Л.БАТБААТАР
Барьцаалан зээлдүүлэх газрууд буюу ломбарданд хийсэн шалгалтын дүнгээ ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан танилцуулахдаа “Барьцаалан зээлдүүлэх газар улсын хэмжээнд 1100 орчим байдаг. Үүнээс 560 гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтаар барьцаалан зээлдүүлэх газруудад дараахь зөрчил илэрсэн. Нэгдүгээрт, Иргэний хуульд заасны дагуу алданги тооцохдоо хуулиар тогтоосон хэмжээнээс давуулж тооцдог. Тодруулбал, өдөрт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг тооцох ёстой. Гэтэл үнийн дүнг хэтрүүлж тооцдог.
Хоёрдугаарт, Иргэний хуульд, нийт алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй авах ёстой гэж заасан. Мөн үүнийг хэтрүүлж авдаг.
Гуравдугаарт, Иргэдийн өмч хөрөнгийг зардаг. Зараад илүү гарсан мөнгийг тухайн үйлчлүүлэгчид олгодоггүй. Эдгээр зөрчлүүдийг арилгах албан шаардлагыг барьцаалан зээлдүүлэх газруудад хүргэсэн. Барьцаалан зээлдүүлэх газруудаас зөрчлөө арилгасан, дахиж давтахгүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг аймаг, нийслэлийн дүүргүүдийн хяналтын хэлтсүүдтэй хамтарч хийлээ. Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэгчдийг сургалтад хамруулж, гарын авлага тараасан. Ингэснээр, нийт барьцаалан зээлдүүлэх газрууд иргэдтэй байгуулдаг гэрээний маягтыг Иргэний хуульд нийцүүлж боловсруулсан” гэв.
Мөн нийтийн орон сууцны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар “Хууль бус төлбөр хураамж авдаг таван компанийн зөрчлийг илрүүлснээ өмнө нь мэдээлсэн. “ЦТП”, “Ус дулаан дамжуулах төв”, “Насос”, “Тог” гэсэн нэрээр сар бүр нэг өрхөөс 2400-11000 төгрөг хууль бусаар авч байсан. Учир нь, Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифт үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны зардлуудыг тооцон баталдаг тул нэмэлт төлбөрүүд авах нь Эрчим хүчний тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь заалт болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалтыг зөрчиж байгаа юм. “Богд-Асар” компани зөрчлөө арилгахгүй сар болгон нэг айл өрхөөс 6000 төгоөг хурааж байсан.
Хэрэглэгчийг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө татсан үйлдэл нь гэм хэргийн шинжтэй гэсэн үндэслэлээр “Богд-Асар” компанийг холбогдох материалын хамт Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тус компаниас энэ оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ШӨХТГ-т хууль бус зөрчлөө бүрэн зогсоолоо гэсэн албан бичиг ирүүлсэн” гэж Т.Аюурсайхан дарга мэдээллээ. Мөн тэрээр ”Шалгалтаар хууль бус төлбөр авдаг аж ахуйн нэгж нэмэгдсэн. Тухайлбал, “Таункомфорт” ХХК Баянгол дүүргийн 3998 айл өрхөөс “Насос, цахилгаан” нэрээр сар бүр 5150, “Азын завод” ХХК Баянзүрх дүүргийн 812 өрхөөс “ЦТП” нэрээр сар бүр 4000, “Цонхлон үйлс” ХХК Хан-Уул дүүргийн 650 өрхөөс “ЦТП/насос” нэрээр сар бүр 5000 төгрөгийг хууль бусаар авч байсныг тогтоож, Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ. Эдгээр компани албан шаардлагыг хүлээн авч хууль бус үйлдлээ зогсоосноо мэдэгдсэн” гэлээ.
2013 онд ШӨХТГ-аас “Жаст-ойл”, “Магнай трейд” компанид хяналт шалгалт хийсэн юм. Үгсэн хуйвалдаж, нэг өдөр, нэг зэрэг, ижил хэмжээгээр бензиний үнийг нэмснээр Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж “Жаст-Ойл”-д 941 сая төгрөгийн, “Магнай трейд”-д хоёр тэрбум 368 сая төгрөгийн торгуулийн шийтгэврийг ШӨХТГ-аас ногдуулсан байдаг.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Эдгээр компани шүүхэд гомдол гаргасан. Гомдлын дагуу өнгөрсөн тавдугаар сард Анхан шатны шүүх хуралдаан, есдүгээр сард Давж заалдах шатны шүүх хурал, арваннэгдүгээр сард Дээд шүүхийн захиргааны хэргийн Хяналтын шатны шүүх хуралдаан тус тус болж, гурван шатны шүүх хуралд ШӨХТГ ялалт байгуулсан. Шүүхийн дүгнэлтээр дээрхи аж ахуйн нэгж үгсэн хуйвалдсан гэдэг нь тогтоогдсон. Гагцхүү ногдуулсан торгуулийг “Жаст-ойл”, “Магнай трейд” компанийн энэ жилийн нийт борлуулалтын орлогоос тооцохгүй. Өрсөлдөөний тухай хуулийн “27.1.1-т тухайн зөрчил гаргасан жилийн өмнөх жилийн борлуулалтын орлогоос хувь тооцож торгууль ногдуулна” гэсэн заалтын дагуу торгууль ногдуул гэсэн Дээд шүүхийн шийдвэр гарсан. Зөрчилтэй бараа бүтээгдэхүүний борлуулалтын тайланг тухайн аж ахуйн эрхлэгчээс л авах боломжтой.
ШӨХТГ-аас эдгээр аж ахуй эрхлэгчдэд хугацаатай албан тоот явуулсан. Уг тоотод энэ оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн дотор борлуулалтын мэдээллээ ирүүлэхийг даалгасан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл мэдээллээ гаргаж өгсөнгүй. Өрсөлдөөний тухай хуульд “Орлого нь тогтоогдох боломжгүй бол 27.2-т заасны дагуу өмнөх жилийн өөрийн хөрөнгийн тав хүртэлх хувиар торгууль ногдуулна” гэсэн байдаг. Иймээс Дээд шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн хөрөнгийн тав хүртэлх хувиар торгох торгуулийн арга хэмжээ авсан. Ингэхдээ өмнөх шийтгэврийн хэмжээнээс хэтрүүлэхгүй, ойролцоо байх зарчим баримталж “Жаст-ойл”, “Магнай трейд” компанийн 2012 оны өөрийн хөрөнгийн тав хүртэлх хувь буюу “Жаст-ойл” компанид 925 сая 678 мянга 564 төгрөгийн, “Магнай трейд” компанид хоёр тэрбум 186 сая 594 мянга 372 төгрөгийн торгууль ногдууллаа. Нийт гурван тэрбум 112 сая торгуулийн арга хэмжээ авсан. Эдгээр аж ахуй эрхлэгчид 30 хоногийн дотор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу ШӨХТГ-т гомдол гаргах эрхтэй. Гомдлоо гаргахдаа 2012 оны зөрчилтэй бараа бүтээгдэхүүн тус бүрийн мэдээллийг гаргаж өгвөл, үүнд үндэслэж торгуулийг шинэчилж тогтооно. Эс бөгөөс энэ торгуулийн хэмжээг хэвээр үлдээнэ” гэв.
Мөн банкны нэг хувийн шимтгэлийн тухайд Анхан шатны шүүх хурлын шийдвэр банкны талд гарсан. Ингэхэд нь, Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт ШӨХТГ-аас гаргасан. Гэвч, шүүх хэрэглэгчийн эрхийг зөрчсөн асуудлыг хэлэлцэхгүй зөвхөн Өрсөлдөөний тухай хуулийн зөрчлийг хэлэлцсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас өөр шийдвэр гаргасан. Тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийт шүүгч нарын дийлэнх нь өр, зээлтэй байна гэсэн мэдэгдлийг хийж байв.
Энэ мэдэгдлийн дагуу ШӨХТГ-аас нэр бүхий шүүгчдийг АТГ-т шалгуулсан. АТГ арванхоёрдугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн хариундаа “Гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шалгалаа. Шалгалтаар Захиргааны хэргийн анхан шатны шүүгч н.Адьяасүрэн, н.Долгорсүрэн нь “Улаанбаатар”, “Голомт”, “ХААН” банкнаас цалингийн болон орон сууцны зээлийг шүүгчээр томилогдон ажиллахаас өмнө авсан. Зээлээ хуваарийн дагуу тогтоосон хугацаанд төлж байна“ гэсэн. Банкны нэг хувийн шимтгэлийн талаар Давж заалдах шатны шүүх хурал энэ оны арванхоёрдугаар сарын 23-нд болно. Сэтгүүлчид та бүхнийг энэ хуралд өргөнөөр оролцохыг хүсч байна гэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан онцоллоо.