1900 онд Жон Уоткинс гэдэг америк инженер “Ladies Home Journal” сэтгүүлд зориулан хүн төрөлхтний техник, технологийн хөгжил дараагийн 100 жилд хэрхэн өөрчлөгдөхийг зөгнөсөн нийтлэл хэвлүүлсэн байдаг. Энэ нийтлэлдээ Уоткинс инженер хүний амьдралд ямар төрлийн технологийн өөрчлөлт гарч болохыг тооцож, зөгнөснөөс маш олон нь бодитоор биелж, та бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. 115 жилийн өмнө Уоткинс нь үүрэн телефон, зурагт, вэб камер, цагт 200 ба түүнээс дээш км хурдалдаг галт тэрэг, нисэх онгоц, танк, тоон өнгөт фото аппарат гээд олон зүйлс бий болно гэдгийг онож хэлсэн юм. Уоткинс өөрийн зөгнөлдөө эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт гарахыг тооцсон нь их сонирхол татдаг. Тэрээр нүүрсийг цаашид хэрэглэхийг зогсоож, оронд нь гидро эрчим хүчийг буюу усны эрчим хүчийг хэрэглэдэг болно гэсэн. Үүний тулд гол болгонд цахилгаан үйлдвэрлэдэг төхөөрөмж байрлуулан, давалгааны хүчийг цахилгаан болгон хувиргадаг төхөөрөмжийг тэнгис далайн эргийн дагуу байгуулна гэж тооцон таамаглажээ.
Усны эрчим хүчийг ашиглах тухай энэ зөгнөл дэлхий даяар бүрэн биш ч гэлээ маш эрчимтэй хэрэгжиж явна. АНУ-д 1882 онд анхны бага хүчин чадалтай усан цахилгаан станц ашиглалтад орж байсан бол 1920 онд УЦС-ын тоо нь 200 хол давж, нийт цахилгаан эрчим хүчний 40 хувийг үйлдвэрлэдэг болсон байв. Хүн амын тоо нэмэгдэж, үйлдвэрлэл хүчтэй хөгжихийг даган усан цахилгаан станцууд маш хурдацтай байгуулагдах болсон. Одоогийн байдлаар өндөр хөжилтэй орнуудад усны потенциалын дийлэнхийг ашиглан цахилгаан станц байгуулчихсан.
Хойд Америкт гэхэд эдийн засгийн хувьд УЦС байгуулах ашигтай газруудын 70 хувийг нь ашиглаад УЦС байгуулчихсан, Европт усны эрчим хүчний потенциалын 75 хувийг ашиглачихсан. Өөрөөр хэлбэл АНУ, Канад, Европын холбооны улсууд, ОХУ-ын Европ тивд хамаарах хэсэгт том усан цахилгаан станц баригдах бараг боломжгүй болсон. Тэгэхээр дэлхий дээр дунд болон өндөр хүчин чадалтай усан цахилгаан станц шинээр баригдах бол Ази, Африк, Өмнөд Америк, Австралид л тийм боломжтой газар үлдсэн гэж болно.
Үнэхээр ийм гэдгийг өнөөдөр та бид харж байна. Дэлхийн хамгийн томд тооцогдог жилдээ 98,1 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэдэг “Гурван хавцал” цахилгаан станц Ази тивд буюу Хятадын Хөх мөрөнд баригдаж, 2012 онд ашиглалтад орсон. Баригдаж байгаа өөр хамгийн том гурван усан цахилгаан станцын хоёр нь Хөх мөрний урсгал дээр, нэг нь Өмнөд Америк дахь Бразилийн Шингу мөрөнд байна. Гэтэл Ази тив нь дэлхийн усны эрчим хүчний эх үүсвэрийн 39 хувийг агуулж байдаг атлаа дэлхийн хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа усны цахилгаан эрчим хүчний дөнгөж 18 хувийг л гаргаж байгаа аж. Цаана нь ашиглагдаагүй, эдийн засгийн хувьд ашигтай бөгөөд ашиглах 61 хувийн боломж байна. “Гурван хавцал” цахилгаан станцыг барьж эхэлсэн 1992 онд тус станц бүрэн ашиглалтад орсноор Хятадын нийт цахилгааны 10 хувийг үйдвэрлэнэ гэж тооцож байжээ. Гэтэл цахилгааны хэрэглээ асар хурдацтай хөгжсөөр 2012 онд ашиглалтад орохдоо Хятадын нийт цахилгааны дөнгөж 1,7 хувийг л үйлдвэрлэдэг хэмжээнд очсон байв. Иймд Хятад цаашид ч өндөр хүчин чадалтай усан цахилгаан станц барих нь гарцаагүй.
Гэхдээ усан цахилгаан станц гэхээр Хятадын “Гурван хавцал” мэтийн асар их хугацаа, хөрөнгө шаардсан нүсэр барилгаар төсөөлөх нь өрөөсгөл. Сүүлийн жилүүдэд хөгжиж буй эдийн засагтай улсууд дунд, чадалтай усан цахилгаан станцуудад онцгой анхаарал хандуулах болсон. Учир нь, харьцангуй хямд, зардлаа богино хугацаанд нөхдөг давуу талтай болохоор ингэж анхаарахаас өөр аргагүй. Зөвхөн Хятадад гэхэд 90 мянга орчим бага хүчин чадалтай усан цахилгаан станц ажиллаж, хөдөө орон нутгийнхаа цахилгааны хэрэгцээний 30 хувийг хангаж байдаг нь тэрбум гаруй хүн амтай улсын хувьд муугүй үзүүлэлт. Тиймээ, та буруу уншаагүй бага хүчин чадалтай буюу 6 МвТ хүртэлх хүчин чадалтай ЕРЭН МЯНГАН усан цахилгаан станц ажиллаж байдаг.
Асар их хүн амтай, хурдтай хөгжиж буй эдийн засагтай Хятад гэлтгүй Европын холбоо, Хойд Америкт ч жижиг УЦС хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. АНУ нь бага чадалтай усны эрчим хүчийг хөгжүүлэх 2020 он хүртэл үндэсний хөтөлбөрийг болвсруулаад хэрэгжүүлээд эхэлсэн. Хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд нийт 50 мянган МВт хүртэл цахилгаан үйлдвэрлэх бага хүчин чадалтай УЦС-ууд ашиглалт оруулснаар 200 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэдэг болох ёстой аж. ОХУ ч бага хүчин чадалтай усан цахилгаан станцууд байгуулах замаар хүн амын нягтрал багатай хөдөө орон нутгийн жижиг тосгон, суурийн газруудыг цахилгаан эрчим хүчээр хангахад онцгой анхаарал хандуулж тоог нь ойрын жилүүдэд гурав дахин нэмэх бодлого хэрэгжүүлэх гэж байна.
Энэ мэтээр Ази, Африк, Өмнөд Америк гээд хөгжиж буй эдийн засагтай бүс нутаг дахь УЦС-ын тоо дараа дараагийн жилүүдэд улам л нэмэгдэнэ. Тиймээс 115 жилийн өмнө Уоткинс инженерийн хийсэн гол мөрөн болгонд цахилгаан үүсгэгч төхөөрөмж залгагдсан байна гэсэн тооцоо таамаг бүрэн хэрэгжих өдөр ойртсоор. Усан цахилгаан станцууд буюу сэргээгддэг, экологийн цэвэр эх үүсвэр дээр тулгуурласан усан цахилгаан станцын тоо өсөхөд нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын тоо эрчимтэй цөөрч байгаа явдал юм. Яг л Уокерийн хэлснээр гэж болно.
Товчхондоо нүүрс шатааж ажилладаг цахилгаан станцаас татгалзан сэргээгддэг ба шатдаг хий гэсэн байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөө багатай эрчим хүчний эх үүсвэр дээр тулгуурласан цахилгаан станц барих нь дэлхийн нийтийн үндсэн чиг хандлага болж хувирсан. Манай улсын эрчим хүчний салбар ч дэлхий нийтийн хандлагыг даган өөрчлөгдөх нь гарцаагүй. Гэхдээ шатдаг хийн нөөцөөр ядмаг тул ус, нар, салхи гэсэн гурван үндсэн эх үүсвэрийг тулахаас өөр аргагүй.
Энэ гурван эх үүсвэрээс стратегийн хувьд хамгийн чухал бөгөөд байгаль орчинд ээлтэй тогтолцоог бий болгоход шийдвэрлэх үүрэгтэй нь усан цахилгаан станц. Усан цахилгаан станцад илүү чухал анхаарал тавина гэдэг нь нар, салхины цахилгаан станцаас татгалзаж байгаа хэрэг биш харин ч энэ хоёр эх үүсвэр дээр суурилсан цахилгаан станцуудын оролцоог нэмэгдүүлэхэд УЦС шийдвэрлэх ач холбогдолтой болж таарч байгаа.
Усан цахилгаан станц бидэнд яагаад хэрэгтэй гэж...
“Монгол улсын гол баялаг нь хүн. Хүнээ хөгжүүлэлгүйгээр, хамгаалалгүйгээр, амьдрах таатай орчин бүрдүүлэлгүйгээр улс орноо хөгжүүлэх боломжгүй”. Ийм утгатай уриа, мэдэгдлийг уншигч та өдөр болгон шахуу зурагт, интернэт, сонин хэвлэлээс сонсч, харж, уншиж байгаа нь гарцаагүй. Энэ уриаг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй ч тэр бүгдийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, бараг хамгийн чухал гэж болохоор нэг зүйлийн хөгжил, хэтийн төлөвийг орхигдуулсан байдал анзаарагддаг. Тэр нэн чухал ач холбогдолтой хүчин зүйл нь цахилгаан эрчим хүч. Бүр тодруулбал, цахилгаан эрчим хүчний нэн тэргүүнд анхаарах ёстой эх үүсвэрийн асуудал.
Цахилгаан эрчим хүч оролцоогүй зүйл бидний амьдралд байхгүй болсон. Хүн амын тоо, төвлөрөл нэмэгдэхийн хэрээр эрчим хүчнээс хамаарах байдал цаашид улам л нэмэгдэнэ. Хүнийг цаг үетэйгээ хөл нийлүүлэн амьдарч,өөрийгөө хөгжүүлэхэд нь зайлшгүй шаардлагатай болсон орон байр, гар утас, интернэт, компьютер, ТВ, зам харилцаа, эмнэлэг гээд бүгдэд нь эрчим хүч зайлшгүй шаардлагатай. Цаашилбал, Монголын асар их байгалийн баялгийг бага зардлаар олборлож, нэмүү өртөг шингээн зах зээлд гарган мянга мянган хүнийг ажлын байраар хангах, маргаашийн өдөртөө итгэлтэй болгоход цахилгаан эрчим хүчний өргөн сүлжээ нэн тэргүүнд шаардлагатай.
Эрчим хүчний сайд Д.Зоригт “Coal Mongolia 2015” чуулга уулзалт дээр тавьсан илтгэлдээ Монгол улс шаардлагатай цахилгаан эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг импортоор авч байгааг мэдэгдсэн.
Иймд манай улсын нэн тэргүүнд анхаарах ёстой зүйл нь энэхүү импортын 20 хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох явдал. Дулааны цахилгаан станцын тоогоо нэмэх замаар энэ 20 хувийг нөхөх нь дэлхий нийтийн хандлагаас ухарсан хэрэг болно. Иймд нөхөн сэргээгддэг эх үүсвэр дээр тулгуурласан цахилгаан үйлдвэрлэн нөхөхөд голлон анхаарах шаардлагатай болж буй юм.
Нүүрс, ус, уран, нарны гэрэл, салхи гээд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглагддаг дийлэнх эх үүсвэр манайд бий. Зүгээр ч нэг бус харин хангалттай хэмжээгээр бий. Гэхдээ эдний дундаас эдийн засгийн амаргүй байдалд орсон одоо үед болон алс хэтдээ үр ач нарт маань хэрэг болох талаасаа авч үзсэн ч усан цахилгаан станцууд манайд хамгийн тохиромжтой гэдэг дээр олон шинжээч санал нийлж байна. Одоохондоо үйлдвэрлэж байгаа цахилгааны хэмжээ 1 хувь ч хүрэхгүй байгаа ч алс хэтдээ импортын 20 хувийг бүрэн орлоход усан цахилгаан станцууд л шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжтой байна. Мэдээж энэ бодлыг үгүйсгэх хүн ч гарна. Тиймээс яагаад усан цахилгаан станцыг хамгийн тохиромжтой гэж үзээд байгааг дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй.
Усан цахилгаан станцыг голлон анхаарах үндэслэл №1 буюу дулааны цахилгаан станцуудтай холбоотой бэрхшээл
Юуны өмнө Монголд үйлдвэрлэж, ашиглаж байгаа цахилгаан эрчим хүчний дийлэнхийг нүүрс ашигладаг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж байна. Шаардлагатай байгаа 20 хувийн импортын цахилгааныг дулааны цахилгаан станцаар орлуулъя гэж бодвол хэд хэдэн бэрхшээл гарна.
Уг нь ашиглалтын туршлагатай, эрчим хүчний нүүрсээр баялаг, боловсон хүчнээ өөрсдөө бэлдэх боломжтой гээд давуу тал ихтэй. Гэвч нөгөө талаас агаарын бохирдол гэж нэг том асуудал байна. Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчид агаарын бохирдол гэдэг тун ч таагүй, олон сөрөг нөлөөтэй үзэгдэлтэй өдөр болгон, ялангуяа өвлийн цагаар хамгийн ихээр тулгардаг. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын утааг шаардлагатай өндөр хэмжээнд тунгааж шүүдэг өндөр технологийн шүүлтүүр суулгана гэвэл цахилгаан эрчим хүчний өртөг нэмэгдэх сөрөг талтай. Нүүрсийг шатаасны дараа үүсдэг үнс гэх мэт хаягдлын хүчин зүйлс гарч ирнэ. Манай дотоодын зах зээл, ялангуяа эрчим хүчний нүүрсний зах зээл дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс тодорхой хэмжээгээр хамааралтай байдаг болсон. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний нүүрсний үнэ өсөхөд бага ч гэлээ өсч, буурахад буурч байдаг. Биднээс шалтгаалахгүйгээр өсч эсвэл буурна.
Дараагийн хүчин зүйл нь нүүрсийг олборлохтой холбоотой зардал. Нүүрсний үнэ буураад ирвэл уурхайг дампууруулахгүйн тулд төрөөс тэтгэлэг өгөх хэрэгтэй болно. Нүүрсийг олборлоход зайлшгүй оролцдог том оврын ачааны машин, эксковатор, бульдозер зэрэг нь дизель түлш гэсэн газрын тосны бүтээгдэхүүн ашигладаг. Тиймээс эдгээр бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөхөд нүүрсний олборлолтын зардал дагаад өснө.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом унаад одоохондоо бага байгаа. Гэвч газрын тосны үнэ бага байгаагаас үүдэн олборлогчид нь шинэ орд газрын эрэл хайгуул хийх, олборлолт шинээр эхлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх санхүүгийн боломж багатай болсон. Үүнээс болоод 20-30 жилийн дараа гэхэд одоо олборлолт явагдаж байгаа орд газрууд шавхагдаж, шинээр орд газар хайгаагүй учир баррель нь 120 ам.доллар орчим болно гэж дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчид анхааруулж байна. Энэ байдал нь олборлосон нүүрсийг цахилгаан станцуудад хүргэхтэй буюу төмөр замаар тээвэрлэлт хийхтэй шууд холбоотой.
Энэ гурван хүчин зүйл нийлээд дулааны цахилгаан станцын ашиглалтын зардал өндөр гэсэн гурав дахь хамгийн том асуудал болж хувирна. Дулааны цахилгаан станцыг барьснаар асуудлыг шийдэхгүй нүүрсний ба газрын тос боловсруулалтын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ, байгаль орчны бохирдол, засвар үйлчилгээний зардал гэсэн зүйлийг тогтмол шийдэх шаардлагатай тулгарна.
Усан цахилгаан станцыг голлон анхаарах үндэслэл №2 буюу салхины цахилгаан станцуудтай холбоотой бэрхшээл
Салхи нь сэргээгддэг эх үүсвэр болохоор хамгийн боломжтой, байгаль орчинд ээлтэй нь ойлгомжтой. Гэхдээ салхины хүч, хурдыг хүн удирдаж, байнга тогтмол байлгах боломжгүй гэсэн сул талтай.
Салхины станц нь секундэд 3 метрийн хурдтайгаас эхлэн цахилгаан үйлдвэрлэж эхлээд секундэд 25 м болох үед осол гарахаас сэргийлэх үүднээс үйлдвэрлэхээ зогсоодог. Харин секундэд 15 метрийн үед цахилгааны үйлдвэрлэл хамгийн дээд хэмжээндээ хүрдэг. Салхины хурд буурах эсвэл өсөх үзэгдэл нь хоног, улирлын гээд олон хэлбэлзэлтэйн дээр хүн ямар нэг байдлаар нөлөөлөх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл салхийг байнга 15 м/с гэсэн хурдтай үлээлгэх боломжгүй. Иймд хүнээс огтхон ч үл шалтгаалах хүчин зүйлсийн нөлөөгөөр салхины хурд буурахад үйлдвэрлэж байгаа цахилгааны эрчим хүчний хэмжээ багасна.
Гэтэл өдөр тутам хүнд шаардлагатай цахилгааны эрчим хүчний хэмжээ нь салхины эдгээр хэлбэлзлээс бараг л ямар ч хамааралгүй. Тэгвэл цахилгааны хэрэглээ хамгийн өндөр болдог өвлийн улиралд, харанхуй болсны дараа салхины хурд урьдчилан тогтоох боломжгүй байдлаас болж огцом унасан 3-5 хоногийн үе таарвал яах вэ гэсэн асуудал үүснэ. Салхи үлээхгүй байгаа юм чинь яах ч арга алга гээд хэрэглэгчдэд түгээж байгаа цахилгаанаа хязгаарлаад байж болохгүй. Салхины хурд секундэд 25 метрээс илүү гараад ирвэл станц дээр осол гарахаас сэргийлэх үүднээс хаадаг байтал хаврын улиралд хоёр гурав хоног хүчтэй шорон шуурга болвол яах вэ? Шуураад байгаа юм чинь арга алга гээд цахилгаан таслах уу?
Тиймээс иймэрхүү хэлбэлзлийг арилгаж, цахилгааны эрчим хүчний хэрэгцээг тогтмол хангаж байдаг өөр цахилгаан станц байгуулж тогтворжуулах заавал шаардлагатай болдог. Тухайн улсын цахилгаан эрчим хүчний салбарт салхины цахилгаан станцын үйлдвэрлэж байгаа цахилгааны эзлэх хувь бага үед ийм хэлбэлзлийг хэрэглэгчдэд мэдэгдүүлэлгүйгээр цаг тухай бүрт нь тогтворжуулаад байх боломжтой. Харин энэ эзлэх хувь нэмэгдээд ирвэл цахилгааны үйлдвэрлэл хэлбэлзэх эрсдэл өндөр болж тухай бүрт тогтворжуулах хөндлөнгийн эх үүсвэр нэн чухал болно. Манай нөхцөлд тогтворжуулах чадвартай цахилгаан станцын тоо хүчин чадал хязгаарлагдмал тул ахиад нэмж илүү хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих эсвэл импортлох зам л үлдэнэ гэсэн үг. Тэгвэл дулааны цахилгаан станц нэмж барилгүй, импортоо нэмэгдүүлэлгүй энэ асуудлыг шийдэхэд усан цахилгаан станц л хамгийн тохиромжтой.
Усан цахилгаан станцыг голлон анхаарах үндэслэл №3 буюу нарны цахилгаан станцуудтай холбоотой бэрхшээл
Нарны цахилгаан станцуудын тулгардаг асуудал нь үндсэндээ салхин станцуудын тулгардагтай адил. Юуны өмнө нарны цацраг туяаг цахилгаан болгон хувиргагч фотоэлементүүд нь өөрөө үнэтэй бүтээгдэхүүн. Тогтмол хэрэглэх үед гарцаагүй гарах гэмтлийг солих, сэлбэх зардал өндөр.
Шөнийн цагт нар гэдэг эх үүсвэр байхгүй болдог тул өдөрт гаргаж байгаа эрчим хүчээ хуримтлуулах шаардлагатай тулгарна. Нарны үүсгүүрийн боловсруулсан цахилгаан эрчим хүчийг хуримтлуулан хураагч буюу аккумуляторууд хэрэгтэй. Эдгээр аккумулятор нь шөнийн цагаар хураасан цахилгаанаа тараана. Цөөвтөр хүн амтай жижиг тосгон, суурин газруудын эрчим хүчийг ийм байдлаар хангаад байж болно. Нарны станцын хүчин чадал нэмэгдэхэд аккумуляторуудын тоо нэмэгдэнэ. Аккумуляторууд дундаа газрын ховор элемент оролцсон олон цагаар цахилгаанаа хадгалдах үнэтэй нь хэрэгтэй. Ингэхгүй бол шөнийн цаг болон цаг агаарын өөрчлөлттэй холбоотой бэрхшээлийг давж гарахад бэрх. Цаашилбал газрын ховор элементүүдийг олборлох, боловсруулах, бэлдэх зэрэг нь экологид багагүй сөрөг нөлөө үзүүлдэг. Дээр нь эдгээрт шаардлагатай элементүүдийн дэлхийн зах зээл дээрх үнэ гэсэн хүчин зүйл орж ирнэ.
Дараагийн нэг бэрхшээл нь тоосжилтоос үүдэлтэй. Манайх шиг улс тэр олон зуу, мянган нарны үүсгүүрүүрийг шороо, тоосноос тогтмол цэвэрлэх гэсэн нэлээд ээдрээтэй асуудалтай тулгарах нь гарцаагүй. 25-30 жил болсны дараа нарны үүсгүүрийн ажиллах хугацаа дуусахад солих хэрэгтэй болно. Гэтэл нарны үүсгүүрийг үйлдвэрлэхэд ордог зарим бодисын улмаас ердийн хог хаягдлын адил хаях хориотой. Иймд экологид үзүүлэх сөрөг нөлөөг арилгахын тулд тэдгээрийг боловсруулах тусгай үйлдвэр технологи шаардлагатай. Үүнийг нарны цахилгаан станцыг барьж эхлэх үеэс л тооцох хэрэгтэй болно. Нарны цахилгаан станцын бас нэг сул тал нь эзэлдэг талбай ихтэй байдаг. Нарны станцын хүчин чадал нь нэмэгдэхийг дагаад эзэлдэг талбай нь их. Тэр хэмжээгээр асар их газар байнгын сүүдэрт байдаг болсноор хөрсний бүтэц, ургамал ба амьтны аймагт багагүй сөрөг нөлөө үзүүлж байдаг.
Цаашлаад эрчим хүчний системдээ нарны цахилгаан станцын эзлэх хувийг нэмэгдүүлнэ гэвэл шөнийн болон цаг агаарын хэлбэлзлийг арилган, тэгшилж байдаг адил хүчин чадалтай өөр эх үүсвэрээс тогтвортой ажилладаг цахилгаан станц барих эсвэл мөн л импортоор цахилгаан авах гэсэн шаардлагатай тулгарах юм. Энэ асуудлыг шийдэхэд усан цахилгаан станц өөрсдөө барих нь хамгийн тохиромжтой, оновчтой шийдэл болно.
Усан цахилгаан станцын давуу тал
Юуны өмнө ус нь эрчим хүчний сэргээгддэг эх үүсвэр. Өнөөдөр дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа сэргээгддэг эх үүсвэрийн цахилгаан эрчим хүчний 60-80 гаруй хувийг усан цахилгаан станц үйлдвэрлэж байна. Сэргээгддэг эх үүсвэр дээр тулгуурласан эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт усан цахилгаан станцууд тэргүүлдэг. Сэргээгддэг эх үүсвэрийн салбарт усан цахилгаан станцууд хамгийн олон жил ашиглагдаж, хамгийн сайн судлагдсан.
Цаашилбал, усан цахилгаан станц нь эрчим хүч үйлдвэрлэхдээ түлш хэрэглэдэггүй тул дэлхийн зах зээл дээрх газрын тос, нүүрс гэх мэт органик гаралтай түлшний үнийн хэлбэлзлээс огт хамаардаггүй. Усыг олборлох, цахилгааны үүсгүүр рүү хүргэх зардал байхгүй учраас хамгийн хямд өртөгтэй цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Тодруулбал, усан цахилгаан станц дээр үйлдвэрлэж байгаа эрчим хүч нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудынхаас даруй хоёр дахин хямд. Үйлдвэрлэж байгаа цахилгааны хэмжээг хэрэглээнд тохируулан дээд хэмжээнээс эхлээд тэг хүртэл ихэсгэж эсвэл багасгаж болдог гэдгээрээ нарны, салхины, дулааны цахилгаан станцаас давуу.
Цахилгаан түгээх сүлжээний ачааллын шаардлагад нийцүүлэн тохируулагчийн үүрэг гүйцэтгэж чаддаг асар том давуу талтай. Хүчин чадал ихтэй нар ба салхины цахилгаан станцуудыг олноор байгуулахад усан цахилгаан станц нь хоног ба цаг агаарын өөрчлөлттэй холбоотой хэлбэлзлийг арилгах, тогтворжуулахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Ингэснээр сэргээгддэг эх үүсвэр дээр голлон суурилсан цахилгаан эрчим хүчний сүлжээг байгуулахад усан цахилгаан станцууд шийдвэрлэх үүрэгтэй.
Дээр дурьдсанчлан хүчин чадал ихтэй салхины болон нарны цахилгаан станцуудыг байгуулан ашиглаж эхлэхэд эх үүсвэрийн өөрийнх нь онцлогоос хамааралтай цахилгаан үйлдвэрлэлийн хэлбэлзэл үүсдэг. Энэ хэлбэлзлийг арилган жигдлэхийн тулд адил эсвэл илүү хүчин чадалтай тогтмол ажиллагаатай өөр эх үүсвэрийн цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай байдаг. Ийм үед салхины эсвэл нарны нэг станц барихад, түүний ажиллагаг жигдлэх, цахилгааны хэлбэлзлээс хамгаалахын тулд дагаж бас нэг дулааны цахилгаан станц барилгүйгээр, нэг системд нэгтгэсэн усан цахилгаан станц барих замаар асуудлыг шийдэх нь хамгийн зөв. Ингэж чадвал импортын эх үүсвэрүүдээс хамааралгүй төдийгүй шаардлагатай үед эрчим хүчний илүүдлээ экспортлох боломжтой орчин үеийн цахилгаан эрчим хүчний сүлжээ бий болгох бүрэн боломжтой.
Усан цахилгаан станцын үйлдвэрлэн гаргаж байгаа цахилгааны үнэ хямд гэдэг маш том давуу тал. Хямд цахилгаан ашиглан үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний өртөг багасч, өрсөлдөх чадвар нэмэгддэг. Өндөр хурдтай өсч байгаа эдийн засагтай орнууд энэ давуу талыг дээд зэргээр ашиглахыг зорьж, бодитоор хэрэгжүүлж байна. Бразиль, Энэтхэг, Хятад, Оросын зүгээс шинэ усан цахилгаан станц байгуулах, барьж байгуулснаа сайжруулахад онцгой анхаарч байгаа нь үүний тод жишээ.