“Цагаан хорол” ХХК нь 2005 онд эрчим хүчний барилга угсралт, засвар үйлчилгээ болон гадаад худалдааны үндсэн чиглэлээр байгуулагдсанаасаа хойш Улаанбаатар, Эрдэнэт, Дорнод гээд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист эрчим хүчний салбарын шинэчлэл, их бүтээн байгуулалтад тэргүүн эгнээнд ажилласаар ирсэн билээ.
Барилга Хот байгуулалтын яам, Эдийн Засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын ЗДТГ, ШӨХТГ хамтарсан Төслийн Удирдах хорооны тогтоолоор нээлттэй сонгон шалгаруулалтаар эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын томоохон төслийн нэг бол “Шинэ яармаг” хорооллын цахилгааны 110/35/10 КВт-ын дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг тодруулав. Энэхүү ажилд “Цагаан хорол” ХХК шалгарч, амжилтай гүйцэтгэж хүлээлгэж өгөөд байгаа юм. Шинэ бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг цаашид хэрэгжүүлэх суурь нөхцөл боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой төсөл бол энэхүү цахилгааны дэд станцын барилга угсралтын ажил. Дэд станцын зураг төслийг боловсруулах шатнаас эхлээд гүйцэтгэлийн ажлын явцад орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн олон дэвшилтэт шийдлийг шинээр нэвтрүүлсэн байна.
Жишээлбэл:
1. Трансформаторын үндсэн бакны тосонд онлайн хяналт хийж, Н2, Н2О, СО2–ын хэмжээг тогтмол тодорхойлдог ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн НУDRОСАL-1003 системийг Улаанбаатар хотод анх удаа, Монгол улсдаа хоёр дахиа нэвтрүүлэн амжилттай ашиглаж буй юм. Энэ төхөөрөмжийн эхний хоёр ширхгийг нь 2х200МВА чадалтай автотрансформаторт 2013 онд “Цагаан хорол” анх Эрдэнэтэд суурилуулсан байна.
2. 10кВ-ын богино залгааны гүйдэл хязгаарлах реакторыг анх удаа дэд станцад суурилуулав. Энэ төхөөрөмжийг суурилуулснаар кабель шугам болон 10кВ-ын шон дээр гарсан богино залгааны гүйдлийн хэмжээг хязгаарлан 110кВ ба 10кВ-ын оруулгуудын таслуурын ба хүчний трансформаторуудын ашиглалтын хугацааг уртасгах боломж бүрдүүлжээ. Мөн тоноглолын найдвартай ажиллагаа дээшилж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг тасралтгүй найдвартай хангах нөхцөл бүрдсэн байна.
3. Бие биеэсээ үл хамааралтай, 35/10кВ-ын кабелийн 3ш хонгилийн системийг нэвтрүүлснээр хонгилд байгаа кабель шугамд техник үйлчилгээ хийхэд хялбар, эмх цэгцтэй, галын аюулгүй байдлыг хангасан зэргээрээ онцлог байгууламж юм.
4. Антистатик шалыг Релейний болон удирдлагын өрөөнд суурилуулж хүний бие, хувцаснаас үүсэх статик цэнэгийг шавхах нөхцлийг бүрдүүлснээр микропроцессорын элемент бүхий удирдлага, хамгаалалтын тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангажээ.
5. 110кВ-ын Хийн Тусгаарлалттай Хуваарилах Байгууламж /ХТХБ/-д Монгол Улсад анх удаа 110кВ-ын кабелийн 12ш гадна ба 12 ш дотор байрлалтай, нийт 24ш муфтийг хийсэн нь Эрчим Хүчний салбарт нэвтэрч буй бас нэг шинэ технологи болсон аж.
6. 110кВ-ын кабелийн оруулгатай, дотор байрлалтай, зургаан фторт хүхэр- SF6 хийтэй GIS/gas insulated switchgear/ буюу Хийн Тусгаарлалттай Хуваарилах Байгууламж/ХТХБ/-ийг Монгол анх суурилуулсан нь Эрчим Хүний салбарт нэвтэрсэн сүүлийн үеийн технологийн томоохон шинэчлэл юм. Энэхүү тоноглол нь тусгаарлалтын тос хэрэглэдэггүйгээрээ байгаль орчинд ээлтэй. Хотын хүн амын төвлөрөл ихтэй газарт олон тооны Ил Хуваарилах байгууламжийн эзэлж байгаа олон арван га газрыг хэд дахин багасгах боломжтойг баталсан юм.
Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдсээр байгаа хэрэглээг цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангах, гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж орон сууцжуулах төслийн хамрах хүрээг тэлэх, нийслэл орчмын орчны бохирдлыг бууруулахад хамгийн их хувь нэмэр оруулж буй энэ төслийг УИХ-ын тогтоолоор Монгол улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлж Улаанбаатар хот дэлхийн жишиг хотуудын нэг болон хөгжих боломжийг бүрдүүлэхэд нэгээхэн түлхэц болсон билээ.
“Цагаан хорол” компани нь
• 2013-2014 онд Улаанбаатар хотын “Шинэ Яармаг” хорооллын цахилгааны 110/35/10кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил
• 2012-2013 онд “ТБЦДС” ТӨХК-ийн Орхон аймаг дахь 220/110/35/10кВ-ын “Эрдэнэт” дэд станцын хүчин чадлыг 2*200 МВА болгож нэмэгдүүлэх барилга угсралтын ажил
• 2011-2012 онд “ТБЦДС” ТӨХК-ийн 110/35/10кВ-ын “Туул” дэд станцын хүчин чадлыг 2*40 МВА болгож өргөтгөн нэмэгдүүлэх барилга угсралтын ажил.
• “ТБЦДС” ТӨХК-ийн 110/35/10кВ-ын “Дорнод-2” дэд станцын шинэчлэлийн хүрээнд 25000 кВА чадалтай 110/35/10кВ-ын 2 ширхэг трансформатор, 110/35кВ-ын 8 элегаз таслуур, 25 хуурай салгуур, 10кВ-ын 20 ширхэг вакуум таслууруудыг бүрэн шинэчилж, тэдгээрийн реле хамгаалалтуудыг АНУ-д үйлдвэрлэсэн SEL маркийн микропроцессорын хамгаалалтаар сольсон.
• Улаанбаатар хотын 220/110кВ-ын “ИХБ-4”-д 125000 кВА чадалтай 220/110/6кВ-ын Автотрансформатор, түүний холболтын тоног төхөөрөмжийг шинээр угсран суурилуулсан.
• Швед Улсын олон улсын хөгжлийн агентлаг /SIDA/-ийн хөрөнгө оруулалтаар Төвийн Бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээний шинэчлэлийн төслийн хүрээнд Эрдэнэт хот дахь 220/110кВ-ын “Эрдэнэт” дэд станцын 220кВ-ын 7 ширхэг тосон таслуур, 110кВ-ын 14 ширхэг таслуурыг АВВ компанид үйлдвэрлэсэн орчин үеийн элегаз таслуураар солих ажил гэх зэрэг эрчим хүчний салбарын томоохон ажлуудын гүйцэтгэгч хийсэн туршлагатай билээ.