Т.ЖАНЦАН
Эдийн засгийн хүндрэл бүх салбарт шургалж “үүрээ засч” байна. Тухайлбал, төмөр зам бол манай улсын эдийн засгийн толь гэж хэлж болно. Яагаад гэвэл Монгол Улсын нийт ачаа тээврийн 67 хувь нь төмөр замаар дамждаг.
Улаанбаатар төмөр зам 1100 гаруй км төмөр зам эзэмшдэг бөгөөд жилд 26-27 сая тонн ачаа тээх хүчин чадалтай. Тэгвэл Улаанбаатар төмөр зам өнгөрсөн онд 21 сая тонн ачаа тээвэрлэсэн. Харин он гарснаас хойш төмөр замаар 17.3 сая тонн ачаа тээвэрлэсэн статистик бий. Ингээд энэ онд 19 сая тонн ачаа тээвэрлэх тооцоо гараад байна. Үүнээс үзэхэд ачаа тээвэрлэх төлөвлөгөө хоёр сая тонноор тасарч буй юм. Шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсанд оршино. Жишээ нь энэ онд БНХАУ төмөр замаар маш бага хэмжээний нүүрс авчээ. Үүнээс гадна дотоодын дулааны цахилгаан станцуудын хэрэглээний нүүрсний хэмжээ өссөн. Гэвч Засгийн газраас дулааны цахилгаан станцын нүүрсний тээврийн үнийг хатуу тогтоон барьдаг. Гэтэл уг тээврийн хэмжээ өсөх тусам Улаанбаатар төмөр замын алдагдал нэмэгдэв.
Ингээд нэг тонн нүүрс тээвэрлэхэд гаргаж буй зардлынхаа 56 хувийг л олох болсон байна. Иймд тээврийн тарифаа нэмж зардлынхаа 80 хувийг нөхөх хэмжээнд хүргэжээ.
Төмөр замын хамгийн том үйлчлүүлэгч нь “Болд төмөр Ерөө гол” компани. Гэтэл дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ унасан тул тус компанийн экспорт хумигдсан аж. Тодруулбал дэлхийн зах зээл дээр 2011 онд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллар байв. Гэтэл энэ онд 36 ам.доллар болж буурлаа. Тэгвэл Улаанбаатар төмөр зам нэг тонн төмрийн хүдрийг 18 ам.доллараар тээвэрлэх тарифтай. Иймд төмрийн хүдрийн зах зээлд өрсөлдөх боломж тус компанид байхгүй юм. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг ачаанаас гадна зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь ямар ч ашиггүй жилд 25 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг гэдэг. Хэдийгээр алдагдалтай ажиллаж байгаа ч зорчигчийн тасалбарын үнийг нэмэхгүй байхаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг тогтсон байна.
Төмөр замын тээврийн нийт зардлын 50 хувийг түлш эзэлдэг. Иймд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг ОХУ-ын “Роснефть” компанитай шатахуун шууд худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч Засгийн газар уг шатахуунаас онцгой албан татвар авахаар шийдвэрлэсэн тул зах зээлийн үнээс хол зөрүүгүй болсон гэж төмөр замын удирдлагууд мэдээлсэн билээ. Улаанбаатар төмөр замын удирдлагууд транзит тээвэр нэмэгдүүлэхээр ажиллаж буй аж.
Тухайлбал, БНХАУ-аас ОХУ, Европыг зорьсон чингэлгийн тээвэр өнгөрсөн оныхоос 40 хувиар өсчээ. Цаашид Хятадын тээвэр зуучийн компаниудад хөнгөлөлт, урамшуулал санал болговол 30 орчим хувиар өсөх тооцоо байгаа. Уг асуудлыг ирэх оны хоёрдугаар сард болох Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны ээлжит хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Хятадаас Орос руу тээх тээвэр өрсөлдөөн ихтэй байгаа юм. Учир нь Улаанбаатар төмөр хувь нийлүүлсэн нийгэмлэг өнөөдөр Манжуурын Өвөр байгалийн төмөр зам, Казахстаны төмөр замтай үнийн саналаар өрсөлдөж буй. Аль бага тариф үйлчлүүлэгчид санал болгосон нь тээвэрлэх ачаагаа олж байгаа юм.
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар манай улсын төмөр замын тээврийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ийн ярилаа.

-Төмөр замын ачаа тээвэр нэлээд буурсан гэсэн. Хэдий хэмжээгээр буурав. Ашигтай ажиллаж чадаж байна уу?
-Төмөр замаар тээвэрлэж буй ачаа эдийн засгийн нэг том үзүүлэлт байдаг. Тэгэхээр төмөр замын ачаа тээвэр буурсан нь манай улсын эдийн засгийн эргэлт саарч буйг илтгэж буй юм. Одоогоор жилд тээвэрлэдэг байсан ачаа хоёр сая тонноор буураад байна. Энэ хэмжээгээр эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж манай улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүн буурсан гэж хэлж болно.
Монгол Улсын дотоодод тээвэрлэж буй ачааны хэмжээ буурсан, уул уурхайн экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна.
Улаанбаатар төмөр зам ОХУ, Хятад гээд хоёр хөршөө холбодог. Гэтэл улс хоорондын ачаа тээвэр өсөхгүй байгаа. Энэ нь манай хөршийн худалдаа, тээврийн харилцаа жигдрээгүй байгаатай холбоотой. Гэвч бид улс хоорондын ачаа тээвэр, хоёр хөршийн маань худалдаа арилжаа цаашид нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Улаанбаатар төмөр зам өнөөдөр бизнесийн зарчмаар ажилладаг. Өөрөөр хэлбэл орлого 20 хувиар буурвал бид 20-21 хувиар зардлаа танан ажиллаж байна. Зардлаа бууруулж чадсаны үр дүнд тээвэрлэх ачааны хэмжээ буурсан ч ашигтай ажиллаж байгаа.
-Тэгвэл ажил, үйлчилгээ буурсан өнөө үед түүнийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зохилтой гэж та үзэж байна вэ?
-Зарим улс орны туршлагаар эдийн засаг хүндэрсэн үед бүтээн байгуулалт хийдэг. Учир нь бараа бүтээгдэхүүн хямдарсан, эрэлт буурсан байдаг. Тухайлбал, авто зам, төмөр зам гээд дэд бүтэц мөн хөрөнгө оруулалт, бараа материал ихээхэн шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээний бүтээн байгуулалт хийдэг юм билээ. Энэ нь хүндэрсэн эдийн засгийг эргээд сэргээдэг, иргэдээ ажил орлоготой болгодог зүй тогтол бий. Улаанбаатар төмөр зам ачаа, зорчигч тээврээ бизнесийн гольдролд оруулна. Төмөр замын дотоодын үйл ажиллагаа, зам, вагон засвараа бид өөрсдөө хийнэ. Харин тээвэр, зорчигчийн үйлчилгээг хувийн хэвшилтэй хамтарч олон түмэнд үзүүлэх юм. Эдгээрийг бид энэхүү бизнес зөвлөгөөнөөр тодорхойлох гэж оролдож байна.
-Төмөр замын ачаа тээвэр, ашиг орлого нэмэгдэх шинэ гарц, боломж юу байна вэ?
-Хятад, Оросын хооронд транзит тээвэр хийж ашиг орлогоо нэмэгдүүлэх бэлтгэлээ хангасан. Үүний үр дүн гарч байна. Маргааш /өнөөдөр/ манай улсаар дамжиж Оросоос Хятад руу түүхий нефть төмөр замаар тээвэрлэж эхлэх юм. Энэ тээврийн хэмжээг хэлэх боломжгүй. Уг транзит тээвэр манай улсын валютын орлогыг өсгөнө. Мөн ашиг орлого нэмэгдсэнээр бид төмөр замдаа хөрөнгө оруулалт хийх, үйлчилгээгээ сайжруулах боломжтой болох юм.
-Та хувийн хэвшилтэй хамтарч үзүүлэх үйлчилгээнийхээ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Эхний ээлжинд зорчигчийн тасалбарыг бид зарахгүй. Хувийн хэвшил зарж иргэдэд хүргэж өгөх үйлчилгээ эрхлэх ёстой гэж үзэж байгаа. Уг үйлчилгээнд гар утас, IT, интернет сүлжээ гээд орчин үеийн технологи ашиглаж тасалбар борлуулах нь хувийн хэвшлийн санаачлагын асуудал. Зорчигчийн үйлчилгээний олон төрөл бий. Тухайлбал, хоол цай, галт тэрэгний доторх, зорчигчийн бууж, суух буудал дээрх үйлчилгээнүүд байна. Энэ бүгдийг хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх юм.
-Дулааны цахилгаан станцын нүүрс тээвэрлэлт алдагдалтай гэж үнэ нэмсэн гэдэг. Одоо үүнээс алдагдал хүлээж байгаа юу?
-Бид дулааны цахилгаан станцуудын хэрэглэх нүүрсний тээврийн үнэ тарифыг бага тогтоодог. Нүүрсний тээврийн тарифыг 5, 10 орчим хувиар нэмэх асуудал гарсан. Гэвч дулааны цахилгаан станцын хэрэглээний нүүрсний тээвэр ашиггүй хэвээр. Тэр бүү хэл алдагдал хүлээх тариф хэрэглэж байгаа. Гэхдээ төмөр замаар нүүрс экспортлох, цахилгаан станцаас бусад үйлдвэрлэл, бизнесийн зориулалтаар тээвэрлэх бол тогтсон тариф буюу өндөр үнэ мөрддөг.
-Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүнүүд төмөр замаар хэр тээвэрлэгдэж байна вэ?
-Төмөр зам дан ганц уул уурхай гэлгүй ачаа тээврийн үйлчилгээг эдийн засгийн бүх салбарт үзүүлдэг. Ачаа тээвэр бол манай төмөр замын үндсэн бизнес. Төмрийн хүдэр маш их тээврлэж байгаа. Ойрын хугацаанд хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн зэсийн баяжмал, жонш, коксжих нүүрс, цементийн үйлдвэрт шаардлагатай чулуун нүүрс тээвэрлэж байна. Эдгээрээс гадна авто тээвэртэй өрсөлдөж чингэлэгийн тээвэр хийдэг. Үүнд өрсөлдөөн их тул зах зээлийн зарчмаар тээврийн үнэ тарифаа тогтоож байгаа.
-Та төмөр замын үйлчилгээг хувийн хэвшилтэй хамтарч үзүүлнэ гэж дээр хэллээ. Хэзээнээс эхлэх вэ?
-Бид ачаа тээврийн үйлчилгээг зуучаар дамжуулан үзүүлдэг. Одоо 200 гаруй компани экспорт, импорт, транзит тээврийн үйлчилгээ үзүүлэхэд зуучилж байна. Энэ бол төмөр зам хувийн хэвшилтэй хамтаран ажиллаж буйн нэг хэлбэр.
-Галт тэрэгний тасалбарыг хувийн хэвшилийнхэн борлуулдаг болсноор үнэ тарифт ямар нэг өөрчлөлт орох уу?
-Бид одоогийн тарифаа мөрдөнө. Ерөөсөө өөрчлөхгүй. Хувийн хэвшлийн байгууллагууд бидний үйлчилгээг иргэдэд хүргэхдээ өөрийн үйлчилгээний хөлсийг авах нь зүйн хэрэг. Жишээ нь галт тэрэгний тасалбар 10 мянган төгрөг гэж бодоё. Тэгээд хувийн хэвшлийн байгууллагаар дамжаад иргэдэд хүрэхдээ ямар орчинд үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнийхээ хөлсийг л авах юм. Хэрэв VIP өрөө тасалгаа, тусгай орчинд үйлчилгээ үзүүлсэн бол тэр хэмжээний л хөлс авах учиртай.
-Улаанбаатар төмөр зам компани үйлчилгээгээ сайжруулах, замын сүлжээгээ өргөтгөх ямар төсөл, төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-Улаанбаатар төмөр зам бол Орос, Монгол хоёр улсын Засгийн газрын хувь нийлүүлсэн компани. Цаашид үнэт цаас гаргаж хөрөнгө татах, ачааны терменаль барих, томоохон худалдааны төвүүдийг төмөр замаар холбоход хамтрах хувийн хэвшил, хөрөнгө оруулагчийг хайж байна. Орос, Монголын Засгийн газар хамтарч Улаанбаатар төмөр зам компанийн дүрмийн санг нэмэгдүүлсэн. Ингээд тус бүр 125 сая ам.доллар гаргаж төсөл хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд зүтгүүрийн парк бүрэн шинэчлэгдлээ. Ирэх хоёр жил дохиоллын байгууламжуудыг бүрэн шинэчилж Улаанбаатар төмөр замын хөдөлгөөний удирдлага, үйл ажиллагааг автомат горимд шилжүүлэх юм. Одоо уг төслийг хэрэгжүүлж байна. Ер нь компанийнхаа хөрөнгө санхүүг нэмэгдүүлэх хүсэлт хоёр улсын Засгийн газарт тавихаас гадна зээлийн эх үүсвэр, төсөлд хамтарч ажиллах арга замаар төмөр замынхаа сүлжээг өргөтгөх төлөвлөгөө бий. Тухайлбал, Эрдэнэтээс цааш Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Завханы Арцсуурийн боомтын чиглэлд төмөр зам тавих шаардлага бий. Мөн Улаанбаатар хотыг тойруулж төмөр зам барих төсөл байгаа. Бас Сайншанд-Таван толгойг төмөр замаар холбох төсөл байна. Эдгээрээс гадна Улаанбаатар төмөр замыг хэсэгчлэн хос болгох, зарим хэсэгт цахилгаан галт тэрэг явуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Сонгино, Сонсголонгийн төмөр замын салаа бий. Үүнийг ашиглаж Хөшгийн хөндийн шинэ нисэх буудал руу хөнгөн чанарын төмөр замын хөдөлгөөн нээх асуудлыг Зам тээврийн яамтайгаа хамтарч судална. Учир нь 2017 онд шинэ нисэх буудал ашиглалтад орно. Тэгэхээр төмөр замын төв буудлыг нисэх буудалтай холбосон айр экспресс үйлчилгээ үзүүлэх шаардлага бий. Энэ нь олон улсын стандартад нийцэх юм. Ийм маягаар төмөр замыг өргөжүүлэх төлөвлөгөө бидэнд байна.