Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаад Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тусламжаар баримт бичиг шалгах лаборатори байгууллаа.
Лабораторийн тоног, төхөөрөмж гардуулах ёслолд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дэд дарга бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баатарчулуун, Буянт-Ухаа дахь газрын дарга Д.Мөнхбадрал, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Бүсийн төлөөлөгч Лилжерт Пар болон талуудын албаны төлөөлөл оролцов.
Паспорт болон хурууны хээ уншигч, вэб камер бүхий эл лабораторийн тоног төхөөрөмж ашиглалтад орсноор баримт бичиг шалгахад дэвшил гарахаас гадна манай улсад 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын үеэр зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шуурхай явуулах бэлтгэл хангагдана хэмээн албаныхан хэллээ.
Тус лабораторийг хэрхэн ашиглах талаар Буят-Ухаа дахь газрын найман албан хаагчийг “Лабораторийн нарийвчилсан шалгалтын сургагч багш бэлтгэх сургалт”-нд хамруулжээ.