Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Такамүра Хисако: Надаас биш найзаасаа сонсох нь илүү үр дүнтэй

Э.ГАНЦЭЦЭГ

Өсвөр үеийнхний эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой систем байгуулах” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслөөр 10-19 насны үе тэнгийн зөвлөхүүдийг бэлтгэж, үе тэнгийнхнээс үе тэнгийнхэнд, гэр бүлээс гэр бүлд гэх зарчмаар эрүүл амьдралын дадал, хэвшлийг өсвөр үе, олон нийтэд түгээх юм. Эхний ээлжинд төслийг Сүхбаатар дүүргийн захын 71 дүгээр дунд сургуульд төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Учир нь, сүүлийн жилүүдэд Сүхбаатар дүүрэгт өсвөр насны охидын жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол бусад дүүргүүдтэй харьцуулахад харьцангуй олон бүртгэгджээ. Түүнчлэн уг сургуулийн өсвөр насныхан энэ төрлийн мэдлэг дутмаг байгаа нь судалгаанаас харагджээ. Төслийн менежер Такамүра Хисакотай энэ тухай ярилцлаа.

-Монголд өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуу­дал хөндүүр сэдэв болсон тухай анх хэрхэн мэдээлэл авсан бэ?
-Дунд сургуульд байхдаа Монгол оронтой газарзүйн хичээлээр танилцаж байлаа. Тэр үеэс Монголд очиж үзэхийг хүсдэг болсон. Манай Жичигийн анагаах ухааны их сургуульд танай улсаас нэг багш ирж докторын сургалтад хамрагдаж байсан юм. Би бага байхдаа Монгол орныг уудам сайхан тал нутаг, нүүдэлчин амьдралтай малчин ард түмнээр төсөөлдөг байсан. Гэвч тэр Монгол багшаас танай улсад хотжилт эрчимтэй явагдаж, иргэд нь суурин соёл иргэншил рүү шилжиж, үүнийгээ дагаад орчны нөлөөллөөс үүдэлтэй эрүүл мэндийн асуудал ихтэй болж, ялангуяа өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал санаа зовоох болсон тухай олж мэдсэн. Энэ үеэс Монгол орон миний анхаарлыг илүү их татаж, төсөл хэрэгжүүлэх талаар бодох болсон.

-Төслийг хэрэгжүүлэхийн тулд өсвөр үеийнхний дунд хоёр жилийн турш судалгаа явуулсан.Тэгэхээр судалгааны явцад ямар асуудалд илүү анхаарал хандуулах ёстой гэсэн дүгнэлт гарсан бэ?
-Мэдээж, эхний ээлжинд бодит байдлыг мэдэхийн тулд урьдчилсан тандалт судалгааг хоёр жилийн турш явуулсан. Мөн холбогдох албаны хүмүүстэй уулзаж, өсвөр үеийнхнээс асуумж авсан. Ингээд хоёр жил судалгаа явуулсны эцэст өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол дутагдалтай байгаа нь ажиглагдсан. Ингээд төслийг хэрэгжүүлэхээр болсон. Түүнчлэн судалгааны явцад хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их, үүний уршгаар Улаанбаатарт түр оршин суугч ихтэй төдийгүй элдэв өвчний халдвар тээгч байх магадлал өндөртэй харагдсан. Зөвхөн өсвөр үе ч гэлтгүй, энэ мэт шалтгаанд үндэслэж, уг төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн.

-Японд энэ төрлийн боловсролыг хэрхэн олгодог вэ?
-Манай улсад эрүүл мэндийн хичээл нэгдүгээр ангиас төгсөх хүртэл ордог. Гэхдээ ерөнхий мэдээлэл өгөхөөс илүүтэй тухайн хүүхдийн нас, бие физиологийн онцлогт тохирсон эрүүл мэндийн боловсролыг яамны тусгай хөтөлбөрийн дагуу суулгаж өгдөг. Мэдээж бага ангиудад ерөнхий эрүүл мэнд, эрүүл ахуйн хичээлүүд орно. Харин V-р ангиас хүүхдийн шилжилтийн насны онцлогтой холбоотойгоор нөхөн үржихүйн хичээлүүд оруулдаг. Ингэснээр хүүхэд өөрийн хүсч буй мэдээллийг олж авдаг. Манай улсад эрүүл мэнд- биеийн тамирын багш, сургуулийн сувилагч хоёр хамтран эрүүл мэндийн хичээл заадаг. Уг төслийг бодлогын хэмжээнд авч үзэж, улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлдэг. Бүх аймаг, мужуудад хэрэгждэг гэж болно. Тиймээс манай улсын өсвөр насны хүүдүүдийн нөхөн үржихүйн төдийгүй, эрүүл мэндийн боловсрол өндөр байдаг.

-Үе тэнгийнхнээс үе тэнгийнхэнд аргачлал оновчтой санагдлаа. Үнэхээр л хүүхдүүд нэгнээсээ мэдээлэл хүлээж авахдаа сайн байдаг?
-Манай төсөл сургалтын төлөвлөгөөнөөс гадуур, олон улсад хэрэгждэг онцлогтой. Ингэхдээ үе тэнгийнхнээс, үе тэнгийнхэнд гэр бүлээс гэр бүлд гэх зарчмаар ажилладаг. Ер нь, өсвөр насны хүүхдүүд багш, эмч, аав, ээжээс илүүтэй найз нөхдөөсөө мэдээлэл авахдаа сайн байдаг. Тэр ч үүднээс бид үе тэнгийнхнээр нь дамжуулж, өсвөр үеийн хүүхэд залууст нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг олгохоор шийдэж, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулж, олон оронд хэрэгжүүлээд байна.

-Манайд хэрэгжих энэ төсөл Мексикт хэрэгжсэн гэж сонслоо. Мексикийн өсвөр үеийнхэнд гарсан үр дүнгээс хуваалцаач?
-Бид сүүлд Мексикт уг төслийг хэрэгжүүлсэн. Манай төслийн гол зорилго үе тэнгийн эрүүл мэндийн зөвлөх бэлтгэх. Төсөл хэрэгжсний дүнд үе тэнгийн  зөвлөхүүд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахад суралцаад зогсохгүй, найз нөхөддөө зааж сургадаг. Түүнчлэн гэр бүлийнхэндээ эрүүл амьдрах дадал,  хэвшлийн талаар ойлголт өгөх чадвартай болсон. Эрүүл мэндийн мэдээлэл үе тэнгийнхнээс үе тэнгийнхэнд, гэр бүлээс гэр бүлийнхэнд гэсэн халуун, дулаан уур амьсгал, дотно харилцаан дунд  илүү үр дүнтэй явагддаг гэдгийг Мексикт хэрэгжүүлсэн төсөл баталсан. Дээрх туршлагад үндэслэн, уг загварын дагуу Монголд төслөө хэрэгжүүлэх гэж байна.

-Төсөл хэдий хугацаанд хэрэгжих вэ?
-Төсөл энэ оноос 2019 оныг хүртэл хэрэгжинэ. Төсөлд хамрагдаж, бэлтгэгдсэн үе тэнгийн зөвлөхүүд нэгдүгээрт, өөрийн эрүүл мэндийг хамгаалах чадвартай, өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн зорилготой болно гэдэгт итгэлтэй байгаа. Хүүхдүүд маань өөрийнхөө ойрын хүмүүст эрүүл аж төрөх соёлыг түгээж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх  ажилд идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна. Манай төсөлд хамрагдсан хүүхдүүд нийгмийн идэвхитэй гишүүд болдог гэж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан