Ломбардууд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг ШӨХТГ-аас удаа дараа анхааруулсаар байгаа. Гэвч хууль бус үйлдлээ зогсоохгүй байна.
Улсын хэмжээнд 1000 гаруй ломбард байдгаас 560 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бидний мэдэх барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын үйлчилгээ эрхлэгчид "Иргэний хууль"-ийг зөрчсөөр байгаа тул ШӨХТГ-аас зөрчлөө арилгах шаардлагыг бүх ломбардад хүргүүлжээ. Ломбардууд иргэдээс авсан эд зүйлс дээр алданги тооцохдоо хуульд заасан хэмжээнээс илүү хувиар боддог. Тухайн эд зүйлийг худалдсан тохиолдолд илүү гарсан мөнгийг зээлдэгчдэд эргүүлэн төлдөггүй зөрчил ч байдаг. Тиймээс тус байгууллагаас ломбардын эздэд "Иргэний хууль", "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль"-ийн дагуу хэрэглэгчтэй хийх гэрээгээ өөрчлөх шаардлагыг хүргүүлжээ.