Эдийн засгийн таагүй байдал үргэлжилсээр. Иргэд аяганы хийц, халаасан дахь мөнгөөрөө өдөр бүр эдийн засгийн хүндэрлийг мэдэрч буй. Дэлхийн банк манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.3 хувьтай гарах төсөөлөл хийсэн. Азийн хөгжлийн банк оны эхээр манай эдийн засгийг 5.8 хувьтай гарна хэмээж байв. Үүнээс уг төсөөллөө хоёр удаа шинэчилж, эцэст нь 2.3 хувийн өсөлт гарна гэсэн билээ. Тэгэхдээ ган гачигийн улмаас ургац алдсан тул эдийн засгийн өсөлт саарахыг онцолсон. Харин манай эдийн засагчид, судлаачид гурван хувийн өсөлттэй гарна гэж буй.
Тэгвэл ирэх онд эдийн засаг сэргэнэ хэмээн судлаачид хэлэх болсон. Учир нь Оюу толгойн гүний уурхайн 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ баталгаажсан нь манай дотоодын бизнес идэвхжих, ажлын байр нэмэгдэх дохио өгч хүлээлт үүсгээд байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас ирэх оны хоёрдугаар улирлаас Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэх тул манай эдийн засгийн өсөлт сэргэж гурван хувьд хүрнэ гэсэн төсөөлөл хийв. Тэгээд Оюу толгойн ил уурхайгаас олборлох зэсийн хүдэр, алт, баяжмалын үйлдвэрлэл өсч буй нь Хятадын эдийн засгийн өсөлтийн удааширлын Монгол Улсад үзүүлэх сөрөг нөлөөг зөөллөж байгаа. Иймд үйлдвэрлэлийн салбарын өсөлт өндөр хэвээр хадгалагдах шалтгаан болсон хэмээн тодотгожээ. Энэ оны эхний гурван улиралд манай улсын нийт экспорт 1.1 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 163 сая ам.доллараар өссөн дүн юм. Эрдэнэт, Оюу толгойн зэсийн баяжмал нийт экспортын 46.7 хувийг эзлэж буй. Харин экспортод гарч буй нийт зэсийн баяжмалын 68.5 хувийг Оюу толгой нийлүүлсэн дүн бий. Эндээс үзэхэд ирэх онд зэсийн баяжмалын экспорт, Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт яах аргагүй манай эдийн засгийн гол тодорхойлогчийн нэг болох нь. Иймд ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт сэргэж, эдийн засгийн өсөлт 4-5 хувьд хүрэх боломж бий хэмээн судлаачид үзлээ.
Монголбанк макро эдийн засгийн зохистой бодлогыг мөнгөний бодлогын арга хэрэгсэлтэй нягт уялдуулах замаар эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэртэй орчинг бүрдүүлэх нь туйлын чухал гэж байгаа. Өөрөөр хэлбэл улсын төсвийг танаж алдагдалгүй баталж чадсан тохиолдолд бодлогын хүүгээ сулруулж, хувийн хэвшлийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан дэмжих боломжтой гэж буй. Ингэснээр зээл олголт сэргэж эдийн засагт эргэлдэх мөнгө нэмэгдэнэ.
Гэвч улсын төсвийн алдагдал ДНБ-ий 3.4 хувийн алдагдалтай батлагдсан нь төв банк мөнгөний бодлогоо сулруулах боломж олгохгүй болсон билээ. Энэ онд улсын төсөв нэг их наяд орчим төгрөгийн алдагдалтай гарч байна. Уг алдагдал ирэх онд өндөр хэвээр 500 орчим тэрбум төгрөг байх төсөөлөл бий.
Дэлхийн банкны эдийн засагчид ирэх онд Монгол Улс гадаад хүчин зүйлээс шалтгаалах эрсдэлийг бууруулах ёстой. Үүний тулд төсвийн алдагдлаа бууруулж нэгдмэл байдлыг хангах, мөнгөний бодлогыг оновчтой хэрэгжүүлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтаа сэргээхэд анхаарах зөвлөгөө өгч буй юм.
Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тайхун Ли “Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд гурван хувьтай гарна гэж төсөөлж байлаа. Гэтэл 2.3 болж буурсан нь цаг агаарын тааламжгүй нөхцлөөс үүдэн ургац алдах, гуравдугаар улирлын эцэст аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хүлээгдэж байснаас муу гүйцэтгэлтэй гарсан зэргээс шалтгааллаа. Иймд ирэх онд эдийн засгийн өсөлт нэмж саарч магадгүй. Түүхий эдийн зах зээлийн идэвхжлээс шалтгаалан уул, уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016-2017 онд удаашрах төлөв бий. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт сэргэх тул уул уурхайн томоохон төслүүдэд бараа үйлчилгээ нийлүүлдэг бусад салбарын идэвхжлийг дэмжихээр байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Эдийн засагчид ирэх онд манай улсад ямар эрсдэл байгааг дараахь байдлаар тодорхойлж буй юм. Дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт үргэлжлэн буурна. Манай экспортын ашигт малтмалын гол худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт саарсан хэвээр байх төсөөлөл бий. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл суларсан, орон нутгийн удирдлагуудыг дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд хязгаарлалт хийсэн зэрэг нь түүхий эдийн эрэлт буурахад нөлөөлж буй юм. Тухайлбал, тус улсын гангийн эрэлтэд томоохон өөрчлөлт гарвал төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэд шууд нөлөөлдөг байна. Иймд Хятадын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө гарвал түүхий эдийн үнэ өснө гэсэн үг. Энэ нь манайд нөлөөлж эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрах, сөрөг төсөөлөл нь өөрчлөгдөх юм. Гэвч олон судлаач түүхий эдийн үнэ өсөхгүй, зах зээл сэргэхгүй гэх төсөөлөл хийж буй.
Нөгөө талаар манай экспортын ашигт малтмалын үнэ огцом буурах нь төгрөгийн ханшийг сулруулна. Мөн гадаад худалдааны түнш орнуудад мөнгөний тэлэх бодлого явуулж байгаа нь ханшийн өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлэх аж. Үүнээс гадна инфляцын дарамт үүсэх эрсдэл бий. Энэ өвөл хатуухан эхэлж, мал аж ахуйн салбар хүндрэх шинжтэй байна. Иймд ирэх хавар махны нийлүүлэлт тасалдах, үнэ өсч магадгүй юм. Мөн макро эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэрийг хангах бодлогыг дорвитой хэрэгжүүлэх ёстой аж. Тэгэхгүй бол эдийн засаг, санхүүгийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт гарахгүй хүндрэл үргэлжлэх нь. Гэтэл ирэх онд УИХ-ын сонгууль болох тул эдийн засгийн нөхцөл байдлаа үл ойшоох явдал гарч магадгүй хэмээн зарим судлаачид хэлж байна. Ямартай ч Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой болсон тул эдийн засагт хөдөлгөөн орно. Ханган нийлүүлэгчдийн бизнес идэвхжих хүлээлт бий. Энэ нь хаврын мал шиг сульдсан эдийн засагт амь тариа болох ажээ.