Л.БАТБААТАР
2015 онд УИХ-аас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан юм. Энэ хуулийг дагаж батлагдсан Тендерийн тухай хуульд “Гадаадаас импортлох бараа бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газар батална. Импортын бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүд чанартай, зах зээлийг хангах хэмжээнд үйлдвэрлэвэл, зөвхөн дотоодын үйлдвэрүүдээс худалдаж авна. Гадаадын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хориглоно” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө сурагчийн ширээ сандал худалдаж авахдаа хамгийн хямд үнэтэйг нь сонгодог байжээ. Тендерийн шалгаруулалтад дотоодод үйлдвэрлэсэн чанартай сурагчийн ширээ сандал тэнцэхгүй, Хятадын хямд үнэтэй, чанар муутай бараа бүтээгдэхүүн шаардлага хангадаг байж.
Аж үйлдвэрийн яамнаас төрийн худалдан авалтыг дэмжих үүднээс дотоодод үйлдвэрлэсэн сургуулийн болон цэцэрлэгийн ширээ, сандал, модон эдлэл, сурагчийн дүрэмт хувцас танилцуулах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
АҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү өдөрлөгийг нээж “Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэвэл бүтээгдэхүүнийг нь төр худалдан авах ёстой.
Импортын ширээ сандлыг 133 мянган төгрөгөөр худалдан авдаг бол, дотоодын үйлдвэрийнх 180 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэхдээ, гадаадын ширээ сандал хоёр жилийн настай байхад, дотоодын үйлдвэрүүд хийсэн ширээ сандалдаа 10 жилийн баталгаа өгнө гэсэн. Үүнээс, чанарын ялгаа харагдаж байна. Чанарын эдэлгээний зөрүүнээс гарах эдийн засгийн үр ашгийг 3-4 жилийн дараахь байдлаар тооцвол, Монгол Улс зургаан тэрбум төгрөг хэмнэхээр байна. 100 гаруй сургууль, цэцэрлэгийг концессын гэрээгээр удахгүй барина. Эдгээр сургууль, цэцэрлэгийн ширээ сандлыг зөвхөн дотоодын үйлдвэрүүдээс авах ёстой гэсэн Засгийн газрын 333 дугаар тогтоолыг АҮЯ гаргуулсан. Уг тогтоолд ширээ сандал, болон сурагчийн дүрэмт хувцасыг оруулсан. Тогтоолын дагуу Боловсролын яам зөвхөн дотоодын үйлдвэрүүдийн дунд тендер зарлана” гэв.
Мөн тэрээр “Бид бүх аймгийн Засаг даргатай “Аймгийнхаа үйлдвэрүүдээс худалдан авалт хийнэ” гэсэн гэрээ байгуулсан. Гэрээний үр дүнг удахгүй дүгнэнэ. Мөн Батлан хамгаалах яамтай 2015 оны худалдан авалтынхаа 70 хувийг дотоодын үйлдвэрүүдээс авах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээг дүгнэхэд худалдан авалтын 80 хувийг дотоодын үйлдвэрүүдээс авсан дүн гарсан. Дотоодын үйлдвэрүүдээ хөл дээр нь босгоё гэвэл, эхний ээлжинд борлуулалтыг нээх ётой. Засгийн газрын 333 дугаар тогтоолыг танилцуулах зорилгоор ирэх оны нэгдүгээр сард бүх төсвийн худалдан авагч, төрийн өмчит компанийн удирдлагуудыг оролцуулсан уулзалт зохион байгуулна” гэв.
Өдөрлөгт “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний ассоциац” болон “Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”-ны гишүүн аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцууллаа. Ханын дагуу сурагчийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцасыг эгнүүлэн өлгөсөн нь “Өүлэн менч” компанийн бүтээгдэхүүн аж. Тус компанийн Ерөнхий захирал Ц.Буянбаатар үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасны талаар “Импортын бүтээгдэхүүн болон дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хооронд чанарын маш их ялгаа байдаг. Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төсөлд 5600 ажилчин оролцож байна. Ингэснээр, маш олон хүний ар гэр, амьдралд тус болох нь ойлгомжтой. Импортоор оруулж байгаа сурагчийн дүрэмт хувцасыг гялгар уут үйлдвэрлэдэг поли этеллинээр нэхсэн давуугаар хийдэг. Үндсэндээ гялгар уут нөмрөөд явж байгаатай ялгаа байхгүй. Сурагчийн дүрэмт хувцасыг экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хонины ноосоор хийснээр, өвлийн улиралд дулаахан, эдэлгээ урт, биед сөрөг нөлөө үзүүлэхгүй нь ойлгомжтой” гэж хэллээ.
Үнийн хувьд дунджаар, бага ангийнх 47 мянга, дунд 65 мянга, ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас 98 мянган төгрөг. Олон хүн ажлын байраар хангагдахаас гадна шат дамжлага бүрт нэмүү өртөг шингээнэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нь нэг талаас олон хүнийг ажлын байраар хангана гэсэн үг.
Статистикийн тоо баримтаас үзвэл ерөнхий боловсролын сургуулиудад нийт 500 мянган хүүхэд суралцдаг. Жил бүр 50-60 хүүхэд нэгдүгээр ангид элсэж, мөн төдий тооны хүүхэд төгсдөг ажээ. Дунджаар жил бүр 200 мянган сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зах зээл бий гэж сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчид хэлж байв.
“Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний ассоциац” нь эгнээндээ 159 аж ахуйн нэгжийг нэгтгэсэн бизнесийн томоохон байгууллага. Тус ассоциацын Гүйцэтгэх захирал М.Жаргалмаа “Урьд нь сурагчийн дүрэмт хувцасны 80 хувийг импортлодог байсан. Энэ нь ганц нэг аж ахуйн нэгж буюу сургуулийн захирлуудын бизнес байв. Үндэсний үйлдвэрлэгчдээ манай эцэг эхчүүд сайн дэмжиж, бидний үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасыг худалдан авдаг болсон. Эхний жил 500 мянга, дараа жил нь 200 мянган сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэсэн. Үүнээс гадна, цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх зах зээл байна” гэв.
Сурагчийн ширээ сандлыг мөн л эгнүүлэн тавьжээ. Нэг хүүхэд суух болон хоёроор суух гэсэн сонголттой. Нэг хүүхдийн ширээ сандлын үнэ нь 120 мянган төгрөг. Хоёр хүүхдийнх 180 мянган төгрөгийн үнэ ханштай байв. Эдгээр ширээ сандлыг Үндэсний үйлдвэрлэгч “Смарт Солюшин” компани үйлдвэрлэжээ.
“Нэг хүүхдийн ширээ сандлын нийт өртөг 98 мянган төгрөг болсон. Манай үйлдвэр нэг сургуулийн ширээ сандлын захиалгыг 7-10 хоногийн дотор гүйцэтгэх хүчин чадалтай” хэмээн “Смарт Солюшин” компанийн Ерөнхий захирал П.Очирпүрэв үйлдвэрийнхээ онцлогийн талаар танилцууллаа.
“Монголын ой, модны үйлдвэр эрхлэгчдийн холбоо”-ны зүгээс 2010 оноос ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ сандлыг дотоодод үйлдвэрлэж хэрэгцээг хангах асуудлыг холбогдох газарт тавьж иржээ. Энэ талаар “Монголын ой, модны үйлдвэр эрхлэгчдийн холбоо”-ны Тэргүүн Д.Баасанбямба “Аж үйлдвэрийн яам байгуулснаар, төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого баримт бичиг баталсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийх шийдвэрийн дагуу сурагчдын ширээ сандлыг дотооддоо үйлдвэрлэх боломж нээгдлээ. Сүүлийн жилүүдэд төр засгаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр явуулсан бодлогын үр дүнд мод боловсруулах үйлдвэрүүдийн техник технологи эрс сайжирсан. Импортын бараа бүтээгдэхүүнээс дутахгүй өнгө үзэмж, чанартай, бөх бат үйлдвэрлэдэг болсон. Ийм учраас сурагчийн ширээ сандлыг Япон, Солонгос, Хятадаас импортлохыг зогсоож, боловсролын байгууллагууд дотоодын бүтээгдэхүүнээс худалдан авалтаа хийнэ үү хэмээн бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ өнөөдөр танилцууж байна” гэв.
Өдөрлөгт танилцуулж буй сурагчийн дүрэмт хувцас, ширээ сандлын өнгө үзэмж, хийц, чанар нь импортын бүтээгдэхүүнээс огт дутахгүй. Харин ч эх орны экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн учир хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр онцлог юм. Одоо үед хүн бүр л “Би эх оронч хүн” гэж цээжээ дэлдэх болсон цаг. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг та худалдан авч, хэрэглэж байвал өөрийгөө эх орондоо хайртай хүн тооцоорой.