Т.ЭРДМАА
Нэгэн үед барилгын салбар цэцэглэж, Улаанбаатарын хаа сайгүй өндөр өндөр барилга сүндэрлэсэн. Гэвч эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж тус салбар өнөөдөр бүрэн зогсонги байдалд ороод байна. Энэ онд 25 мянган айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөө байгаа ч хөрөнгө оруулалтгүй зогссон нь олон. Үүнд урьдчилж захиалга өгсөн орон сууц ч орсон. Мөн өнгөрсөн онд долоон мянган орон сууц борлуулагдаагүй үлдсэн гэдэг. Тэгвэл үл хөдлөх хөрөнгө зуучийн компаниудын мэдээллээс үзвэл Улаанбаатарт одоогоор 10 мянган айлын орон сууц ашиглалтад орсон ч эзэнгүй байна. Нөгөө талаар орон сууцны нэг ам метр талбайн үнэ өнгөрсөн оныхоос 10 орчим хувиар унаад буй аж. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж орон сууцны борлуулалт буурсан ч жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож байсан тул цөөн ч гэсэн худалдан авагчтай байв. Тухайлбал, сард 1200 айлын орон сууц уг зээлээр эзэнтэй болдог дүн бий. Орлоготой хүн зээлтэй байдаг нь эдийн засгийн хууль. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг хасаад 20 хонож байна. Үүнээс хойш арилжааны банкууд жилийн найман хувийн хүүтэйгээр орон сууцны нэг ч зээл олгоогүй билээ. Учир нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн орчин үгүй болсон тул банкууд зээл олголтоо зогсооход хүрсэнийг Монголын банкны холбооны удирдлагууд мэдэгдээд байгаа. Тэгэхээр энэ хугацаанд нэг ч орон сууц зарагдаагүй гэж хэлж болно. Иймд үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн орчин бүрдвэл дээрх орон сууц борлуулагдах гарц нээгдэх юм. Үндсэн хуулийн дээрх шийдвэр гарснаар арилжааны банкуудад 3000 айлын орон сууц авахаар зээл хүссэн өргөдөл гацаад байгаа мэдээлэл ч байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн орчин үгүй болсноор банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд ч үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлээ зогсоожээ. Ийнхүү орон сууц ипотекийн зээлээр худалдаж авахаас гадна үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн өргөдөл, хүсэл ч талаар өнгөрч давхар гацаанд ороод байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр нь иргэдээ бодсон гэж байгаа ч тэдний үл хөдлөх хөрөнгийг үл тоож, банк барилгын гээд олон салбарыг “тэг” зогсолт хийхэд хүргээд байна.