Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн есдүгээр сарын 24-нд олныг цочроосон жигшүүрт хэрэг гарсан. Тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч Б бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хэрцгийлэн зодсоны улмаас бүсгүй өнөөг хүртэл эмнэлэг, эмчийн хяналтанд эмчлүүлж буй. Харин Б.Ханбаатар гэгчийг баривчилж хорьсон бол бүсгүйг хэргийн газарт дуудан авчирсан тус сумын Тамгын газрын дарга Г.Ариунболд гээч Цагдаагийн байгууллагад хааяа дуудагдаж очиж мэдүүлэг өгөх “ажилтай” гадуур байцаагдаж байгаа аж.
Б бүсгүйн биеийн байдлын талаар түүний ээж В.Бадамсүрэн гуайтай ярилцлаа.
-Охины тань биеийн байдал өнөөдөр ямар байна вэ. Яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ч мөнгө санхүүгээс болоод хойшлуулсан тухай сонссон?
-Дахин хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэсэн. Гэмтлийн улмаас хэвлийн хөндийд нь шингэн хуримтлагдаж үрэвссэн, шээс нь задгайрч барьж чадахгүй байдалтай бусдын асрамжинд байна. Зөвхөн эм тарианд нь энэ хугацаанд 7 сая гаруй төгрөг зарцуулаад байгаа ч бусад зардлаа тооцвол жирийн малчин өрхөд хүнд л тусч байна. Бид чадах ядахаараа эмчилгээ сувилгаанд нь анхаарч байгаа боловч эмчилгээний зардлаа төлж чадахгүйн улмаас эмнэлгээс арга буюу гаргасан. Гэвч яаралтай эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай гэсэн учраас Эрдэнэчимэг гишүүнд хандаж тусламж хүссэн. Одоогоор хэвтүүлж байгаа эмнэлгийн бүхий л зардлыг гишүүн шийдэж өгсөнд үнэхээр талархаж байна. Би өөрөө охиноо сахиж байгаа.
Цаашдаа ч хэвлийн хөндийд хуримтлагдсан шингэн болоод үрэвслийг дарж байж хагалгаанд оруулна гэж эмч нар хэлсэн. Гадагшаа авч явж эмчлүүлэх ямар ч боломжгүй учраас эндээ л чадах ядахаараа эмчлүүлж, хүүхдээ босгож авмаар байна. Бид чинь энгийн л нэг амьдралтай хүмүүс учраас хурааж хуримтлуулсан юм байхгүй, урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр санхүүгийн хувьд хүндхэн байдалд л байна.
-Гэмт хэрэгтний ар гэрийн зүгээс эмчилгээний төлбөрт нэмэр хандив болж байна уу?
-Гэмт этгээдийн ар гэрт хандан туслалцаа үзүүлэхийг удаа дараа хүссэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авалгүй цагийг өнгөрөөсөөр гурван сар гаруй болчихлоо. Бид өөрсдийн бололцоотой бүхий л аргаар охиноо эмчлүүлэх зардлыг олж, өр тавьсаар өнөөдөртэй золгосон ч цаашид үнэхээр гар мухардчихлаа. Сайн эмч нарын буянд миний охин үхлээс мултарч, хөл дээрээ гишгэж, үрээ харах хувьтай байгаад баярлаж байгаагаа эгч нь нуухгүй. Гэсэн ч цаашид охиноо өөрийнхөө өмнө оруулчихгүйн тулд цаашид эмчлүүлж, эрүүл саруул болгох ганц хүсэл эх хүнд байна.Тиймээс олон түмнээсээ тусламж дэмжлэг гуйхаас өөр аргагүй болоод та бүхэнтэй уулзлаа.
-УИХ-ын эмэгтэй гишүүд очиж эргэсэн тухай мэдээлэл гарч байсан?
-УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс эмнэлэгт биечлэн ирж сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлж, охины минь үүрсэн зовлонг бага ч болов нимгэлэхд тусалсан УИХ-ын гишүүн Оюунгэрэл, Эрдэнэчимэг нарт эмэгтэй хүн, эх хүний хувьд гүн талархсанаа та бүхнээр дамжуулан илэрхийлж байна. Мөн ГССҮТ-ийн эмч Гантулга, УНТЭ-ийн эмч Саранцэцэг болон нийт эмч сувилагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Ийм бузар хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд хэрвээ болдогсон бол ялын дээд хэмжээ өгөхсөн. Хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар та бүхэн ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Одоогоор хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа л гэхээс өөр зүйл алга. Уг нь прокурорт очих хуулийн хугацаа энэ тэр нь болчихсон л юм шиг байна лээ. Чухам яагаад удаад байгааг сайн мэдэхгүй л байна.
Энэ хугацаанд миний охиныг сайн муу янз бүрийн өнцгөөс харж мэдээлэл цацсаар байгаад эх хүний хувьд үнэхээр эмзэглэж байна. Заримдаа нүгэлт хэргээ гуйвуулах муйхар бодлоор иймэрхүү сөрөг мэдээлэл цацаад байна уу гэж хардаж л сууна. Гэхдээ зарим нэг худал мэдээллийг нэн тэргүүнд залруулах нь зүйтэй гэж бодож байгаа учраас заавал хэлмээр байна. Нэгдүгээрт, миний охин Ханбаатар гээчтэй амрагийн харилцаатай байгаагүй. Огт байгаагүй юм шүү. Хоёрдугаарт, хэрэг гардаг өдөр элдэв найр наадам болоогүй байсан. Охиныг маань хуурч аваачаад архиар шахсан боловч, уугаагүй эрүүл байсан юм шүү. Гуравдугаарт охиныг минь биеэ эрхтэн эрүүл мэнд сэтгэл санаа, амьдралаар хохироочихоод хоёр хүнтэй зэрэг харилцаатай байсан биеэ үнэлэгч мэтээр олон нийтэд ойлгуулах гэж оролдож байгаад үнэхээр их харамсаж байна. Миний охин 3 настай охины хамт түрээсийн байранд амьдарч, төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, амьдралын төлөө зүтгэж явсан жирийн нэг өрх толгойлсон бүсгүй, жирийн нэг төрийн албан хаагч. Хэрэв хүйтэн цэвдэг сэтгэлтэй тэдгээр албан тушаалтнууд охиныг минь худлаа хэлж дуудаж, хүний санаанд ч багтамгүй аймшигтай байдлаар эрүүл мэндийг нь хохироогоогүй бол өнөөдөр бусдын адил төрдөө зүтгэж явахсан.Баянчандмань сумын Засаг даргын орлогч Ханбаатар, Тамгын газрын дарга Ариунболд нарын үйлдсэн бузар хэргийн үнэн мөнийг шүүх цагдаагийн байгууллага олж, гэмт этгээдэд харицлага тооцно гэдэгт итгэлтэй байгаа. Миний гайхшийг төрүүлж байгаа нэг зүйл бол Тамгын газрын дарга байсан Ариунболд өнөөг хүртэл ямар ч буруугүй гэрч гэх нэр зүүгээд чөлөөтэй явж байгаа юм. Тэр л миний охиныг ажлаа зүгээр хийж байхад нь дахин дахин дуудаж, гэмт этгээдийн гарт өгсөн. Хэрэв тэр дуудаагүй бол ийм хэрэг гарахгүй шүү дээ. Би үүнд үнэхээр их гомдолтой байгаа. Нэгдүгээр эмнэлэгт миний охиныг аваачиж өгөхдөө “зам дээрээс оллоо, танихгүй, ийм нэг хүн хэвтэж байна” гэж хэлсэн гэдгийг нь бодохоор үнэхээр хэлэх муу үг л олдохгүй юм.
-Бурхан минь, ийм зовлонг олон ээж битгий амсаасай гэж таны хэлсэн үгтэй санал нэг байна. Үнэхээр хэлэх муу үг олдохгүй юм. Төрийн албанд хариуцлагатай албан тушаал хашиж буй хүмүүст ёс суртахууны өндөр шаардлага тавьж байх ёстой. Тэд үнэндээ зарим талаараа иргэдэд үлгэр дууриал байх ёстой.
-Тэгэлгүй яахав. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартаа хандаж “төрийн удирдах албан тушаалтнуудын ёс суртахуун, гаргаж байгаа хууль буй үйлдвэлд цэг тавих цаг нь болж. Дахин хэчнээн аав, ээжийн хүү, охин гэмт халдлага, хүчирхийлэд өртөж болохыг хэн ч үгүйсгэх аргагүй ийм бодит эрсдэл байгаад анхаарч өгнө үү” гэж хэлмээр байна. Төрийн жирийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гэмт халдлагад өртөн эрүүл мэндээрээ хохирч байхад түүний гэр бүлийн гишүүдээс өөр хэнд ч хамаагүй мэтээр хохироод үлддэг жишиг бий болчих вий гэж эмзэглэж л байна. Бидэнд тохиолдсон ийм гашуун зүйл хэний ч гэр бүлд бүү тохиолдоосой. Миний охин эргээд ажиллаж, хөдөлмөрлөж чадвартай болохоороо бусдын адил эх орондоо хийж бүтээх, гэр бүлээ тэжээх, төрийн албандаа зүтгэх тэр сайхан мөч ирээсэй гэж би туйлын ихээр хүсч байгааг олон түмэн минь ойлгож бидэнд бага ч гэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүний тус гэдэг хэзээ ч багаддаггүй.
-Хандивын данс нээсэн үү. Та манайхаар дамжуулж хандивын дансаа тавьж болно оо.
-Манай гэр бүл охиноо эрүүл энх болгохын тулд олон түмэндээ хандаж тусламж хүсч, хандивын данс нээсэн байгаа. ХААН БАНК : 5030496142, Төрийн банк: 311000089875 В.Бадамсүрэн гэж миний нэр дээр бий. Бидэнтэй 94444212, 88191432, 89764443 гэсэн утсаар холбоо барьж болно.