Н.БАТ
Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн есдүгээр сарын 24-нд олныг цочроосон жигшүүрт хэрэг гарсан. Тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч төрийн албан хаагч Б бүсгүйг зэрлэгээр зодон хүчирхийлсний улмаас эрүүл мэнд болоод бие сэтгэлийн хувьд нөхөж баршгүй хохирол амсч, өнөөдрийг хүртэл эмнэлгийн оронд ээлжит хагалгаандаа орох гээд хэцүүхэн байгаа тухай хохирогчийн ээж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд хандсан юм. Хэдийгээр Б.Ханбаатар гээч нь улс төрийн албан тушаалтан гэгдэж байгаа ч Б бүсгүй бол төрийн албан хаагч. Харамсалтай нь өнөөдөр манай хууль тогтоомжинд ажлын байран дахь бэлгийн дарамтын улмаас гэх хүндрүүлсэн ял оноох заалт байдаггүйн улмаас олон бүсгүй цөхрөл гутралд автаж, зовлонгоо үүрч яваагийн жишээ бол Б болсон юм. Тиймээс ажлын байран дахь бэлгийн дарамт гэх гэмт хэргийн талаар Монголын эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх, Ажлын байран дахь бэлгийн дарамттай /АББД/ тэмцэх төрийн бус байгууллагуудын эвслийн зөвлөх Н.Чинчулуунтай ярилцлаа.
-Монгол Улсад ажлын байран дахь бэлгийн дарамт гэдэг асуудал буурахгүй байгааг бид сүүлийн үед гарч байгаа элдэв аймшигт хэргээс харж байна. Энэ талаар та бүхэнд ямар судалгаа байгаа вэ?
-Яг одоо судалгаа явуулж байна. 300 мянган хүнд хүрэх боломжтойгоор асуулгаа онлайнаар цацсан. Өнгөрсөн сард өмнө нь гарсан факт баримтуудыг үндэслээд олон улсын зарчмын дагуу судалгааны асуулгаа боловсруулж, орон даяар явуулахаар онлайн хаягаар нь хүмүүст хүргүүлээд байна. Фейсбүүкээр мөн санал авахаар манайхан ажиллаж байгаа. Гурван долоо хоногийн тандалтын судалгаа учраас энэ сарын сүүлээр хариу нь тодорхой болчихно. Энэ судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтын төвшин, хэлбэрүүд нэлээн тодорхой гарч ирэх байх. Цаашдаа, ер нь яах ёстой вэ гэсэн хэрэгцээ шаардлагууд ч тодорхой болно.
-Судалгааны асуулгыг харсан. Ер нь, та бүхэнд сүүлийн жилүүдэд энэ талаарх гомдол санал хэр олон ирж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Ер нь бол энэ асуудлыг зөвхөн хүчингийн хэрэг гэж ойлгоод байдаг. АББД-ын аман болоод үзүүлэх, харуулах, оролдох, таалах, уриалан дуудах, уулзах, учрах, санал тавих хэлбэрүүдийг бүгдийг оруулвал энэ бүр замбараагүй гэж хэлэхээр байдалтай байна. Эрүүгийн шинжтэй хүнд хэлбэр болох зодох, бие эрхтэнг гэмтээх, хүчингийн хэрэг, амь насаа алдах тохиолдлууд нэг биш байна. Амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэх тохиолдол ч байна. Энэ бүх жишээнээс харахад өсөх магадлал өндөр төдийгүй улам бүр харгис шинжтэй болж байна.
-Үүнээс яаж урьдчилан сэргийлж зогсоох вэ?
-Хөдөлмөрийн талбарт энэ төрлийн зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэхийн тулд юун түрүүнд хориглох заалт бүхий эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай. Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулж мөн Эрүүгийн болон Зөрчлийн хуульд ч тодорхой болгож тусгах хэрэгтэй. Ялангуяа байгууллагуудын дотоод журамд зайлшгүй тусгасан байх ёстой. Эрүүл мэндийн яамны 2007 оны заавар байдаг юм. Үүнд ч өөрчлөлт оруулах шаардлага бий. Үнэндээ бидний олон жилийн хөдөлмөрийн дүнд Жендерийн тухай хуульд л энэ тухай нарийн туссан боловч мөрдөгдөхгүй байна. Дээр хэлсэн судалгааны дүн гаруут сүүлийн үеийн тоо баримттайгаа нэгтгээд хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах саналуудаа дахин боловсруулж зохих байгууллагуудад тавих болно.
-Хөдөлмөрийн хуульд тусгах хэрэгтэй гэж та хэллээ. Хуулийн төслийг нь боловсруулаад хууль тогтоох байгууллагад нь та бүхэн хандсан уу?
-Хөдөлмөрийн хуулинд АББД-ын талаар нэг бүлэг суулгаж өгсөн маань эрхбиш батлагдана гэж найдаж байна. Албан тушаал эрх мэдлээ ашиглаж болохгүй, ажлын байранд бэлгийн дарамт үйлдэж болохгүй, хүний аюулгүй байдалд халдаж болохгүй гээд нэлээн тодорхой заалтууд орсон учраас хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүнд хамаатай болох юм. Гэвч үнэндээ энэ ажлын процесс асар удаан байна.УИХ төсөв, сонгуулийн хууль гэсээр байгаад амьдралд жинхэнэ утгаараа хэрэгжих ёстой хуулиуддаа анхаарал хандуулж чадахгүй байна. Төрийн бус байгууллагын хувьд бид өөрсдийн боломжийн хүрээнд л ажиллаж байгаа. Ямар ч байсан нийгэмдээ Ажлын байрны бэлгийн дарамт гэсэн ойлголтыг суулгаж өгч чадсан маань бидний хувьд үнэхээр том ажил шүү. Мэдээж цаашдаа хийх зүйл маш их байна.
-Та түрүүн АББД-ын далд хэлбэрүүд даамжирсаар хүчингийн хэрэг, бүүр хүн амины хэрэг болсон тохиолдол бий гэсэн. Жишээ нь, өнгөрсөн есдүгээр сард гарсан Баянчандманийн хэрэг байна. Өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй байгаа юм билээ. Та бүхэн мэдээж энэ хэргийг анхааралдаа авсан байх л даа. Гэхдээ хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлд хандаж, санхүүгийн хувьд хүнд байдалд байна гэж байсан л даа. Та бүхэнд тэдний зүгээс албан ёсоор хандаагүй байгаа юу?
-Баянчандманьд үнэхээр ноцтой, аймшигтай, нийгмийн цочроосон хэрэг гаран. Хууль тогтоогчид ч үүнд анхаарал хандуулж байгаа гэж итгэж байна. Тиймээс Хөдөлмөрийн хуульд оруулсан бүлгийг батлах байх. Ажил олгогч эздийн холбооны зүгээс “Хөдөлмөрийн хуульд энэ заалт байх ёсгүй” гээд байсан ч нийгэмд гарч буй гэмт хэргээс үүдэн Хөдөлмөрийн хуульд энэ тухай бүлэг “суух” ёстой гэдгийг ойлгосон бололтой, эсэргүүцэхээ больсон.
Хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж ярилцаж байгаа. Энэ хэргийн талаар эцсийн шийдвэр гарч, шийдтэл нь бид анхааралдаа байлгасаар байх болно.
УИХ-ын эмэгтэй гишүүд, Хүний эрхийн комиссоос гадна хүний эрх, эмэгтэйчүүдийн чиглэлийн 20 гаруй байгууллагыг нэгтгэсэн АББД тэмцэх ТББ-уудын эвсэл энэ хэргийг анхааралдаа авсан. Бид хохирогчийн зөвшөөрөлтэй олон ажлыг хийх боломжтой. Гэвч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа нөхцөлд хамаагүй алхмууд хийх нь хохирогчид эсрэгээр нөлөөлөх аюултай тул бид хүлээж л байна. Харин хохирогчийн эмчилгээнд туслах, үйлчилгээ үзүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж, яаж ажиллах талаар ярилцаж байна. Мөн л хуулийн болоод хохирогчийн зөвшөөрлийн хүрээнд хийгдэх болно.
Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь хүний амь нас, эрүүл мэнд, цаашдын хөгжил дэвшил, ирээдүйд маш их хор хөнөөл болдог төдийгүй бэлгийн хүчирхийлэгч өөрөө хүртэл хохирдог гэдгийг л нийгэмд сайн ойлгуулах хэрэгтэй байгаа юм.
-Энэ хэргийн хохирогч бүсгүйн ээж ярихдаа төрийн албанд томилогдож байгаа хүмүүст ёс суртахууны өндөр шаардлага тавьж, хэрвээ алдаа дутагдал гаргавал хариуцлага хүлээлгэж байх ёстой гэж байсан. Гэтэл манай Төрийн албаны хуулинд энэ тухай огт байдаггүй?
-Төрийн албаны зөвлөлтэй ярьж, төрийн албан хаагчдад энэ талын ойлголт өгөх гэж сургалт хийсэн, хүсэлтүүд ч хүргүүлсэн. Үнэндээ, Төрийн албаны зөвлөл анхаарахгүй биш анхаарч, судалж, зарим хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах гэж хичээж эрмэлзэж байна. Мэдээж эрх мэдэл, янз бүрийн хүсэл сонирхлоос үүдэн бодит ажил болсон нь бага байгаа юм. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй.Төрийн томилгооны гэрээнд хүртэл энэ тухай тусгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ албан тушаалаа ашиглан ямар нэг байдлаар бэлгийн дарамт үйлдэхгүй байх, ийм орчин бүрдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ талаар ажилчин албан хаагчдынхаа ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх гэх зэргээр тусгаж байх ёстой юм.
-Баянчандманийн хэргийг АББД гэж үзэж болох уу. Эсвэл ажлын байрнаас өөр газарт үйлдэгдсэн хэрэг гэдэг утгаар нь авч хэрэгсэхгүй болов уу?
-Ажлын байран дахь бэлгийн дарамтын хүрээнд хийгдсэн хэрэг мөн. Харамсалтай нь, манай хуулиар ажлын байрны бэлгийн дарамтын улмаас үүдэлтэй гэх буюу ажлын байрны хүрээг тодорхойлсон зүйл юу ч байхгүй. Тиймээс хууль хяналтанд заавал бэлгийн дарамтын улмаас үүссэн гэж хүндрүүлсэн нөхцөл суулгах ёстой. Мөн АББД нь цаашдаа олон төрлийн хүчирхийлэл дарамт болж даамжирдаг. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл рүү түлхдэг. Татгалзан хүлээн зөвшөөрөөгүйгээ нөхөртөө хэлэхээр итгэдэггүй. Чи өөрөө л зүгээр байгаагүй биз гэдэг. Яг ийм байдлаас үүдэн эхнэрийнхээ амь насыг хохироосон тохиолдол ч бий. Үнэндээ ажлын байрны этик гэдэг зүйл алдагдсан, албан тушаал эрх мэдлээ ашиглаж хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд огт байхгүй нөхцөлийг шаарддагаас хүн мөрөөрөө ажлаа хийгээд явж чадахгүй болтлоо айдас түгшүүрт автчихсан, ёс зүйн олон хэм хэмжээ төрийн албанд алдагдаад байгааг Баянчандманьд гарсан ноцтой хэрэг харууллаа.
-АББД гэдэг нь өөрөө нуугдмал байдалд оршдог хэрэг. Яагаад гэвэл хохирогч цаашдаа ажиллаж амьдрах хэрэгтэй. Ийм хэрэг ил гарснаас үүдэн нэр төр нь насан турш дагалдах хар тамгатай болохыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр ийм байдалд ороод байгаа бүсгүйчүүд байгаа тохиолдолд та ямар зөвлөгөө хүргэх вэ?
-Нэгдүгээрт нэр төр, хоёрдугаарт хүний амьжиргаатай холбоотой олон асуудал хөндөгддөг учраас эмэгтэйчүүд чимээгүй явахыг илүү үзээд байдаг юм. Гэвч хэрэг даамжрах тусам Баянчандманийн хэрэг шиг байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Урьдчилан сэргийлж таслан зогсоох хэрэгтэй. Энэ талаар арга хэмжээ авахуулах хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр эсэргүүцэж тэмцэх хэрэгтэй. Гэхдээ ганцаараа тэмцэх хэцүү. Хамтрагчтай байх ёстой. Өөрийг чинь хамгаалах хүмүүсээс заавар зөвлөмж авч дараа дараагийн алхмаа хий. Энэ асуудлаар мэргэжлийн байгууллагуудад хандах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах янз бүрийн тактик бий. Яаж нотлох баримт бүрдүүлэх вэ, хэнд хэлэх вэ гээд ... Байдал хурцдаж, хохирогчийг буруутгах нөхцөл үүссэн бол эсрэг арга хэмжээг маш хурдан авах хэрэгтэй. Юуны өмнө Хүний эрхийн комисст хандаж, өөрт тохиолдож буй зүйлээ илэн далангүй ярьж, зөвлөгөө авч шийдүүлэх хэрэгтэй. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, манай эвсэлд хандаж, мэргэшсэн зөвлөгч хуульчидтай уулзаж, шийдлийг олж болно.
-Аль салбарт АББД гэдэг зүйл элбэг тохиолдоод байна вэ. Та бүхэнд ирж байгаа гомдол мөн судалгаануудаас харагддаг байх л даа?
-Их дээд сургууль, урлаг соёлын байгууллагууд, төслийн нэгж, хувийн хэвшил гээд бүх салбарт ийм асуудал гарч байна. Гэхдээ төрийн албанд илүү их байгаа нь ажиглагддаг. Төр өөрөө маш том ажил олгогч. Төрийн албан хаагч төдийгүй төрийн үйлчилгээний албанд ажиллаж буй хүмүүсийн дунд ч энэ зөрчил маргаан нилээд байна. Үүнийг хориглох, зогсоохын тулд Төрийн албаны эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж би түрүүнд хэлснээ ахиад онцлоё. Энэ удаагийн судалгааны дүнгээр тодорхой мэдээллүүд гарч ирнэ гэж итгэж байна.
-Дэлхийн бусад орнууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бууруулах талаар ямар алхмууд хийж байгаа вэ?
-Дэлхийн 130 гаруй орон АББД их байгааг хүлээн зөвшөөрөөд хууль тогтоомжинд суулгаад, тусгай бодлого хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн бэлгийн хүчирхийлэлтэй хамааралтай бие даасан хуультай орон 130 гаран болжээ. Тиймээс бид ч гэсэн энэ зарчмаар ажиллах ёстой. Эхлээд Хөдөлмөрийн хуулиндаа суулгаад дотоод журмаараа хориглоё. Тэгээд дараа дараагийн алхмууд хэрэгтэй. Юу вэ гэвэл бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан хуультай болох шаардлагатай гэсэн үг. Үүнийг хийхийн тулд саад тотгор ч олон тохиолдоно. Ялангуяа эрх мэдлийн ихэнх нь эрэгтэйчүүдийн гарт байгаа тохиолдолд хэцүү л дээ. Нэлээн эсэргүүцэл, шүүмжтэй таарна. Гэхдээ бие даасан хуультай болчихвол асуудлыг шийдэхэд амар болох нь тодорхой.
-Бие даасан хуультай улсуудын хувьд ийм хэргийг ямар хугацаанд шийдвэрлэж чаддаг юм бол. Манай нөхцөлд жишээ нь, хүчингийн хэрэг гараагүй л бол авч хэлэлцэх нь юу л бол?
-Ийм төрлийн кейсийг маш түргэн хугацаанд хэлэлцэж шийдвэрлэдэг. Хууль нь сайн, тодорхой. Яавал торгож, яавал ажиллах эрхийг нь хасах вэ гээд маш нарийн заасан байдаг. Хохирогчийг ажлын байранд нь хэвээр үлдээх, эсвэл цалин бууруулахгүй шилжүүлэх тухай ч хуулинд нь нарийн заагаад өгчихсөн. Улс орнууд ч энд их анхаарал хандуулдаг болсон. Хонгконгийн хүний эрхийн байгууллага маш хүчтэй ажилладаг юм билээ. Тиймээс тэдний арга барил, хууль эрхзүйн орчинг судлах нь бидэнд чухал байна. Филиппинд очиж, энэ асуудлаар хэрхэн ажилладгийг нь судлаад өөрсдийнхөө хэмжээнд нэг товхимол гаргаад хууль тогтоогчдод таниулахаар өгсөн. Эрхзүйн орчинд хийх зүйл маш их байна, арга барилаа ч шинэчлэх хэрэгтэй гэдгийг илүү ихээр анзаарсан.
-Яг үнэндээ АББД гэхээр төрийн бус хэдэн байгууллага л асуудал болгоод хөөцөлдөөд байдаг. Гэтэл ийм төрлийн хэрэг төрийн албанд элбэг тохиолдож байгааг хүн бүр л хэлдэг. Төр өөрөө үүнд ямар анхаарал тавьж ажиллах үүрэгтэй юм бэ?
-Энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах нь Монголын төрийн үүрэг. Манай улс НҮБ-ын олон гэрээ конвенцэд нэгдэж олон улсад хүний эрхийг хамгаалж, хангахаар амлалтаа өгсөн орон. Хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа энэ асуудлыг төр өөрөө таслан зогсоох ёстой. Хуулиа төр боловсронгуй болгож, судалгаа явуулж, мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй. Хоёрт, хэрвээ хууль нь байхгүй бол олон улсын гэрээ конвенцид үндэслээд Дээд шүүх меморандум, бодлого гаргаж, тайлбарлаж таниулаад, түүгээрээ арга хэмжээ авах хэрэгтэй. Харамсалтай нь, манай Дээд шүүх хавтаст хэргийн хүрээнд л эргэлдээд байна гэж бодогддог. Нийгэм өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд шинэ төрлийн хэрэг зөрчлүүдийг тодруулж судалж эрх зүйн орчинд өөрчлөлт хийх хэрэгтэй санагддаг.
-Яг энэ асуудлыг дотоод журмандаа суулгасан байгууллага өнөөдөр байна уу?
-Эмэгтэй удирдагчтай байгууллагад ийм асуудал бараг байдаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Ялангуяа хувийн хэвшлийнхэн дотоод журам дүрмэндээ хүртэл тусгаад өгчихсөн байдаг. Мобиком, Айртранс гээд олон улсын хамтын ажиллагаатай явдаг байгууллагууд ажлын байранд бэлгийн дарамт үйлдэхгүй гэдгийг заагаад, зарчим болгоод өгчихсөн, түүнийгээ сайн мөрддөг. Нийтлэг биш ч ийм газрууд байна. Гол нь төр энэ асуудлаа л хууль эрхзүйгээр баталгаажуулах ёстой.
-Баянчандманийн хохирогчийн ээж “Хэрэг гарах сэжүүр болсон хүн нь өнөөдөр ямар ч хариуцлага хүлээхгүй, гэрч гэсэн нэр зүүгээд л явж байна” хэмээн гомдоллосон байдаг. Татварын байцаагч хоёр эмэгтэйн хэргийн “эзэн” болсон хүн өнөөдөр бас л ажлаа хийгээд юу ч болоогүй мэт явж байна. Энэ тал дээр та бүхэн ямар байр суурьтай байдаг вэ?
-Хөндлөнгөөс мэдээ мэдээлэл уншигчийн нүдээр харахад бүлэглэж үйлдсэн хэрэг харагддаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй юу, эсвэл үгүй юу гэдэг талаас нь цагдаагийн байгууллага мэдээж анхаарч байгаа байх. Гэхдээ хуулийн цоорхойг ашиглаад явж байгааг үгүйсгэхгүй. Хэрвээ хохирогчид зөвшөөрвөл бид өөрийнхөө хүсэлтүүдийг гаргаж болно.