Л.БАТБААТАРОрон нутгийн өвөлжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэнджаргалаас тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд, зарим аймгийн нутагт цас ихээр орсон. Цас их орсон аймгуудад өвөлжилт ямар байна вэ, хүндрэл бэрхшээл гарч байна уу?
-Онцгой байдлын ерөнхий газар болон Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гаргасан мэдээгээр, нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй байна. 12 аймгийн 97 суманд цас ихээр орсон. Ихэнх сумын нутаг 7-12 см зузаан цастай. 10 гаруй сумын нутагт 15-22 см зузаантай цасан бүрхүүл тогтсон мэдээ орон нутгаас ирсэн. Өвөлжилтийн цаг үеийн байдалд эрсдэлийн үнэлгээ хийх зорилгоор Улсын онцгой комиссоос хоёр Ажлын хэсэг ажиллаж байна. Нэг Ажлын хэсэг нь баруун аймгийн чиглэлд, нөгөө нь зүүн болон төвийн аймгийн чиглэлд томилогдон эрсдлийн үнэлгээ хийж байна. Саяхан Ажлын хэсгийн зарим албан тушаалтантай утсаар ярилцаж байдлыг урьдчилан тодрууллаа.
Өвөрхангай аймагт цас их орсон ч агаарын хэм дулаан учир харьцангуй гайгүй байна. Мөн Баянхонгор аймгийн урд талын сумдад байдал хэвийн, харин хойд хэсгийн 3-4 суманд цас их орж, цасан бүрхүүл дагтаршсанаас малын бэлчээрлэлт хүндрэх төлөвтэй байна. Говь-Алтай аймгийн гурван суманд байдал хүндрэх төлөв үүслээ гэсэн урьдчилсан мэдээ утсаар авлаа. Баруун чиглэлд ажиллаж байгаа Ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн нутгаар дайрч өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаад удахгүй ирнэ. Эдгээр Ажлын хэсэг 10 хоног орон нутагт ажиллаж эрсдлийн үнэлгээ хийж дүгнэлт гаргах юм. Дүгнэлтэд үндэслэж аймаг орон нутагт олгох мөнгө, шатахуун, өвс тэжээлийн хуваарилалтын арга хэмжээг авахаар Засгийн газар төлөвлөж байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар, өвөлжилт хүндэрвэл 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн Засгийн газраас Улсын нөөцөд байгаа 2011-2014 онд бэлтгэсэн өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр малчдад олгохоор шийдвэрлэсэн. Эрсдэлийн үнэлгээ хийж байгаа Ажлын хэсгийн гишүүд, аймгийн Засаг даргын Тамгын газар болон Онцгой байдлын хэлтэстэй хамтран үнэгүй өвс, хөнгөлөлттэй тэжээлийг олгох асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллана. Ийм шат дараалсан арга хэмжээнүүдийг авч байна.
-Малын хорогдлын мэдээ ирж байх юм уу?
-Өнөөдрийн байдлаар, аймгуудаас мал хорогдсон гэх мэдээ ирээгүй. Өвөлжилт хүндэрч болзошгүй нь гэж урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бидний зүгээс авч хэрэгжүүлж байна. Ер нь аймгуудаас өвөлжилт хүндэрлээ, байдал муудлаа гэсэн мэдээлэл одоохондоо ирээгүй байна.
-Өвөлжит хүндэрч болзошгүй байгаа аймгууд бэлтгэлээ хэр хангасан юм бол. Зуны уриралд ахиухан хадлан тэжээл бэлтгэж чадсан уу?
-Өнгөрсөн аравдугаар сард өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээг бүх аймгаас авч нэгтгэн арваннэгдүгээр сард Засгийн газар болон Улсын онцгой комисст танилцуулсан. Нэгтгэсэн дүнгээс үзэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 85-87 хувь хангасан байдаг. Мэдээж, өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл олон хүчин зүйлээс шалтгаална. Сумдын өвөлжилтийн бэлтгэл болон дараа нь аймгуудынх гээд л. Гэхдээ, энэ жилийн хувьд нэг онцлог бий.
Өнгөрсөн тав, зургадугаар сард хур тунадас бага орж, нийт нутгаар гандуу байсан. Ингэснээр, бэлчээрийн өвсний гарц муутай байв. Үүнээс шалтгаалж, хадлан бэлтгэлийн ажил тааруухан боллоо. Мөн махны үнэ хямдарснаас малчид гар дээрээ бэлэн мөнгөгүй болж, улмаар хангалттай хэмжээний малын тэжээл бэлтгэж чадсангүй. Хүнс, хөдөө аж ахуйн яам, “Мал хамгаалах” сан хамтран нийт хоёр сая гаруй бод болон богийн арьс ширний урамшуулалд 7.9 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Уг мөнгийг энэ сарын 18-наас Монголбанкаар дамжуулж малчин бүрийн дансанд шууд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Засгийн газраас авч байгаа урьдчилсан арга хэмжээний нэг болох Улсын нөөцөөс өвс үнэгүй олгоё, мөн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй борлуулах шийдвэр гаргасан. Шийдвэрийн хэрэгжилтийг Ажлын хэсэг, орон нутагтай хамтарч зохион байгуулна.
-Отрын бүс нутагт хэчнээн тооны толгой мал өвөлжиж байна вэ?
-“Монгол мал” хөтөлбөрт аймаг дундын болон сум дундын нийт бэлчээрийн 10 хувийг отрын бүс нутаг болгоно гэсэн зорилт дэвшүүлсэн юм. Одоогийн байдлаар, аймаг дундын болон сум дундын бэлчээрийн таван хувийг нөөцөд авсан. Энэ нөөц газрыг цаг хүндэрсэн үед ашиглах юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр, аймаг дундын отрын долоон бүс нутагт нэг сая толгой мал өвөлжиж, хаваржихаар орж ирсэн байна. Отроор мал маллаж байгаа малчдын нийгэм болон эрүүл мэндийн үйлчилгээг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, аймаг, сумын Засаг даргын Тамгын газартай хамтран хариуцна. Ер нь, малчид өөр аймгийн малыг нутагтаа өвөлжүүлэх дургүй байдаг. Гэхдээ, аймгийн болон сумдын Засаг дарга нар хоорондоо гэрээ хийж, заасан газар нутагт отроор мал маллах асуудлыг зохион байгуулдаг. Үүнд, яамны зүгээс оролцдоггүй. Газрын тухай хуульд, аймаг, сумын Засаг даргад ийм эрх мэдлийг олгосон байдаг. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хууль зүйн яамтай хамтарч, Тусгай хамгаалалттай газар нутаг болон хилийн бүс нутагт отор нүүдэл хийх асуудлыг аймаг, сумын Засаг дарга зохицуулж ажилладаг.
-Өвөлжилт хүндэрвэл Хүнс хөдөө аж ахуйн яам хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Улсын нөөцийн хөрөнгөөс 150-200 сая төгрөгийн тусламжийг өвөлжилтийн байдал хүндэрсэн аймгуудад үзүүлэх болно. Хүнс, хөдөө аж ахуйн яам бол бодлого гаргадаг. Өвс, тэжээлийн асуудал хариуцахгүй. Өвс, тэжээлийн нөөцийг Онцгой байдлын ерөнхий газар хариуцдаг. Улсын хэмжээнд өвс, тэжээлийг тарааж өгөх эрхийг Засгийн газраас өгсөн. Хэрэгжүүлэх ажлыг газар дээр нь хийж байгаа. Мөн өнгөрсөн долдугаар сарын 7-нд Засгийн газрын 292 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоолоор аймаг, сум бүрт өвөлжилтийн аюулгүй байдлыг хангах үүднээс, өвс, тэжээлийн нөөц бэлтгэ хэмээн албан даалгавар өгсөн юм. Албан даалгаврын дагуу аймаг, сумд өвс, тэжээлийн нөөцийг 70-80 хувь бэлтгэсэн. Энэ бэлтгэсэн өвс тэжээлээ ашиглана.
Өвөлжилтийн байдал хүндэрлээ гэхэд, малчид эхний арга хэмжээг өөрсдөө авах ёстой. Дараа нь, сум, аймаг, улсын хэмжээнд гэсэн шат дараалсан арга хэмжээг авна. Аймгуудын зүгээс байдал хүндэрлээ гэсэн мэдээ ирээгүй. Гэхдээ Засгийн газар болон Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрч болзошгүй гэдэг үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Байдлыг газар дээр нь тодруулахаар хоёр Ажлын хэсэг томилон ажиллуулж байгаа гэж дээр дурдсан. Эдгээр Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэж цаашид авах арга хэмжээг тодорхойлно.