Хятад, ОХУ-ын Ерөнхий сайд нарын 20 дахь удаагийн уулзалтын үеэр, эрчим хүч, хөрөнгө оруулалт, санхүү, өндөр технологи болон бусад салбарт хамтран ажиллах 30 гаруй гэрээнд хоёр улс гарын үсэг зуржээ.
Сибирийн зүүн хэсэгт нефть, байгалийн хийн төсөлд хамтран ажиллах гэрээнд эрчим хүчний салбарт тэргүүлэгч "Синопек" болон "Роснефть" гарын үсэг зурсан бол, Хятад-Оросын хилд байгалийн хий дамжуулах хоолойн зураг төсөл, барилгын ажлыг хийх гэрээнд “CNPC” болон "Газпром" компани гарын үсэг зуржээ.
Хятадын хөгжлийн банк болон Оросын "Внешэкономбанк" улсын корпораци 1.56 тэрбум долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
“Хятад болон ОХУ эдгээр гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаа өндөр түвшинд гарсны нотолгоо. Гэрээг бүрэн хэрэгжүүлэх шийдвэр төгс байна” гэж Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хамт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ, Хятадын Ерөнхий сайд Ли Көцян хэлсэн юм.
Хамтын ажиллагааны төслүүдээ хэрэгжүүлэхийн сацуу эрчим хүч, эдийн засаг, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, цэргийн технологи зэрэг бусад салбарт хамтран ажиллахыг Хятадын тал уриалж, аж үйлдвэрийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хүрээнд эдийн засгаа бэхжүүлэхийн тулд хамтран хүчин зүтгэхийг санал болгов.