Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц нь хувийн хэвшил гэв

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ажлын байрыг хадгалж үлдэх, ажил олгогчдыг дэмжих зорилгоор Хөдөлмөрийн яам, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЗНХ) хамтран “Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг дагаж бий болж байсан эдийн засгийн өсөлт үеэ өнгөрөөж, хөдөлмөрт тулгуурлан хөгжих шаардлага бий болж байна хэмээн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үндэсний чуулганд оролцох үедээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Чуулганд оролцогчид мэргэжлийн боловсролтой залуус Монгол Улсыг хөгжүүлэх гол үндэс юм гэдэгт санал нэгдэж байна. Тиймээс МСҮТ-үүд чадварлаг боловсон хүчин бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх нь бидний гол зорилго болж байна. Энэ бол дэлхий нийтийн хандлага юм” хэмээв.

Зах зээл хөгжсөн орнуудад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх нь төрийн бус хувийн хэвшлийн үүрэг байдаг аж. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүн амын 80 гаруй хувийг хувийн хэвшил ажлын байраар хангадаг байна. Үндэсний томоохон үйлдвэрүүд ДНБ-ний 75-80 хувийг үйлдвэрлэдэг ч нийт ажиллах хүчний 8-10 хувийг л ажлын байраар хангаж чаддаг аж. Харин жижиг дунд үйлдвэрүүд ДНБ-ний 8-10 хувийг эзэлдэг ч нийт ажлын байрны 80-90 хувийг ажлын байраар хангадаг байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрийг дэмжих шаардлага зүй ёсоор тулгарч байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд төрөөс үр өгөөжтэй ажлын байр бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй гэдгийг МАОНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар хэллээ.

Түүнчлэн, Гаднаас орж ирдэг виски, тамхины татварыг 1 ам.долларыг нь 1450 төгрөгөөр бодож авдаг боловч дотоодын аж ахуйн нэгжүүд түүхий эд оруулж ирэхдээ 1 ам.долларыг 2000 төгрөгөөр бодож татвар төлдөг. Энэ бүх тэгш бус байдлыг зогсоох хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн засгийн хүндрэлийг даван туулах гарц Оюутолгой, Тавантолгой бус хувийн хэвшлийнхэн юм. Монгол Улсад бүртгэлтэй байгаа 113 мянган аж ахуйн нэгжийн 90 хувийг 1-9 хүнтэй жижиг дунд үйлдвэр эзэлдэг. ДНБ-ний 69 хувь, төсвийн орлогын 83 хувийг хувийн хэвшил улсын төсөвт оруулдаг. Тиймээс жижиг дунд үйлдвэрээ дэмжих чиглэлд тодорхой алхам хийх ёстой юм” хэмээв.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэн, аж ахуйн нэгж, төрийн хамтын түншлэлийг бий болгох шаардлагатай байгааг чуулганд оролцогчид хэлж байлаа. Үүний тул ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ОХУ, БНХАУ-д дотоодийн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн жилийн 20 хувийн хүүтэй зээл өгдөг дотоодын арилжааны банкуудыг дэмжихээс илүүтэйгээр 3 хувийн хүү амалж буй Чайна банк, Сумитома Мицүбиши зэрэг гадаадын нэр хүндтэй банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Чуулганд УИХ, Засгийн газрын гишүүн, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодын 400 гаруй төлөөлөл оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан