Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Хүрэлбаатар: Сарын дотор булчин шөрмөс нь зангираад гар, хөл, цээж нь хөгжинө гэж байхгүй

Саяхан Казахстан улсын Ташкент хотноо болсон Ази тивийн 46 дахь удаагийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон аварга болсон Н.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө  Ази тивийн бодибилдингийн аварга  болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Хичээл зүтгэлийнхээ ачаар тэмцээнд оролцоод аварга болсондоо баяртай байна.

-Тэмцээнд манай улсаас хэчнээн тамирчин оролцов. Ямархуу амжилттай оролцсон гээд тэмцээнийхээ талаархи сонин хачинаас сонирхуулахгүй юу?
-Азийн 24 орны 100 гаруй тамирчин оролцсоноос манай улс багаараа амжилттай оролцож, миний бие алт, мистер фитнессийн төрөлд оролцсон Цогтбаатар гэдэг залуу мөнгөн медаль хүртсэн байгаа. Мөн хоёр тамирчин маань тус бүр шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан.

-99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяастай байхад амжилтад хүрдэг гэдэг. Анх хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Би таван жилийн өмнөөс бодибилдингийн спортоор хичээллэж эхэлсэн. Өмнө нь бөхийн спортоор хичээллэдэг байлаа. Багш маань намайг хараад “Чи бодибилдингийн  спортоор хичээллэвэл өндөр амжилт гаргана” гээд зүглүүлж өгсөн дөө.

-Таныг энэ спорт руу хөтлөн оруулсан багшийн тань талаар асуулгүй өнгөрч болохгүй байх аа?
-Намайг бодибилдинг гэдэг спортод дуртай бас хайртай болгосон хүн яахын аргагүй анхны маань багш. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Андбаатарын Мөнхбат гэж хүн бий.

-Бодибилдингийн спорт манай улсад хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч хүмүүс төдийлэн сайн ойлгодоггүй юм шиг санагддаг?
-Тааруу гэж хэлж болно шүү. Зарим нь шууд хичээллэж эхлээд сарын дотор булчин шөрмөс нь зангираад л  гар, хөл, цээж нь хөгжинө гэж боддог юм шиг байна билээ. Ийм зүйл байхгүй ээ. Бодибилдингийн спортод их хөдөлмөрч, шантардаггүй хүн л амжилт гаргадаг. Залуучууд сарын дотор ямар нэг өөрчлөлт гарахгүй болохоор шантраад хаячихдаг. Уг нь, хэдий хэр цаг хугацаа зарцуулж чадна, төдий чинээ амжилтад хүрэх боломжтой спорт юм шүү дээ.

-Өртөг өндөртэй спорт гэж сонссон юм байна. Энэ нь шантрах бас нэгэн шалтгаан нь байж болох юм?
-Маш их өртөг өндөртэй спорт гэдэг нь үнэн. Биеийн тамир спортын газар, Засгийн газраас ямар ч дэмжлэг байдаггүй. Бид бор зүрхээрээ бас халаасанд байгаа хэдээрээ л болгоцгоодог. Жаахан ч гэсэн биднийг дэмжээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл, би өөрөө мэргэжлийн тамирчин, багш хүн  болохоор зовлонг нь ойлгодог.

-Манай хүүхэд залуучууд гэрийн нөхцөлд бодибилдингээр хичээллэх гэж оролддог. Энэ хэр зөв алхам юм бол?
-Маш буруу. Яах вэ, өмнө нь мэргэжлийн багшаар удирдуулж хичээллэж байсан бол болно. Шууд бие даан хичээллэнэ гэвэл буруу сурах аюултай. Манайхан сүүлийн үед интернэтээр харж суралцах болж. Харах нэг өөр, багшаар заалгаад тухайн орчин нөхцөлд суралцах бас өөр байдаг юм. Залуусдаа зөвлөхөд эхний удаа яваад үзэх хэрэгтэй. Харин дараа нь гэрийн нөхцөлд хичээллэх боломжтой гэж хэлмээр байна.

-Та бөхийн хэд хэдэн төрлөөр хичээллэдэг байх аа. Бас үндэсний бөхийн цолтой гэж сонссон юм байна?
-Сумын начин цолтой, чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Үндэсний бөхийн барилдаан тайлбарладаг, аймгийн ахлах тайлбарлагч.  Өнгөрсөн жил улсын дэд тайлбарлагчийн болзол хангасан. Жил бүр улсын баяр наадам, Цагаан сараар бөх тайлбарладаг. Мөн нутагтаа очиж  Дарьганга сумынхаа бөхийн барилдааныг тайлбарладаг даа.

0 Сэтгэгдэл
Үзбекстаны нийслэл Ташкент юмсан
Хамгийн их уншсан