Л.БАТБААТАР
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн ерөнхий төлөв байдлын мэдээллийг 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар гаргасан байна.
Хүчирхийллийн асуудал улам даамжирч байна
Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар Монгол Улсад 74137 хүүхэд шинээр мэндэлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1076 хүүхдээр цөөн байна. Нөгөөтэйгүүр, тав хүртэлх насны хүүхдийн болон нэг нас хүртэлх нялхасын эндэгдэл өмнөх оны мөн үеийн түвшинтэй харьцуулахад багасчээ. Тухайлбал, тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо эхний арваннэгэн сарын байдлаар 1322 байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 34 хүүхэд буюу 2.5 хувиар буурчээ. Үүнээс, нэг хүртэлх насандаа эндэж буй хүүхдийн тоо 1104 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 13 хүүхдээр цөөн байна.
Ажилгүй иргэдийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос хоёр төрлийн үзүүлэлтээр гаргадаг. Үндэсний статистикийн хороо өөрийн судалгааны материалд үндэслэж Монгол Улс дахь ажилгүй иргэдийн тоог гаргадаг.
Мөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад албан ёсоор бүртгүүлсэн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог тухайн байгууллагаас ирүүлсэн тайланд тулгуурлаж гаргадаг. Энэ нийтлэг аргачлалыг олон улсад ч хэрэглэдэг. Эхний гурван улирлын байдлаар, Монгол Улсад 75.7 мянган ажилгүй иргэн байна гэж Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсан. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний арваннэгэн сарын байдлаар, 31.3 мянга байна. Өмнөх оны мөн үеийнхээс 4.6 мянган хүн буюу 12.8 хувиар буурчээ. Ажилгүй иргэдийг насаар нь ангилбал, 15-34 насны залуучууд дийлэнх буюу 60 гаруй хувийг эзэлж байна. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56 хувь буюу 17.5 мянга нь эмэгтэйчүүд байна.
Монгол Улсад энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 25536 гэмт хэрэг бүртгэгджээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоог өмнөх оны мөн үеийн түвшинтэй харьцуулбал, 611 хэргээр буюу 2.5 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилбал, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг өмнөх оны мөн үеийн түвшинтэй харьцуулахад 42 хувиар өсч, 1229 хэрэг бүртгэгдсэн нь гэр бүлийн хүчирхийллийн асуудал улам даамжирч буйг харуулж байна.
Дундаж цалинтай холбоотой статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэж тооцооллыг хийжээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тайланд нийт 35.9 мянган аж ахуйн нэгж болон тэдгээрт ажиллаж буй 580.4 мянган ажиллагсад хамрагдсан байна. Ийм өргөн хэмжээний мэдээллийн санд тулгуурлан олон төрлийн судалгаа, тооцооллыг хийх боломжтой байдаг аж. Тухайлбал, дундаж цалинг авч буй хэмжээгээр нь ангилах бололцоо олгоно. Мөн аж ахуйн нэгж байгууллагыг эдийн засгийн салбараар ангилах боломж олгодог. Түүнчлэн, ажил мэргэжлээр нь ангилж дундаж цалинг тодорхойлох боломжтой. Дундаж цалинг авч буй хэмжээгээр нь хувааж үзвэл, нийт 580.4 мянган ажиллагсдын 30.6 мянга нь 192 мянган төгрөгийн цалинтай. 65 мянга орчим нь 192-300 мянган төгрөгийн цалин авдаг. 116 мянга нь 300-500 мянган төгрөгөөр цалинждаг үзүүлэлт гарсан байна. Монгол Улсад нийгмийн даатгал төлж буй 580.4 мянган ажиллагсдын 211 мянга буюу 36.3 хувь нь 500 мянган төгрөг хүртэл цалинтай байна. Дундаж цалинг салбараар нь авч үзвэл, уул уурхайн салбарт ажиллагсдын цалин өндөр. Бусад үйлчилгээний салбарт ажиллагсдынх доогуур байх жишээтэй. Монгол Улсад 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай 31 мянган хүн байдаг.
ИНФЛЯЦ ОГЦОМ ӨСӨХГҮЙ
Хэрэглээний үнийн индексийг ашиглаж үнэ ханшийн өөрчлөлтийг гаргадаг. Өмнөх онуудад инфляцын түвшин хоёр оронтой байдаг байв. Тэгвэл энэ оны хувьд инфляцын түвшин харьцангуй доогуур байна. Учир нь, улсын хэмжээгээр бараа үйлчилгээний үнэ ханш өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.9 хувийн өсөлттэй гарчээ. 2015 оны тавдугаар сараас үнэ ханш тогтворжсон хэмээн Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсан. Арваннэгдүгээр сарын инфляцын түвшинг өмнөх сарынхтай харьцуулбал 0.2 хувийн өсөлттэй гарсан нь улирлын шинж чанартай бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарсан байна. Түлш, шатахууны бүлгийн дүн 8.5 хувь өссөн нь нүүрс түлшний үнэ өссөнтэй холбоотой аж. Төмс хүнсний ногооны бүлгийн дүн гурван хувиар өссөн бол мах, махан бүтээгдэхүүний бүлгийн дүн долоон хувиар буурчээ. Хэрэв махны бүлгийн дүн буураагүй бол сарын инфляцын өөрчлөлт нэмэгдэх байв. Мах, махан бүтээгдэхүүн дундаж өрхийн хэрэгцээнд голлох байр суурь эзэлдэгтэй холбоотой нь инфляцын бууралтад эерэг нөлөө үзүүлжээ. “2015 он дуусахад нэг сарын хугацаа үлдсэн. Энэ хугацаанд инфляц огцом өсөхгүй” гэсэн таамаглалыг Үндэсний статистикийн хороо хийж байна.
16 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон
2015 оны гадаад худалдааны тэнцэл нь бараа бүтээгдэхүүний хувьд ашигтай гарсан байна. Эхний арваннэгэн сарын гүйцэтгэлээс үзэхэд ч гэсэн 748.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ ашгийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал хоёр дахин өссөн байна. Эхний арваннэгэн сарын байдлаар, гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээ 7.7 тэрбум ам.доллар. Үүнийг дотор нь задалбал, экспорт дөрвөн тэрбум, импорт 3.7 тэрбум ам.доллар байна. Гадаад худалдааны нийт эргэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.3 тэрбум ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Үүний нэг тэрбум нь экспортын бууралт, үлдэх 1.3 тэрбум ам. доллар нь импортын бууралт байна. Уул уурхайн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, нүүрс, түүхий нефть, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурснаас нэг тэрбум ам.долларын орлогоо алджээ. Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас, хүнд механизм, машин тоног төхөөрөмж, хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортолдог. Бензин шатахуун, хүнд даацын болон суудлын автомашины импортын хэмжээ 500 сая ам.доллараар буурсан байна. Монгол Улсад орох гадаадын хөрөнгө оруулалт зогссон гэж болно. 2014 онд Монгол Улсад 544 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байжээ. Тэгвэл энэ онд 16 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна.
Мөнгөний гол үзүүлэлтүүдийг өмнөх сартай харьцуулбал өөрчлөлтгүй гарчээ. Тухайлбал, эхний арваннэгэн сарын эцсийн байдлаар, 9.8 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлттэй, 7.2 их наяд төгрөгийн хадгаламжтай байна. Хадгаламж нь төгрөгийн болон валютын гэж хоёр төрөл байдаг. Төгрөгийн болон валютын хадгаламжийн харьцаа 70х30 хувьтай. Монгол Улс 11.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 760 тэрбум төгрөгөөр буурчээ. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн нийлбэр нь 1.7 их наяд төгрөг байгаа нь нийт зээлийн үлдэгдлийн 14.7 хувийг эзэлж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь евро болон рублийн эсрэг чангарч, ам.доллар болон юанийн эсрэг суларсан байна.
Төсвийн тэнцэл нь 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай явж байна
Улсын төсвийн орлого бүрдүүлэлтийн гүйцэтгэл өмнөх оны мөн үеийн түвшингээс 280 тэрбум төгрөгөөр дутуу байна. Төсвийн орлого эхний арваннэгэн сарын байдлаар таван их наяд төгрөгт хүрчээ. Зарлага нь 6.1 их наяд төгрөг байна. Орлого, зарлагын зөрүүгээр тооцогддог төсвийн тэнцэл нь 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай явж байна. Үүнийг өмнөх жилтэй харьцуулбал, 660 гаруй тэрбум төгрөгөөр алдагдал нэмэгджээ. Шалтгаан нь, татварын орлогын гол төрөл болох нэмэгдсэн өртгийн албан татварын бүрдүүлэлт 320 тэрбум төгрөгөөр дутуу байна. Төсвийн зарлага 420 тэрбум төгрөгөөр илүү санхүүжилттэй байна. Үүнд, бараа үйлчилгээний урсгал зардал нь өмнөх оны мөн үеийнхээс 165 тэрбум төгрөгөөр илүү болон хүүгийн зардалд 162 тэрбум төгрөгийг нэмж төлсөн нь нөлөөлжээ. Үүнээс үзэхэд, зарлага нэмэгдэж, орлого буурсан нь төсвийн тэнцлийг алдагдалтай гарахад гол нөлөө үзүүлсэн байна. Төсвийн тэнцэл алдагдалтай гарах, голлох татварууд буурах нь эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлдөг. Эхний арваннэгэн сарын байдлаар, аж үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс зургаан хувь, төмөр зам болон агаарын тээврийн үндсэн үзүүлэлтүүд 18 хувь буурсан дүнтэй байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.