргөх цамхагаар гаргаж байна.

-Алдаж байгаа дулаанаа ашиглах талаар?
-Энэ талаар судалж, хийж байгаа ажлууд  бий. Станцын нэг алдагдал бол дулааны энергиэ хөргөх цамхаг руугаа алдаад буйд бий. Агаарт ууршуулж алдаж байна гэсэн үг. Тэгэхээр дулааны насос тавиад дулааныг нөөцөлж, хэрэглэгчийн хэрэглээний халуун ус, дулаанд өгье гэж төлөвлөгөөндөө тусгасан. Судалгаагаа хийгээд төслөө бэлэн болгочихсон.

-Дэлхий нийт нүүрсээр галладаг цахилгаан станцаас татгалзаж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологи руу тэмүүлж байгаа үед монголчууд ч хөл нийлүүлэх нь дамжиггүй.Танай станцын хувьд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж, ямар технологиудыг шинээр нэвтрүүлж байна вэ?
-Хэрэгжүүлэхээр цаашдаа судалж байгаа зүйл ч их бий. Агаарын бохирдол, хүлэмжийн хийтэй холбоотойгоор дэлхий нийт нүүрсээр галладаг цахилгаан станцыг аль болох багасгах бодлого барьж байгаа учраас бид ч технологийн шинэчлэлээ эрчимтэй хийх шаардлагатай болж байгаа юм. Бидний зүгээс зарим судалгаагаа  ч хийж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр манай БОНХАЖЯ,  Японы Байгаль орчны яамтай байгуулсан санамж бичиг бий. Энэ шугамаар Японы Байгаль орчны яамнаас хөгжиж байгаа болон хөгжил буурай орнуудад хэд хэдэн төсөл хэрэгжүүлдэг. Агаарт хаяж байгаа CO2-ыг нь бууруулсныхаа хэмжээгээр сангаас хөрөнгө оруулалт авдаг. Үүнтэй холбоотойгоор станцыг хамгийн үр ашигтай ажиллуулахад юу юу хэрэгтэй вэ гэдэг талаар судалгаа хийж, үүндээ түшиглэн төсөл хэрэгжүүлэх болсон. Судалгааны ажил бүрэн дууссан. Энэ төслийг хэрэгжүүлснээр станцын үр ашиг 13 хувиар дээшилнэ. Агаарт хаяж байгаа үнс болоод СО2, химийн бусад элемент 13 хувиар буураад зогсохгүй, станцын хэрэглэж байгаа нүүрс, усны хэрэглээ ч ийм хувиар буурна. Үндсэн тоноглолуудаа  өөрчлөхгүйгээр, хяналт удирдлагыг нь өөрчилж автоматжуулах юм.
Мөн өндөр даралтын зуух турбинуудаа шинэчлэе гэж төлөвлөж байна. Одоо ажиллаж байгаа зуухны хувьд тоосон нүүрсний шаталтын технологитой. Үнэндээ анхны тохируулгыг нь нүүрсний илчлэг чанарт нь тохируулж хийдэг. Манай зуухнууд нь Шарын голын уурхайн чулуун нүүрсээр ажиллахаар тооцоологдож анхны тохируулга хийсэн байдаг ч 1989 оноос хойш Багануурын уурхайн хүрэн нүүрс ашиглах болсноор зуух төслийнхөө бүрэн хүчин чадалд хүрч ачааллаа авч чадахаа больсон. Тиймээс үүнийг шийдэхийн тулд сүүлийн үеийн буцламтгай үет шаталтын технологи ашиглах шаардлага гараад байгаа юм. Энэ технологи нь чийглэг ихтэй, илчлэг багатай чанар муутай нүүрсийг бүрэн шатаах боломжтой, экологийн сөрөг нөлөөлөл ч багатай сүүлийн үеийнх юм. Бид дунд даралтын станцынхаа 2 зуухыг энэ технологид шилжүүлчихсэн. Ингэснээр эдгээр зуух төслийнхөө хэмжээнд хүртэл бүрэн ачааллаар ажиллаж байгаа ба энэ технологийг нэвтрүүлснээр зуухны ашиглалт, засварын зардал ч багасч байгаа юм. Тиймээс өндөр даралтын зуухнуудаа энэ технологид шилжүүлье гээд зураг төслийг нь хийгээд бэлэн болгоод байна.

-Гэхдээ энэ бүхнийг хийхийн тулд санхүү гэж нэг айхтар зүйл дээрээ л очоод гацчихна. Дотоодын нөөц боломжоо хэрхэн ашиглаж байна вэ?
-Ерөнхийдөө өөрсдөөсөө шалтгаалах боломжит төслүүдээ чадлаараа хэрэгжүүлээд явж байна. БНЧУлсын Хөгжлийн агентлагтай хамтраад түлш дамжуулах цехийн үйл ажиллагааг  “Компьютерийн хяналт удирдлагын автоматжуулалтанд шилжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр түлш дамжуулах цехийн тоноглолын найдвартай ажиллагаа дээшилж, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулсан ДХЦЭХ-ийг бодитоор тооцон тоноглолыг хэмнэлттэй горимоор ажиллуулах боломж бүрдэх юм. Хими цехэд ус бэлтгэлийн эсрэг осмосын технологийг нэвтрүүлэн шинэчлэх төслийн ажлыг 2014-2015 онд хэрэгжүүлэн ашиглалтанд оруулснаар станцын үйлдвэрлэлийн технологид хэрэглэж байгаа усны чанар сайжирч, нэмэлт бодис хүчил, шүлт хэрэглэхгүй болсон ба зуухнуудын үлээлгийн алдагдлыг бууруулах, халах гадаргуун насжилтыг уртасгах боломжийг бий болгож байгаа юм.
Үндсэн тоноглолуудын хувьд үнэхээр хэцүү байгаа. Гэхдээ гарц хайж л байна. Байнга л судлаад хэсэгчлэх үү, их засварын үеэр юуг нь яаж хийх вэ гээд л тооцоолж ажиллаж байна.
Энэ дашрамд хэлэхэд дээр дурьдагдсан хамгийн бага зардлаар, богино хугацаанд хэрэгжүүлж болох дараагийн төлөвлөж буй нэг ажил маань 2013-2014 онд хэрэгжүүлсэн 50 МВт-ын өргөтгөлийн төсөл, ТЭЗҮ-г ашиглан ашиглалтын хугацаа нь дуусч буй 25 МВт-ын хүчин чадалтай 5 дугаар турбины суурин дээр 50 МВт-ын хүчин чадалтай турбин суурилуулах хөрөнгийн асуудлыг нэн даруй шийдүүлэх хэрэгтэй байгаа юм.   

-Энэ бол Чингис бондын хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл. Тэгэхээр танайх үүнд санхүүгийн ямар хариуцлага хүлээж байгаа вэ?
-Засгийн газрын тогтоолоор Чингис бондын хөрөнгөөр Хөгжлийн банкны санхүүжилтээр Засгийн газрын зээлээр хэрэгжүүлсэн төсөл. Тэгэхээр улсын төсвийн хөрөнгөөр гэсэн үг. Эргэн төлөлтийг нь 2014, 2015 онд хувааж улсын төсөвт суулгаж төлнө гэсэн тогтоолынхоо дагуу л ажил явж байгаа.

-Манай станцуудын хувьд дандаа оросын хуучны технологитой учраас гар ажиллагаа маш ихтэй. Тэр хэрээр эрсдэл ч дагуулдаг. Тиймээс та бүхэн автомат удирдлагад шилжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Манай станцын хувьд 1950-аад оны технологиор баригдсан. Оросын технологиор шүү дээ. Яг тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн. Манай станц 13 зуух, 9 турбинтай. Тиймээс бидний зүгээс өөрсдийнхөө чадлаар үндсэн тоноглолын удирдлагыг компьютержүүлж, автомат удирдлагад шилжүүлэх ажил хийж байна. Манай инженерүүд турбин зуухны хяналтыг комьютерийн хяналтанд оруулах ажлыг программаа өөрсдөө зохиогоод ашиглалтанд оруулсан. Амжилттай хэрэгжээд явж байна. Сүүлийн 10-аад жил хяналтаа автоматжуулах ажлаа хийж байгаа. Эхлээд тоноглолуудаа хяналтанд, дараа нь удирдлагад, эцэст нь нэгдсэн удирдлагатай болгохоор ажиллаж байна. Эхний ажил маань амжилттай хэрэгжээд дууссан.

-Танай станцын танилцуулгаас 2021 онд дэлхийн жишигт хүрсэн компани болох зорилго тавьсан гэдгийг олж харсан. Тодорхой он тавьсан байгаа учраас нэлээн тооцоолол хийж байж ийм зорилго тавьжээ дээ?
-Тэгэлгүй яахав, нэлээн тооцож үзэж байж тавьсан зорилт. Зорилтондоо хүрэхийн тулд төлөвлөж ажиллаж байна. Бүх бололцоогоороо ажиллаж, шинэчлэе гэсэн итгэлээр зүтгэж байгаа.

-Манай дулааны станцууд маань гол түүхий эд болсон нүүрсний үнэтэй холбоотойгоор их хэмжээний өрийн сүлжээнд ордог. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ төрийн зохицуулалттай үнээр нийлүүлдэг учраас алдагдал хүлээсээр байна ч гэж хэлдэг. Эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай зардлын дийлэнх хувийг нүүрс эзэлдэг. Тиймээс нүүрсний үнийн хувьд бас л асуудал үүсдэг. Хэрвээ үнэ нь өсвөл бид гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг ч нэмэхээс аргагүй байдалд хүрдэг. Тэгэхээр миний хувийн бодлоор эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой гэж боддог. Ямар үе шаттай хэрхэн чөлөөлөх вэ гэдэг бодлогоо маш зөв тодорхойлж явуулах хэрэгтэй байх. Огцом биш аажмаар хэрэгжүүлэх ёстой. Иргэдэд дарамт учрах ёсгүй. Эрчим хүчний байгууллагыг зах зээлийн зарчмаар нь ажиллуулбал хэрэглэгчид маань замбараагүй хэрэглээгээ хязгаарлана. Бэлтгэл ажлаа их сайн хангах хэрэгтэй. Ядаж л айл бүр дулаанаа тохируулдаг  болох ёстой байх. Наад зах нь саяхан айл бүрт усны тоолуур тавьснаар хэрэглээгээ хянаж сураад байна.  Аливаа ажилд сайн муу хоёр тал бий. Мэдээж зохицуулалт хийх шаардлагатай нийгмийн бүлэг бий. Тэдэнд төрөөс ямар бодлого баримтлах вэ гэдгээ тодорхойлох ёстой байх. Манай эрчим хүчний үнэ бол дэлхийн жишгээр тооцвол хямдхан шүү.

0 Сэтгэгдэл
delhiin jishgeer tsahilgaani une hed bdgin boldoo.er ni manai urd hoid horshid hed bdgiin bol.so-d lav gaiguil bdgiimdaa.
Хамгийн их уншсан