Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Ж.Түмэн-Аюуш: Барууны компаниудад ажлын чанар чансаа, боловсон хүчний чадвараар үнэлэгдэх ёстой

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуштай ярилцлаа. Бид дулааны шугам хоолойн засвар шинэчлэлийн асуудлыг хөндөж энэ удаа ярьсан юм.

-Танайхыг Дулааны шугам хоолойг засварлах, шинээр суурилуулах зэрэг ажлыг гардан гүйцэтгэдэг компани гэсэн анхны ойлголттой байлаа. Гэтэл дулаанаас илүүтэйгээр Эрчим хүчний салбарт томоохон үүрэг гүйцэтгэсэн компани юм байна?
-“Хасу-Мегаватт” компанийг анх Монгол-Оросын хувийн хэвшлийнхэн хамтран байгуулсан тухай би өмнө нь дурдсан.  Манай компанийн нийт ажиллагсад нь Монголын Эрчим Хүчний Салбарт барууны гэгдэх олон төслийг хэрэгжүүлсэн.  1994-1997 онд Италийн “АВВ” компанийн төсөлд гуравдугаар цахилгаан станцын зуухыг шинэчлэхэд Монгол-Оросын “Меговатт” ХХК-ийн нэрээр ажиллаж байсан хамт олон юм. Энэ үеэс барууны тоног төхөөрөмж ашиглах, тэр стандартуудыг Монголд нутагшуулах ажил маань эхэлсэн. Тухайн үед Америк стандартаар ажлаа хийж байсан. Одоо ч энэ стандартаар ажиллаж байна. Удахгүй ISO руу орох гээд бэлтгэл ажлаа хангасан. Энэ үеэс л Монголын Эрчим хүчний салбарт засвар-шинэчлэлийн орчин үеийн стандарт, норм дүрэм, тоног төхөөрөмж, технологийг оруулж ирсэн гэж боддог. 2004-2006 онд хийгдсэн  Дөрөвдүгээр Цахилгаан Станцын Японы хөнгөлөлттэй зээлийн хоёр дахь төсөл дээр Олон Улсын стандарт барьж, дэлхийтэй хөл зэрэгцсэн олон аргачлалыг барьж ажилласан юм. Өнгөрсөн жил Эрчим хүчний салбарт хийгдсэн нэг томоохон ажил нь Дөрөвдүгээр Цахилгаан Станцад 123 МВт-ын турбиныг шинээр суурилуулсан явдал. Энэ төслийн гүйцэтгэгчээр манай компани ажилласан юм. Хүмүүс хэлдэг дээ. Ямарваа ажлын суурийг  зөв тавибал ажил хурдан, зөв сайхан бүтдэг гэж. Энэ бол Төслийн хамгийн хүнд ажил. Өргөтгөлийн суурь нь 16 гаруй метр өндөр багануудтай, маш их арматур орсон, алдах эрх байхгүй нарийн цутгууртай ажил байсан. Төслийн ажлын графикийн биелэлт, чанар нь суурийн ажилтай шууд холбоотой. Хэрвээ  суурийн ажлыг буруу хийвэл нарийн ажиллагаатай асар үнэтэй машин эвдрэхэд хүрнэ. Тэгэхээр чанарын тал дээр манайх хангалттай сайн хийсэн гэж хяналт тавьсан байгууллагуудаас үзсэн. Хоёрдугаарт, суурийн ажлыг маш богино хугацаанд хийснээр турбинаа найдвартай, графикт хугацаанд нь ажиллагаанд  оруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж тооцож байгаа. Удаа дараа салбарын сайд, төслийн нэгжээс сайшаасан үг сонссон болохоор Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг арилгахад манайх хамгийн түрүүнд их хүчин чармайлттай ажилласан компанийн нэг юм. Өндөр хүчин чадалтай Турбины суурийн ажлыг Монголдоо анх удаа хийж хүлээлгэж өгснөөрөө бид бахархаж байгаа.

-1200мм-ийн диаметртэй шугамыг Монголд анх суурилуулсан компани хэмээн танайхыг онцолж байна. Хүндрэл бэрхшээл байв уу?
-Сүүлийн үед үйлдвэр гэхээсээ илүү орон сууцны барилгууд хэлэхийн аргагүй хурдтай баригдлаа. Хүмүүс яагаад машин тавих зай ч гаргахгүй барилга бариад байна вэ гэхээр өвөл гэгч айхтар хүйтэн улирал Монголд ирдэг учраас л Дулааны шугамаа дагаж, дулдуйдаж бөөгнөрч байна. Гэхдээ арай л замбараагүй эмх цэгцгүй болчихлоо. Бодлогогүй. Заримдаа ч бүүр санаа зовмоор.  Дулаан дамжуулахад ч байгаа шугамынх нь нэвтрүүлэх чадал дутагдаж байгаа юм. Үүнийг нөхөхийн тулд нэгдүгээрт ДЦС-аас авч байгаа хамгийн анхдагч шугамын чадлыг нэмэх хэрэгтэй болсон. Тиймээс манайх 2,5 км 1200мм-ийн диаметртэй шугамын угсралтыг Монголд анх удаа хийлээ. Өмнө нь 1000мм-ийн дулааны шугам хийсэн туршлага монголчуудад бий. Манай компани нь ЭХЯ, БХБЯ, ЭЗХЯ, Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн банк, Эрчим хүчний хөгжлийн төв, “ДЦС-4” ТӨХК, “УБДС” ХК, техникийн зөвлөх компани, төслийн нэгжийн инженер техникийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааны үр дүнд 1200мм-гийн шугамаа маш амжилттай тавиад чанарын өндөр үзүүлэлттэй хүлээлгэж өгсөн. Одоо дулаанаа дамжуулаад хэвийн ажиллаж байна. Энэхүү ажлыг монгол инженерүүд баг болон ажиллаж гүйцэтгэснээрээ түүхэн чухал ач холбогдолтой болсон бөгөөд монголчууд бид хамтран ажиллавал дэлхийн хөгжилд хүрэхэд ойрхон байгааг харуулсан ажил болсон. Энэ дашрамд дээрх байгууллагуудын ажилтнуудад ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөж байгааг минь дамжуулж өгнө үү. Улаанбаатар хот дэндүү их тэлж байгаа учраас зүүн талд Дулааны Эрчим хүч дулааны бас нэг эх үүсвэр байх шаардлагатай болсон.  Тиймээс Амгалан Дулааны станцыг шинээр барьж байгууллаа. Энэ төсөл дээр манай компани ажиллаж, диаметр нь 700 мм бүхий 4,7 км хос Дулааны шугамыг амжилттай тавьж дуусгаад, 700 метр урт шугамаа ашиглалтанд өгч, дулааны ачаалалд оруулчихлаа.

-Заримдаа дулааны шугамыг жил бүр сольдог юм байна гэж бодоход хүрдэг шүү. Дөнгөж зассан замаа бараг маргааш нь ухаад баахан хоолой гаргаад хаячихсан л харагддаг. Анхнаас нь чанартай зүйл хийж чадаагүйгээс ийм байдалд хүрдэг юм уу гэх эсрэг бодол ч төрдөг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Улаанбаатарын дэд бүтэц анхнаасаа төлөвлөлт хангалтгүй хийгдсэн л дээ. Үнэхээр өнөөдрийн хувьд хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол нэг ажлыг хоёр гурав дахин хийдэг байдал. Энэ нь маш их үргүй зардал гаргадаг. Төлөвлөлт байхгүй, замбараагаа алдсан хотын Цахилгаан, Дулааны болоод Бохир усны шугам нь автозамын доогуур орох, заримдаа бүүр дээр нь байшин барих ч тохиолдол гардаг. 40-50 жил болсон шугам Дулааны даралтаа даахгүй задрах эрсдэлтэй учраас солихоос өөр аргагүй. Уг нь байнгын техникийн тордлого, урсгал  засвар хийж байх ёстой. Гэтэл бүх юмныхаа хугацааг тулгачихдаг. Дөнгөж зассан замынхаа доогуурх шугамыг солих шаардлагатай гээд ухаад эхэлдэг. Хамгийн их зардлаа энд л гараад байна шүү, эргээд нэг хараач ээ гэж холбогдох хүмүүст нь анхааруулж, байнга л сануулдаг. Анхнаас нь техникийн бодлогыг маш сайн боловсруулж, зураг төлөвлөгөөг уялдуулах хэрэгтэй. Өвлийн улирал гэдэг нь манайх шиг тооцоо, бодлого муутай газарт үргүй зардлын эх үүсвэр болчихоод байх юм. Цаашлах тусмаа улам замбараагүй болох учраас салаа шугамын ажлаа тогтмол, маш хариуцлагатай, төлөвлөгөөтэй хийж байх хэрэгтэй. Заримдаа ч бүүр сольсон шугамаа ахиад солиод байх шиг санагдах үе чиний хэлснээр гардаг шүү. Мөн Улаанбаатар хотын хүн амын төвлөрсөн хэсэгт инженерийн дэд бүтцийн ажил хийхэд хамгийн их хүндрэл учруулж байгаа зүйл бол газар олголт, зөвшөөрөлгүй айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд шугамын трасст байршсан, эзэмшсэн болон өмчилсөн газар чөлөөлөлт байна. Иргэдийн өмчид халдаж байна гэдэг шалтгаанаар хугацаа алдах, нөхөн олговорт маш өндөр үнэ нэхэх зэрэг асуудлууд байсаар байна. Амгалан дулааны станцын гадна дулааны шугам гэхэд жил гаруй хугацаанд зөвхөн газар чөлөөлөлтөөс шалтгаалж ажил удаашрах, тээврийн зардал нэмэгдэх хугацаа алдах хүндрэлүүд алхам тутамдаа тулгарч байлаа.

-Дулааны шугамууд дээр маш их хүндрэл гардаг нэг асуудал бол хуучин байрны  дулааны шугам хоолойнууд. Олон жилийн ашиглалтаас болоод битүүрчихдэг. Тэгэхээр үүнийг шинэчлэх, хоолойнуудыг зэвэрдэггүй байхаар шийдсэн ямар технологи байна вэ?
-Өндөр хөгжсөн орнуудын туршлагаас харахад өөрсдийнх нь олон жил зөв ашигласан ядаж бохирдолгүй шугам хоолойнд зориулагдсан технологиуд байдаг. Гэтэл манай дулааны шугам хоолой ус урсах зайгүй шахам болчихсон байдаг. Усан дотор агуулагддаг бодисууд гэдэг тийм хортой. Манай дулааны хоолойд өндөр хөгжилтэй орны технологи ашиглах хэцүү. Тэгэхээр халаалтанд нэн түрүүнд технологийн цэвэрлэгдсэн усыг ашиглаж шугам хоолойн насжилтыг уртасгах шаардлагатай.

-Нүүрс шатааж эрчим хүч гаргадаг технологиос дэлхий нийт үндсэндээ татгалзаж эхэллээ. Бас зардал ч өндөр. Ер нь, сэргээгдэх эрчим хүчний талаар та ямар бодолтой байдаг вэ. Манайд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж хэр байдаг гэж  Монгол Улсын зөвлөх инженерийн хувьд дүгнэж байна вэ?
-Хоёрдогч эрчим хүчний хувьд Монгол нь дэлхий дээрх хамгийн их нөөцтэй улс гэж дэлхий зарлачихсан байдаг. Салхиар, нараар гэсэн үг шүү дээ. Био гэдэг нь харин юу л бол. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахад анхаарах хэрэгтэй. Би бол салхинаас айдаг хүн. Жилээс жилд Монголын салхи ширүүн болж байгаа учраас барагтайхан техник тавьж болохгүй шүү гэдгийг хэлэх ёстой хүмүүст нь хэлж анхааруулдаг. Үүнийг маш нарийн тооцох хэрэгтэй. Нарны хувьд Монгол улс хамгийн олон хоног нартай байдаг орны нэг. Энэ давуу талаа маш зөв ашиглах ёстой гэж боддог. Нараар ганцхан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ гэж ойлгож болохгүй. Нараар усаа халааж, дулаан үйлдвэрлэмээр байна. Германд аль хэдийнэ энэ технологийг ашиглаж эхэлсэн учраас 2009 оноос хойш би судалж байгаа хүн. 2012 онд Германы шилдэг технологиор ч шалгарсан. Тиймээс өөрийн төрсөн нутаг Хэнтий аймагт Эрчим хүчний эх үүсвэр барихаар төлөвлөөд хөрөнгө оруулалтаас ч айлгүй 13 газарт нарны халаалт тавья гэж төсөл бичиж үзлээ. Нарны батерей тавих төсөл гэсэн үг. Нүүрсний том чадалтай зуухнуудыг өвлийн саруудад ажиллуулах нь дамжиггүй ч яг үнэндээ зөвхөн халуун ус өгөхийн тулд тэр том зуух, сүлжээг өвөл зунгүй зогсолтгүй ажиллуулна гэдэг мөн ч их зардал гаргахад хүргэдэг юм. Үүнийг нарны эрчим хүчээр шийдье гэж төсөл бичиж, холбогдох газарт нь оруулсан.  Төр хувийн хэвшлийн түншлэл Гэрээ ч байгууллаа. Үнэндээ төр үүргээ биелүүлээд Дулаан дамжуулах шугам сүлжээгээ барьсан бол би энэ ажлаа хийчих байлаа. Харамсалтай нь, төр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас би ч төслөө зогсоохоос аргагүй байдалд хүрсэн. 500 гаруй сая төгрөг манай компани энэ төсөлд зарцуулчихаад байсан юм. Зөвхөн халуун усыг нарны энергиэр шийдэж байгаа учраас маш боломжтой төсөл гэж би хувьдаа үзсэн. Өглөө оройгүй өдөр шөнөгүй нарны энергиэр халсан ус ашиглана. Шөнө бас уу гээд гайхаж магадгүй л дээ.

-Энергиэ хуримтлуулж, нөөцөлнө гэсэн үг биз дээ?
-Герман технологийн нууц нь тэр. Нэг ч градус алдахгүй нөөцөлнө. Жаахан дутвал цахилгаан болон бусад аргаар шийдчихнэ. Анхны өртөг өндөр л дөө. Өнөөдөр Германд хауснуудын эрчим хүч, дулааныг ийм батерей, дулаан нөөцлөлийн бакаар шийдэж байгаа.

-Та бол барууны технологи нутагшуулахын төлөөнөө ихээхэн зүтгэдэг компанийн төлөөлөл. Гэхдээ барууны технологи бол өндөр өртөгтэй. Та энэ талаар ямар бодолтой байна?
-Манайх үнэндээ яг номоор нь  яваад технологи оруулж ирнэ гэвэл бүтэшгүй. Би бол 2009 оноос хойш Герман Монголын хооронд гүүр гартал нь явсан даа. Заримдаа  технологийг нь эелдгээр булаана. Дэлхийд танигдсан компаниудын тэрбумтан эздийг урина, зөвлөгөө авна. Гэхдээ би Германаас хөрөнгө оруулалтын нэг ч мөнгө аваагүй. Өөртөө найдаж л ажилладаг. Харамсалтай нь, арилжааны банкууд маань сүүлийн жилүүдэд “мангас” болчихлоо. Зээлийн хүү үнэхээр өндөр байна. 2011 онд манай Арилжааны банкууд  зээлийн гайхалтай таатай нөхцөл санал болгож байсан юм. Би ч маргааш “үхэх” гэж байгаа хүн шиг хамт олныхоо хүчээр энэ олон үйлдвэр, сургуулиа бүтээн байгуулж босгосон. 

-Та зүтгэсэн ажил бүрээ амжилтанд хүргэдэг хүн юм?
-Би өөрөө мэргэжлээрээ ажиллаж байгаа, барууны ямар ч инженерээс мэдлэгээр дутахгүй гэдгээ бардам хэлдэг учраас ажил маань цуцалтгүй урагшилдаг. Ерөөсөө миний амжилт бол энэ. Хүн хийсэн сайхан юм бүхэндээ урамшиж ахиж байдаг учраас жаахан мөнгө олдвол л техник технологи, ажилтнуудаа сургаж боловсруулахад зарцуулж дараагийн ажил руугаа тэмүүлдэг дон тусчихдаг юм билээ.

-Гадаадын тэр тусмаа барууны компанид тоогдоно гэдэг манай үндэсний компаниудын хувьд том амжилт. Барууныхан манай компаниудтай шууд гэрээ хийх боломж хэр байдаг гэж та боддог вэ. Учир нь танайх гадны маш олон төсөл дээр амжилттай ажиллаж байгаа болохоор бусдад туршлагаасаа хуваалцах ёстой байх?
-Айвенхоу, Рио Тинто гэх зэрэг томоохон удирдлагын компаниудад танигдах хэцүү л дээ. Тэгэхээр эхлээд яг өөр шигээ ажил гүйцэтгэдэг гадаадын компаниудтай хамтран ажиллавал илүү үр дүнтэй. Тиймээс миний сонгосон арга бол дэлхийд нэр хүндтэй энэ томоохон компаниудын гүйцэтгэгчээр ажилладаг, манай компанитай ажил төстэй ажил хийдэгт нь эхлээд тоогдох ёстой гэж үзээд “Рэд Пад”-тай хамтарч ажилласан. Тус компанийн шалгарсан дэд бүтцийн томоохон ажлууд дээр манайх туслан гүйцэтгэгчээр ажилласнаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн.  Эхлээд “Рэд Пад”-аар дамжуулж Айвенхоугийн мөнгийг авдаг байсан  бол дараа нь “Айвенхоу” манай ажилд чанарын өндөр дүн тавьж, гэрээгээ шууд бидэнтэй хийгээд ажиллаж эхэлсэн. Тэгэхээр барууны компаниудад ажлынхаа чанар чансаа, боловсон хүчнийхээ чадвараараа танигдах ёстой. Монгол компаниудын маань хувьд Монголынхоо нутаг дэвсгэр дээр, хууль дүрмийнх нь дагуу Монгол хүнээрээ ажил хийлгэж байна гэдэг юутай ч зүйрлэшгүй давуу тал. Ийм давуу тал байхад ашиглаж чадахгүй гадны хүмүүст дээрэлхүүлж байвал үнэхээр хохь нь болно. Гадны хүн бол гадны л хүн гэдгийг бодох хэрэгтэй байх.

-Улсын хөгжлийн гол гарам нь дэд бүтэц гэдэг. Өөрөөр хэлбэл газар доогуурх хотыг хэр сайн цогцлоож чадна тэр хэрээр хөгжил тодорхойлогддог ч гэдэг?
-Дэд бүтэц гэснээс бохирыг манайхан их орхигдуулж байгаа харагдах юм. Бохирын асуудлыг нэн тэргүүнд маш сайн шийдэх хэрэгтэй. Манай төмөр хийцийн үйлдвэр жишээ нь, бохироо дотооддоо шийдсэн байдаг юм. Хашаандаа цэвэрлэх жижиг байгууламж барьснаар экологид ямар ч халгүй байдлаар бохироо шийдэж чадсан. Нийслэлийн олон байгууллагаас жишээ болгон ирж үзсэн. Манай цэвэрлэх байгууламж бохироо зургаан сард нэг удаа прейслэдэг. Өөрөөр хэлбэл бохироо ууталж болдог. Баруунд бол бордоо болгож ашигладаг ч манайд одоохондоо ийм боломж алга. Орон сууцны хорооллууд ч уг нь иймэрхүү байдлаар цэвэрлэх байгууламжийн асуудлыг дор дор нь шийдээд явах боломж бий.

-Нууц биш бол ямар үнэтэй тавьсан бэ. Цэвэрлэх байгууламжийн асуудал хурцаар яригдаж байгаа одоо цагт хэрэгтэй туршлага байна. Гэхдээ хувийн хэвшлийнхэн тэр бүр үнэтэй технологийг дангаараа суурилуулж чадахгүй л дээ?
-100 гаруй мянган еврогоор тавьсан. Гэхдээ манайхан сүүлийн үед барууны чанартай технологийг аль болох нутагшуулахыг хичээдэг болж. Алийн болгон санхүү хэцүү гэж суух вэ. Хийх ёстой зүйлээ дор дор нь хийгээд явах хэрэгтэй. Германы үнэтэй тоноглол тавилаа гэж шүүмжилсэн хүмүүс дуулдаж л байдаг. Би бол эдэлгээний хувьд урт настай, чанартай  зүйл хийх ёстой гэж боддог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан