ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 11 дэх удаагаа сэтгүүлчидтэй уулзаж, 32 асуултад хариуллаа. Хэвлэлийн том хурал 3 цаг 08 минут үргэлжилсэн байна. Оросын Ерөнхийлөгч хамгийн түрүүнд эдийн засагтай, мөн олон улсын асуудлуудтай холбоотой асуултууд, тухайлбал, Орос-Туркийн харилцаа, Сири болон Украины хямрал, Гүрж, АНУ-тай холбоотой асуултад хариулсан байна. Энэ жилийн хэвлэлийн хуралд хамгийн олон буюу 1390 сэтгүүлч оролцжээ.
Эдийн засгийн тухайд
Хямралын оргил үеийг Оросын эдийн засаг даван туулсан гэж Оросын Ерөнхийлөгч мэдэгдлээ.
2016 онд эдийн засгийн өсөлт 0.7 хувьд хүрч, 2017 онд 1.9 хувиар, 2018 онд 2.4 хувиар өснө хэмээн Оросын Засгийн газар найдаж байна. Торх нефтийн үнийг 50 долларт хүрнэ гэдэг таамгийг үндэслэн бүх зүйлийг тооцоолсонд та бүхний анхаарлыг хандуулмаар байна. Одоо нефтийн ханш тааруу байгаа.
Оросын Засгийн газар төсвөө дахин тооцоолохыг яарахгүй, гэхдээ үйл явдал ямар ч байдлаар өрнөхөд бэлэн гэдгийг Оросын төрийн тэргүүн тэмдэглэжээ.
Анкаратай хийж буй харилцааны хувьд
ОХУ Туркийн одоогийн удирдлагатай харилцаагаа сайжруулах боломжгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдлээ. Путины хэлснээр, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллаж болох боловч энэ талаар ч хэлэлцэн тохиролцоход төвөгтэй юм.
Путин, Сирид Оросын СУ-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөснийг Анкарагийн дайсагнасан үйлдэл гэлээ.
Тэрбээр Туркийг ОХУ-тай үйл ажиллагаагаа зөвшилцөөгүй бөгөөд хэлэлцэн тохиролцохын оронд бөмбөгдөгч онгоцыг нь сөнөөсөн гэж буруушаалаа. Турктай “тус улсын хувьд маш эмзэг” асуудлаар хамтран ажиллахад ОХУ бэлэн байжээ.
ОХУ-тай ойлголцохын оронд Туркийн тал Брюссель руу зугтаж, “НАТО-гоор халхавч хийж эхэлсэн”. Тус улс бараг бүгдийг “маш хэцүү байдалд оруулсан” гэж тэрбээр хэлжээ.
Оросын бөмбөгдөгчтэй холбоотой хэрэг явдлын талаар Туркийн эрх баригчид “гуравдагч талтай” хэлэлцэн зөвшилцсөн эсэхийг Путин мэдэхгүй байна. Магадгүй туркууд “америкчуудад тал засч, долдигнохын тулд” Оросын онгоцыг сөнөөхөөр шийдсэн байх гэж Путин хэлжээ.
Сирид явуулж буй ажиллагааны тухайд
Сирид ажиллагаа явуулахад Орост хөрөнгө мөнгө хүрэлцэх эсэх тухай асуултад Путин хариулахдаа, Оросын Агаар-сансрын хүчний тусдаа явуулж буй ажиллагаа төсөвт ноцтой дарамт учруулаагүй гэжээ.
Бид дайныг эхлүүлээгүй. Бид өөрийн Агаарын цэргийн хүчин, Сансрын хүчин, Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, тагнуулыг ашиглан тусдаа ажиллагаа явуулж байна. Энэ нь төсөвт ноцтой дарамт учруулаагүй. Бид ердөө л цэргийн сургуульд зарцуулахаар төлөвлөж байсан хөрөнгө мөнгөнийхөө зарим хэсгийг Сирид явуулж буй ажиллагаанд зарцуулахаар болсон гэж тэрбээр хэлсэн байна.
Гүржтэй хийж буй харилцааны тухайд
ОХУ Гүржтэй харилцаагаа сэргээж, тус улстай визийн журмаа цуцлахад бэлэн байна гэж Путин мэдэгдлээ.
Бид харилцаагаа сэргээхэд бэлэн байна. Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдал нь юуны өмнө, Гүрж, Өмнөд Осет, Абхазын ард түмний хэрэг юм. Тэдэнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Бид ямар ч шийдвэрийг хүлээн авна гэж тэрбээр хэлсэн байна.
Орос-Украины харилцааны хувьд
ОХУ Киевт хориг арга хэмжээ авахгүй, гэхдээ Украинтай байгуулсан чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээг цуцалж байгаатай холбоотойгоор тус улсад хөнгөлөлт, давуу эрх олгохгүй.
Украины хямралыг шийдэх тухайд
Украины хямралыг хурцатгах сонирхол Орост байхгүй. Гэхдээ тус улсын зүүн өмнөд нутагт хүмүүсийг хөнөөх замаар хямралыг шийдэж болохгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдлээ.