Т.ЖАНЦАН
Монгол Улс өнөөдөр хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаана явна вэ гэдэг асуултад хүн өөр өөр хариулт өгөх байх. Тэгвэл одоогоос арван жилийн өмнө Английн Оксфордын их сургуулийн профессор Пол Коллиер дэлхийн нэг тэрбум хүмүүс амтай 58 улс ядуурлаас гарч чадахгүй, хоцрогдсоныг олон жил хийсэн судалгаагаараа тогтоосон байдаг. Эдгээр орны тоонд Монгол Улс орсон байдаг. Дээрх улсууд хөгжлөөр хоцрогдсон дөрвөн гол шалтгаан бий. Эхнийх нь иргэний дайн, дотоодын мөргөлдөөн тогтворгүй байдал. Хоёрт байгалийн баялаг, гуравт далайд гарцгүй, дөрөвт муу засаглалтай орнууд хөгжил буурай байна. Гэтэл манай улсад өнөөг хэр дээрх шалтгааны эхнийхээс бусад нь байгаа юм. Тухайлбал, Монгол Улс байгалийн арвин их баялагтайч далайд гарцгүй, засаглалын хариуцлага муу гэдэг.
Манай улсын нийт экспортын 90 хувийг ашигт малтмал эзэлж буй. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унахад эдийн засаг хүндэрч эдүгээ хямралын шинжтэй болсон билээ. Дээр нь дунд, урт хугацааны хөгжлийн зорилтгүй, төрийн тууштай үргэлжилсэн бодлогогүй, нэг Засгийн газар нь нөгөөгийхөө үйл хэргийг үгүйсгэдэг хэмээн судлаачид дүгнэдэг. Хамгийн гол нь байгалийн баялаг хөгжлийн гишгүүр болох ёстой атал улс төрийн тогтолцооны сул дорой байдлаас улбаалж “Голланд өвчин”-д өртөмтгий болгож буй аж.
Дэлхийн эдийн засгийн форум 2015-2016 оны “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” гаргасан. Уг тайланд, өрсөлдөх чадварын 12 үзүүлэлтэд тулгуурлан улс орны хөгжлийг Хүчин зүйл, Үр ашиг, Инновацид суурилсан эдийн засагтай хэмээн гурав ангилжээ.
Мөн хүчин зүйлд суурилсан эдийн засгаас үр ашигт суурилсан эдийн засаг руу шилжиж буй 16 орон байгаа аж. Бас үр ашигт суурилсан эдийн засгаас инновацид суурилсан эдийн засагт шилжиж байгаа 24 орон байна.
Тэгвэл Монгол Улс хүчин зүйлд суурилсан эдийн засагтай орны тоонд багтав. Учир нь, нийт экспортод ашигт малтмалын бүтээгдэхүүн 70 хувиас их байвал уг ангилалд ордог аж. Ингээд манай улс уг тайланд дурдсанаар хүчин зүйлд суурилсан эдийн засгаас үр ашигт суурилсан эдийн засагт шилжиж буй орны нэг хэмээн тодорхойлжээ. Одоогоос арван жилийн өмнө хүчин зүйлд шалтгаалсан эдийн засагтай, хөгжил буурай орны тоон багтах байв. Иймд Монгол Улс эдийн засгийн хувьд нэг шат ахихаар зүтгэж буй хэмээн дүгнэж болох нь.
Гэвч ойрын хугацаанд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, экспортын дүнд ашигт малтмалын эзлэх хувь хэмжээ буурахгүй өсөх төлөв байгаа тул эргээд ухрах магадлал өндөр хэмээн МУИС-ын эдийн засгийн сургуулийн багш, судлаачид үзэж буй юм. Хамгийн гол нь эдийн засгийн хөгжлийг хааш нь залуурдах нь төрийн бодлогоос шууд хамаарах нь.
Иймд олборлосон ашигт малтмалаа аль болох боловсруулж экспортлох шаардлага бий. Мөн эдийн засгаа төрөлжүүлэх, өрсөлдөх чадвар сайтай нэмүү өртөг шингээх салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой гэнэ. Үүнээс гадна боловсрол, шинжлэх ухааны салбараа дэмжиж мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэсийг тавих хэрэгтэй. Ингэж чадвал ухрахгүй урагшилна гэж судлаачид үзэж байна. Ашигт малтмалын нөөцөөс хамааралтай эдийн засагтай орны ДНБ нь хөгжлийн үе шатыг тодорхойлох гол хэмжүүр болж чаддаггүй аж.
Тухайлбал, манай улсын ДНБ сүүлийн арван жилд огцом өсчээ. Үүнийг хэсэгчлэн тооцож үзвэл эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2000-2005 онд 5.6 хувь байв. Үүнээс хойш 2010 он хүртэл 6.4 хувь болсон. Тэгвэл 2010-2014 оны хооронд эдийн засгийн дундаж өсөлт 12.2 хувьтай гарч буй юм. Энэ үед манай улсын ДНБ 19 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байх үед манай улсын ДНБ хоёр дахин өссөн байна. Гэвч эдийн засаг ингэж огцом өсч байхад ядуурал доривтой буураагүй аж. Статистикийн судалгаагаар 2010 онд нийт хүн амын 39.2 хувь нь ядуу хэмээн гарч байв. Харин өнгөрсөн онд 21.6 хувьтай гарчээ. Ядуурлыг бууруулах гол гарц нь тогтвортой ажлын байр.
Гэтэл эдийн засаг тэлхийн хэрээр ажлын байр төдийлөн нэмэгдээгүй байна. Цаашид тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой хэмээн эдийн засагчид хэлж буй. Эдийн засгийн өсөлт 2011 онд хамгийн өндөр буюу 17.3 хувьд хүрсэн. Тэр үед Дэлхийн банкны эдийн засагчид “Ажилгүйдэл буурч байгаа ч нийт ажилгүйдлийн түвшин есөн хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт” хэмээн дүгнэж байсан удаатай. Тухайн үед улсын хэмжээнд 113 мянган хүн ажилгүй гэсэн судалгаа гарсан байдаг.
Харин өнгөрсөн онд 95 мянга байгаа нь ажилгүйдлийн түвшин 7.9 хувьтай гарахад хүргэжээ. Мөн инфляц хазааргүй өсч байсан тул Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 2011 оны наймдугаар сард 9.9 хувь байсан бол есдүгээр сард 11.9 хувиар өссөн судалгаа бий. Үнийн энэ өндөр өсөлт нь иргэдийн олсон орлого үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүргэсэн дүгнэлтийг Дэлхийн банкны эдийн засагчид хийж байв. Тухайлбал, 2010 оноос хойш өнөөг хүртэл 100 мянган төгрөг тутмын 39.3 мянган төгрөг буюу бараг 40 хувийг нь инфляц шууд залгисан байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар энэ хэмжээгээр буурсан гэсэн үг. Өнөөдөр инфляц нэг оронтой тоонд орж ирсэн. Энэ нь эдийн засгийн хүндрэл, иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой хэмээн эдийн засагчид дүгнэж байгаа юм.
Ашигт малтмалын үнийн өсөлтөөр сумласан төсвийн зардал 2010 оныхоос 32 хувиар өссөн бөгөөд алдагдал нь ДНБ-ий 9.8 хувьтай тэнцсэн байдаг. Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт хүртээмжтэй бус байгааг харуулж буй хэрэг. Эдийн засгийн тэр өндөр өсөлт хүн амын амьжиргаанд доривтой өөрчлөлт авч ирээгүй нь судлаачдын анхаарлыг нэлээд татах болжээ. Ингээд судлаачид манайх шиг ашигт малтмалын орлогод суурилсан эдийн засагтай улс орны хүн амын амьжиргаа, эдийн засгийн хөгжлийг ДНБ-ний өсөлтийн хэмжээгээр тодорхойлох нь буруу гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үүнээс гадна Монголын төрийн макро эдийн засгийн тогтвортой нөхцөлийг бүрдүүлэх үүрэг 2010-2014 онд туйлын хангалтгүй байсны нотолгоо хэмээн үзсэн аж. Үүний нотолгоо нь шилжилтийн эдийн засагтай орнуудын дотроос инфляцын өсөлтөөр эхний долоод багтсан явдал гэж дүгнэв.
Ингээд цаашид Монгол Улсын төр макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах, хүчин зүйлд суурилсан эдийн засгаас үр ашигт суурилсан эдийн засаг руу шилжих явцаа алдахгүй байх хэрэгтэй гэж зөвлөж буй юм.