Төмөр замын системээ шинэчилж, өндөр хурдны суудлын галт тэргийг Энэтхэг Японоос худалдаж авахаар болсон байна.
Мумбай-Ахмедабадын чиглэлд өндөр хурдны суудлын галт тэрэг зорчиж, 8 цагийн аяллыг 2 цаг болгоно гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хэлсэн байна.
Энэтхэгийн нийслэл Шинэ-Делид болсон хоёр талын яриа хэлцээний үр дүнд олон хэлэлцээрт хүрсний нэг нь өндөр хурдны суудлын галт тэрэгний гэрээ юм. Мөн бусад салбарт хамтран ажиллах талаараа Азид эдийн засгаараа 2, 3-т ордог орнуудын удирдагчид мэдэгдсэн юм.
Батлан хамгаалах технологийн гэрээ болон цөмийн эрчим хүчийг энхийн замаар ашиглах тухай харилцан ойлголцлын санамж бичиг үүнд багтаж байна. Цөмийн эрчим хүчийг энхийн замаар ашиглах тухай санамж бичгийн дагуу атомын цахилгаан станцын технологийг Япон Энэтхэгт экспортлох төлөвтэй байна.
Баасан гарагт эхэлсэн, Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Энэтхэгт хийж буй гурван өдрийн айлчлалын үеэр хэлэлцээрт хүрсэн юм. Энэтхэг, Япон хоёулаа Хятадтай нутаг дэвсгэрийн маргаантай бөгөөд бүс нутагт Хятадын нөлөө тэлж буйтай холбогдуулан хоёр улс харилцан зөвшилцсөн гэж зарим шинжээч үзэж байна.