Б.БАДРАЛ
Шинэчлэлийн, Шийдлийн за аль ч байсан 2012 оноос өнөөг хүртэл ажиллаж байгаа Засгийн газруудын онцлох зүйл бол яах аргагүй томоохон бүтээн байгуулалтууд юм.
Бид өнөөдөр, маргааш цахилгааны доголдолд орчих вий дээ, халуун хүйтэн ус тасарчих болов уу эсвэл өвлийн хүйтэнд дулаангүй болчих вий дээ гэж санаа зовох зүйлгүй болсон гэдгийг Дулааны станцуудын удирдлагууд баталж байгаа юм. Учир нь өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд тогтмол шинэчлэл засвар зайлшгүй шаардлагатай байсан энэ үед Дулааны гурав, дөрөвдүгээр станцын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэнийг нийслэлчүүд маш сайн мэдэж буй. Зунжингаа халуун усны асуудалтай байсны “ачаар” ирэх 20 жилдээ цахилгаан дулааны асуудалгүй болжээ. Мөн цементээр дотоодынхоо хэрэгцээг хангах чадалтай боллоо. Дэлхийн хаана ч бидний үйлдвэрлэсэн цемент гологдохгүй гэж манай үйлдвэрлэгчид ам бардам хэлж байна. Бид дотооддоо үйлдвэрлэж чадаж байна гэдгийг манай үйлдвэрлэгчдийн буй болгож байгаа брэнд бүтээгдэхүүнээс харж болно.
Энэ бүхнийг бид хэрхэн бий болгов. Улсад ямар мөнгө байгаа билээ. Үйлдвэрлэгчид хэрхэн бага хүүтэй, урт хугацааны зээл авч чадав. Манай арилжааны банкууд ийм боломж олгож байна гэж үү?
Бидний “ад” үзээд байсан, байгаа “Чингис” бонд хэмээх 1,5 тэрбум ам.долларын “өр”-ийн ачаар энэ бүгдийг хийж бүтээжээ. Бондын түүхийг сөхвөл 17 дугаар зуунд дайн тулааныг санхүүжүүлэх эх үүсвэр олохоор Европын улсууд анх буй болгосон гэнэ. Санхүү эдийн засгийн удирдлагын тэнхимийн багш Б.Мөнхзаяагийн бичсэнээр дэлхий дээр 85 их наяд ам.долларын Засгийн газрын бонд байна гэсэн статистик байдаг.
Түүний бичсэнээс үзвэл Чили, Орос, Колумб зэрэг улсыг бодвол манай Засгийн газар харьцангуй бага хүүтэй бонд гаргаж чадсан ч төгрөгийн ханшийн уналт нь бондын бодит хүүг нэмэгдүүлсэн аж.
Сонирхоод дэлхийн улс орнуудын талаарх мэдээллийг хараад байхад бонд гаргах замаар гадаад өр тавиагүй улс гэж бараг байдаггүй бололтой. Өртэй улсаас өргүй улс нь хэд вэ гэдгийг тоолсон нь амар юм. Номхон далайд байдаг газар нутгаараа Богд уулын нэг амтай дүйцэх хэд хэдэн арлаас бүрддэг 50 мянга орчим хүн амьдардаг Вануату ч бил үү тэр л улсын Засгийн газар их “мундаг” бодлого явуулаад бонд байршуулаагүй, гадаадаас ямар нэг өр зээл аваагүй байсан.
Тэгвэл бид яагаад бонд авсан юм бэ гэхээр эдийн засгийн өсөлт нь зогсох, хөрөнгө оруулалт татрах, төсвийн зарлага хэтрэх гэх шалтгааны улмаас төсөв нь алдагдалд ордог. Энэ алдагдлаа зайлшгүй нөхөх шаардлагатай. Нөхөхийн тулд татвар илүү авах хэрэгтэй. Тэртээ тэргүй өсөхгүй байгаа эдийн засгаас дан ганц татвар нэмэх замаар асуудлыг шийдэх боломжгүй. Иймд эдийн засгийн өсөлт шаардлагатай.
Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Өөрт байхгүй хөрөнгө оруулалтыг мөнгөн дэвсгэрт хэвлэх буюу инфляцийг нэмэгдүүлэх замаар шийдэх нь аймшигтай сүйрэлд хүргэдэг тул зөвхөн бид ч биш дэлхийн улс орнууд гадаадад өр зээл тавьдаг. Авсан зээлээр хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн өсөлтөө хангах зорилготой. Товчхондоо бол дотоодын хуримтлал, хадгаламжийн дутагдлаас болоод дотоодын хөрөнгө оруулалт, төмөр зам, цахилгаан станц гэх мэт төрийн оролцоо заавал шаардлагатай дэд бүтцийн том төслүүдийг санхүүжүүлэх шаардлага нь гадаад өр зээл тавих, бонд гаргах үндсэн шалтгаан юм.
Өмнө хэлсэнчлэн гадаадад өр зээлгүй улс бараг байхгүйтэй адил төсөв нь алдагдалгүй улс ч дэлхийд бараг үгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн манай дарга нар шуналд автаад гадаадад өр тавиад байдаг юм биш, бодит хүчин зүйл нь байгаа хэрэг.
Өрийн хүүгээ төлөөд ард нь өөрийн хөрөнгөө нэмж үржүүлж чадаж байгаа бол эдийн засаг хөгжих боломжтой. Түр зуурын бэрхшээлээс болж хүү төлөхтэй холбоотой асуудал үүсвэл өөр эх үүсвэрээс буюу дахин шинэ зээл авч төлөх боломж байдаг. Манайд ч тодорхой хэмжээгээр иймэрхүү байдал үүсээд байгаа гэлтэй. Нэг бондыг аваад нөгөөгийн хүүг төлнө г.м.
Үнэхээр нүдээ олсон, ашигтай хөрөнгө оруулалт хийгдсэн байлаа ч гадаад өрийн хэмжээ хэт их, түүний дагуу төлөх ёстой хүү дэндүү их болохоор олсон ашгаа тийш нь өгөхөөс өөр аргагүй болно. Ингэснээр гадаадын зах зээлд бонд гаргах ба эдийн засгийн хөгжил хоорондын уялдаа холбоо алдагддаг.
Үүнээс харвал гадаадад бонд байршуулахаас ямар ч улс аль болох зайлсхиймээр.
Хамгийн хачирхалтай нь ийм таагүй байдал үүслээ гэдэг нь гадаад бондоос хийж байгаа хөрөнгө оруулалт ашиггүй байна гэсэн үг биш юм.
Гэхдээ төсвийн алдагдалтай гарах, түүнийг нөхөхийн тулд гадаадын зах зээлд бонд байршуулахыг алсын хараатай зарим улс эдийн засгаа улам өсгөх, хүн амаа ажлаар хангах, үйлдвэрлэл, шинжлэх ухаанаа хөгжүүлэх гол хөшүүрэг болгон ашигладаг юм байна.
АНУ нь Кейнсийн алдагдалтай санхүүжилтийн концепц гэгчийг бүр 1940 онд дагах болсон нь үүний тод жишээ. Энэ онолын дагуу хамгийн үр бүтээлгүй ч бай хамаагүй улсын төсвийн дурын зардал нь эдийн засгийн өсөлтөд хүргэх боломжтой. Өөрөөр хэлбэл бонд байршуулан нөхөж байгаа үргүй зардал ч эцсийн дүнд нийгмийг баяжуулах боломжтой гэж Кейнс нотолж байсан юм.
Санхүү ямар чухал үүрэг гүйцэтгэх тухай гол санаа нь тун энгийн гэж болохоор. Үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус салбарт улсын төсвөөс гаргаж байгаа зардлын хэмжээ ихсэхийг дагаад бараа таваарын төлбөрийн чадвартай эрэлтийг нэмэгдүүлэх бөгөөд эрэлт нэмэгдсэнээр үйлдвэрлэлийг цаашид ахин өргөжүүлэх, хөгжүүлэхэд түлхэц өгч, барилга байгууламж ба үйлдвэр барих хувийн болон төрийн хөрөнгө оруулалт ердийнхөөс илүүтэйгээр өснө. Эдгээр хөрөнгө оруулалт нь төлбөрийн чадвартай нийт эрэлтийг ахин шинээр өсгөж, үйлдвэрлэлийг цаашид өргөжүүлэх, хөгжүүлэх шинэ сэдэл өгөх г.м.
Ийнхүү богино, дунд, урт хугацааны төрөл бүрийн бонд тасралтгүй гаргах замаар нөхөж байдаг төсвийн зардлыг нэмэгдүүлэх нь бараа таваарын нэмэлт эрэлтийг үүсгэж, үйлдвэрлэлийн өсөлтийг хангаж, хямралын уналтыг даван гарах төдийгүй ажилгүйдлийг багасгах, бүх нийтийг ажлын байраар хангах боломж гарган өгч байна.
Кейнсийн онолын дагуу төсвийн алдагдлыг нөхөхийн тулд олон улсын зах зээлд Засгийн газрын бонд байршуулан гадны хөрөнгө оруулалтыг татсанаар дотоодынхоо зээлийн нөөцийн зах зээлийг хангаж өгсөн нь эдийн засгийн өсөлтийг ахиулах бас нэгэн хөшүүрэг болж.
Америк нь бондын хөрөнгийнхөө дийлэнх хэсгийг бодит баялаг бий болгогч салбар руу мөн батлан хамгаалах болоод түүнийг дагалдан хөгжиж байдаг өндөр технологийн салбаруудад оруулдаг. Ийм замаар хөдөлмөрийн бүтээмжийг тогтмол дээшлүүлж, улмаар технологи ба инноваци дээр суурилсан бүтцийн өөрчлөлтийг эдийн засагтаа бага багаар хийж байгаа юм.
Тэгэхээр хэргийн учир шалтгаан бонд байршуулах уу үгүй юу, төсөв алдагдалтай гарах уу, үгүй юу гэдэгт биш. Харин бонд байршуулахаас эхлээд, хөрөнгө оруулалт хийх хүртэл бүгдийг сайтар удирдах, өөрт хэрэгтэй чигт залахад хэргийн учир нь байгаа болж таарч буй юм.
Юм болгон хоёр талтай.