Б.БААТАР
ХБНГУ-ын зүгээс Сири, Ирак Ойрхи Дорнодоос ирж буй цагаачдыг европ руу нэвтрүүлж, тэдэнд туслах ёстой гэсэн байр суурьтай байсан. Анхнаасаа Германы канцлер Ангела Меркел “хүнлэг байх” тухай европын бусад гишүүн орнуудад уриалсан. Гэвч өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийнхэн германчуудыг цагаачдад элэгтэй хандаж байгаад нэг л итгэж өгөхгүй байх шиг байна. Хэвлэлээр “ХБНГУ яагаад цагаачдад туслаад байна, лалын дайчдыг европ руу оруулахад хэн хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна, дотроосоо ялзрах европын хархнууд” гэх мэт нийтлэлүүдийг тоймчид бичжээ.
Өнгөрсөн хавар Италийн эрэгийн хамгаалалтынхан цагаачдыг аварсаар байгаад сүүлдээ евро зөвлөлд хандсан. Улмаар зөвлөл цагаачдыг улс орнуудад хуваарилах, тэдэнд туслах шийдвэр гаргаж Унгар, ХБНГУ, Грек, Итали голлох үүрэг гүйцэтгэсэн. Зарим оронд ч зөвшөөрөөгүй. Гэвч зөвлөлийн голлох шийдвэр гаргасан хүн нь Ангела Меркел. АНУ ч энэ намар цагаачдыг түр орогнуулах байр, хоол хүнсээр туслах амлалт өгч байсан. Өнөөдрийг хүртэл цагаачдын цуваа зогсонги байдалд орсон байдалтай байв. Учир нь эхнээсээ европ руу орсон цагаачдыг хуваарилах бодлого, шийдэл хэрэгтэй байсан юм. Улс орнуудад цагаачдыг хуваарилж, тэдэнд тусламжийн гараа сунгаж дууссаны дараа дахин цагаачдыг авна хэмээн евро комиссын зөвлөл мэдэгдэж байсан нь саяхан. Тухайн үед түр зуур улс орнууд хилээ хааж цагаачдын цуваа Турк, Грекийн хил дээр гацсан байдалтай байсан.
Өчигдөр хэвлэлээр ХБНГУ цагаачдыг хүлээн авахад бэлэн болсон талаар мэдээлэл гарлаа. ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн энэхүү шийдвэрийг олон хүн таагүй хүлээж авж байх шиг байна. Франц улсад болсон халдлагаас болж цагаачдад тавих улс орнуудын хараа хяналт чангарсан. Европын аль ч гишүүн улс орон яг л нэг улс шиг өөр хоорондоо асуудалгүй зорчдог тул хилийн манаа, шалган нэвтрэх бүс гэж зүйл байхгүй. Шүүмжлэгч нарын хувьд цагаачдаас хэн дуртай нь хаана ч халдлага үйлдэж болно гэдгийг анхааруулж ХБНГУ-ын цагаачдад хандаж байгаа зөөлөн шийдвэрүүд бусдыгаа аюулд учруулж байгаагийн нэг илрэл гэдгийг анхааруулжээ.
Бодит байдал дээр ХБНГУ лалын дайчдын эсрэг ямар ч арга хэмжээ явуулаагүй. Цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд дандаа арыг хамгаалсан, эсвэл хангамж тусламжийг хариуцан ажилладаг байсан гэсэн шүүмжлэлд өртдөг. Тодруулбал ХБНГУ-д цагаачид цаашлаад террористууд байлаа гэхэд ямар ч халдлага гарахгүй. Учир нь хэвлэлээр үүнийг “Германы бодлого” гэж шүүмжилж байгаа. Дэлхийн II дайнаас хойш Германы шинэ залуу үе нийгэмд хүнлэг, энэрэнгүй улс орны төлөө гэсэн уриан дор олон улсад хөгжиж ирсэн. Харин өнөөдөр германчууд лалын дайчдын эсрэг ч биш, европын холбооны эсрэг ч биш байр суурьтай байна. Алтан дундаж. Тиймээс л ХБНГУ-д ямар ч аюул заналхийлэл, террорист ажиллагаа болохгүй байх магадлал өндөр байгаа юм. Цагаачид ХБНГУ-д хамгийн сайн хандаж байгаа. Германчууд ч цагаачдыг халуун дулаанаар угтан авч байсан. Дахин цагаачид ирвэл мөн л халуун дулаанаар угтан авч туслаж дэмжих нь гарцаагүй.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркел Парис хотод болсон халдлагад чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлсэн ч нөгөө талын хаалгыг нээлттэй байлгасаар байна. Үүнийг л шүүмжлэгч нар “Германы нарийн бодлого” гээд нэрлээд байгаа юм. Бодит байдал дээр цагаачилж байгаа хүмүүсийн 98 гаруй хувь нь исламын шашинтай хүмүүс байгаа. Харахад сайхан сэтгэлтэй уриалган угтан авч, цагаачдад тусалж дэмжиж байгаа боловч нөгөө талаараа террористуудад асар том боломж, үүд хаалгыг нээж өгч байгаа нь үнэн. Ангела Меркел цагаачдын талаар “Бид 21-р зуунд хүнлэг байх ёстой. Нэг нэгнийгээ дэмжиж, туслах нь бидний үүрэг гэж би ойлгож явдаг. Дайн дажингаар цагаачилж ирж байгаа хүмүүс цус үзсэн, гэр бүлээ алдсан өнчин өрөөсөн хүмүүс байна. Тэдэнд тусламжийн гар хэзээ ч илүүдэхгүй” гэсэн. ХБНГУ-ын улс төрийн намууд ерөнхийдөө цагаач нарын асуудалд ижил байр суурьтай байгаа аж.
ХБНГУ-ын цагаачдад хандах хандлагыг АНУ-ын хэвлэлүүд энэ долоо хоногийн эхнээс ажиглаж, онцолж байгаа. Турк улсад болсон “Их-20”-ийн уулзалтаар хүртэл ХБНГУ-ын эсрэг ямар ч шүүмжлэл их гүрнүүдийн төрийн тэргүүнүүд хэлж чадаагүй юм. Учир нь Ангела Меркелийн хэлж байгаа бүхэн “хүнлэг” талаас нь цагаачдыг хамгаалж байсан гэдгийг Ройтерс агентлаг онцлов. ОХУ-ын зарим хэвлэлээр “Герман улсад бодсон юм бий” гэх нийтлэлийг АНУ-ын “Washignton Post” сонин орчуулан нийтэлж байсан. Канцлерийн консерватив нам болон европ дахь Герман улсын нөлөө, улс төрийн байр суурь улам бэхжиж байгаа нь тэднийг “Европ дахь АНУ” гэж дуудуулах болсон байна.
Европын Испани, Франц, Нидерланд зэрэг томоохон улсууд цагаачдын эсрэг болон лалын дайчдын эсрэг хатуу байр суурьтай байсаар байгаа ч ХБНГУ-ын канцлерийн хандлага европт үлгэр жишээ байдал үзүүлж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлсэн юм. Энэ сарын 17-ны өдөр Европын улс орнууд, бүх гишүүд нэгдсэн хурал, дээд хэмжээний уулзалттай. Турк улсад байгаа Сирийн дүрвэгчдийн лагераас европын улс орнууд цагаачдыг өөрийн улс орон, газар нутагтаа татах тухай асуудал яригдана. Мөн эдийн засгийн тусламж, Грекийн өрийн асуудлыг авч хэлэлцэнэ.
Дээд хэмжээний уулзалтаар Украйны гишүүнчлэлийг авч хэлэлцэх тухай яриа гарсан. Энэ бүх хурал зөвлөлгөөний гол тоглогч нь ХБНГУ-ын канцлер Ангела Меркел гэдгийг бүгд мэдэж байгаа. Герман улс европ тивийг хэрхэн удирдаж, бусад орнуудад үлгэр жишээ байдал харуулж байгаа талаар Ойрхи Дорнодын хэвлэлүүд ч ам сайтай байгаа. Арабын холбоо хүртэл ХБНГУ-д цагаачдын асуудалд хандаж байгаа тал дээр талархаж байгаагаа илэрхийлсэн.
Герман улсын улс төрд Ангела Меркелийн бүрэн эрх дууссан ч Европын парламент, евро зөвлөлд түүний орон зайг нөхөх хүн байхгүй гэдэгт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров итгэлтэй байгаа талаар хэлж байсан удаатай. Германчуудын гол бодлого нь цагаач нарт туслах, эдийн засгийн хатуу байр суурь, зээл тусламжийн хүү, өр зээлийн асуудлаа цэгцтэй явуулах гэдгийг Дэвид Камерон хүртэл Турк улсад байхдаа онцолсон. Канцлер Ангела “европт аюул заналхийлэл цагаачдаар дамжин орно гэж бүү ай. Хэрэв санаа зовоод байгаа бол тэднийг бүрэн хяналтанд байлгахад л хангалттай” хэмээн өгүүлсэн.
Өдгөө 61 настай физикч мэргэжилтэй эмэгтэй Герман төдийгүй европыг “чиглүүлж” чадаж байгаа гэдэгт дэлхийн их гүрнүүд нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Тэрээр 10 жилийн өмнө улс төрд орж ирэхдээ “радикал буюу үндэс угсаагаар гадуурхах үзлийн эсрэг” байр суурьтай байж чадсанаар амжилтанд хүрсэн нэгэн. Гэхдээ түүний хэлсэн нэгэн хатуу үг байдаг. Тэрээр одоогоос найман жилийн өмнө евро зөвлөлийн хурал дээр “Хэзээ ч германчуудыг үндэс угсаа, гарал төрлөөр ялгаварлан гадуурхах үзэл рүүгээ тат. Битгий бидэнтэй үндэс угсаагаар ялгаварлах тал дээр өрсөлд. Бид нэгдмэл бас хүнлэг Германыг бүтээж яваа улс” хэмээн далд утгаар англичуудад хандан хэлсэн байдаг. Өнөөдөр ХБНГУ-д цагаачилж ирсэн цагаачдаас 14 наснаас доош хүүхдүүд дунд сургуульд сурч боловсрох эрх нь нээлттэй байдаг. Тэд ихэвчлэн Палестин Ливан Сири улсаас ирсэн хүүхдүүд. Газар дундын тэнгис гатлан европ руу цагаачлахдаа олон үхэл хагацал амссан хүүхдүүд. Тэдний ирээдүйг “террорист” гэсэн тодотголтой болгохын оронд “хүн” гэсэн мөн чанарыг заах ёстой талаар германчууд цагаач нарыг угтан авахад онцолсон.
Яг одоо ХБНГУ хилийн бүсээ нээж цагаач нарыг ямар ч хамаагүй галт тэрэг, автомашинаар Мюнхен, Ханбург зэрэг нийслэлээр, өөр томоохон хотууд руу ирэхийг уриалсан, үүд хаалгаа нээсэн байдалтай угтан авсаар байна. Ангела Меркел Унгар улсын канцлер Вернер Фэйман руу утас цохин Герман руу цагаач нарыг илгээх хүсэлт илгээжээ. Цагаач нарыг тээвэрлэх зардлыг хоёр улсын сангийн яамнаас гаргах тухай хамтарсан шийдэлд хүрэхийг ч уриалсан байна. Унгар улсын улс төрчид бол цагаачдыг хүлээн авахгүй гэсэн байр суурьтай дотроо хэрүүл маргаантай байсаар байгаа. Тэгвэл Герман улс тэдэнд асуудлыг шийдэх гарцыг заасан бололтой. Цагаач нарыг өөрийн хотуудад ирэхийг уриалсаар байна.
Герман улс цагаач нарт туслаад ямар ашиг байна гэдгийг ажиглагчид дүгнэн үзсэн байгаа. Хэрэв цагаач нар Герман улсад байх юм бол нөхцөл байдал хяналтаас гарах нь тодорхой гэсэн дүгнэлтийг хийсэн. Учир нь цагаач нар Германд бөөгнөрсөөр байгаад нэг л өдөр тэднийг тэжээх хоол хүнсгүй болж, өөр улс орнууд руу цагаачлах хүсэлтэй болно. Герман улс цагаачдыг хөдөлмөр эрхлүүлэхгүй ч байнга эх орондоо байлгаад байхгүй нь гарцаагүй бололтой. Сири улсад нөхцөл байдал өмнөх шигээ хэвийн болж дайн дуусах юм бол цагаачдын тал нь эх орон руугаа буцна гэхээс бүгд буцна гэж байхгүй талаар хэвлэлүүд онцолсон.
Хамгийн гол нь Герман улсын бодлого хаашаа тэмүүлж байгааг европын орнууд мэдэхгүй байгаа нь барууны улс орнуудын сонирхлыг татсан хэвээр байгаа юм.