Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Б.Батмөнх: Засаглалын алдаа манай эдийн засагт хүндрэл болж илэрч байна

Т.ЖАНЦАН

Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Батмөнхтэй эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Эдийн засгийн хүндрэл боллоо гэдэг. Гэтэл иргэд хямрал болж байна гээд бай­гаа. Та эдийн засагч хү­ний хувьд юу гэж үзэж бай­на вэ?
-Монголын эдийн засаг хямраагүй. Эдийн засгийн хөгжлийн хурд саарсан тодорхой хүндрэл байна. Энэ нь гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж экспортын орлого буурсан. Мөн өрийн дарамт нэмэгдэх хүндрэл тохиолоо. Түүнээс биш хямрал болж байна гээд дэвэргээд байгаатай би санал нэгдэхгүй.  Эдийн засагт буруу ташаа мэдээлэл сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээ нь хямарлаа гэхэд иргэд хүлээлтэд орж бизнесийн байгууллагуудын орлого муудаж эдийн засгийн идэвхжил сулардаг. Энэ оны эхний арван сарын байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж 7.9, гадаад валютынх 21.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Тэгэхээр иргэд худалдан авалт хийхээс илүү мөнгөө хадгалах сонирхолтой болсон байна. Иргэд хадгаламжтай болох нь сайн хэрэг. Гэвч эдийн засгийн харилцаанд идэвхтэй орж бизнесийг дэмжихгүй болсон сөрөг талтай. Ийм гинжин урвалын улмаас манай улсын засаг хүндрээд байгаа юм.

-Энэ онд эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай гарах бол. Манай улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд ямар байна вэ?
-Одоогоор эдийн засгийн өсөлт 2.5 хувь байна. Энэ онд манай улсын эдийн өсөлт үүнээс нэг их өсөхгүй. Өслөө гэхэд гурван хувьд арай хүрэхгүй гэж төсөөлж байгаа. Дэлхийн банкнаас манай эдийн засгийг 2.3 хувийн өсөлттэй гарна гэсэн. Анхаарал татаж буй үзүүлэлт бол чанаргүй зээлийн үлдэгдэл өслөө. Тэгэхээр санхүүгийн салбар хүндэрч эхэлсэн гэсэн үг. Эдийн засагт нааштай үзүүлэлт бас бий. Тэр нь инфляцын түвшин. Гэхдээ эдийн засгийн өсөлт саарахаар инфляц буурдаг талтай. Мөн Монголбанкны мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оныхоос буурлаа. Миний бодлоор төв банк бодлогын хүүгээ суллаж мөнгөний нийлүүлэлтийг  нэмэгдүүлэх цаг нь болсон. Учир нь инфляц буурч аравдугаар сарын байдлаар 3.4 хувь байна. Он дуустал энэ хэмжээнд хадгалагдах байх. Мөнгөний бодлого сулрахаар арилжааны банкуудын зээл олголт нэмэгдэж эдийн засаг идэвхжих учиртай. Тэгэхгүй бол ирэх онд бас эдийн засгийн хүндрэл үргэлжлэх төлөв бий.  Манай эдийн засаг их жижигхэн. Оюутолгой шиг томоохон төсөл хэрэгжихээр эдийн засгийг бүхэлд нь доргиож ДНБ-ий өсөлт өндөр гардаг. Гэтэл манай нутагт үйлдвэрлэл явагдахаар бид ДНБ гээд бүртгээд авдаг. Ингээд манай эдийн засаг сайхан өсөөд байгаа юм шиг харагддаг юм.  Бодит байдал дээр тэр өсөлт нь хөрөнгө оруулагчаа дагаад гараад явчихаж байна. Ийм учраас жижиг эдийн засагтай гадаадын томоохон төсөл хэрэгжүүлж байгаа үед Үндэсний нийт орлогын зэрэгцүүлэх үнээр эдийн засгаа хэмжих нь зохилтой. Ингэвэл манай эдийн байдал илүү бодитой гарна. 

-Тэгэхээр улсын төсвийн алдагдал өндөр байгаа тул Монголбанк бодлогын хүүгээ суллах боломжгүй гэдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Улсын төсвийн алдагдал энэ онд их өндөр байгаа. Одоо нэг их наяд төгрөгт хүрэх нь. Төсвийн алдагдал өнөөдөр 915 тэрбум төг­рөгийн алдагдалтай боллоо. Гэвч инфляц бага байна. Иймд дахин хэлэхэд мөн­гөний Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх ёстой.

-Тэгвэл ирэх оны эдийн засгийн нөхцөл байдал ямар бол. Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Сангийн яам ирэх оны төсөвт 4.1 хувийн өсөлт гарна гэж тооцсон. Дэлхийн банк 3.6 хувийн өсөлт гарах төсөөлөл хийлээ. Учир нь монголын эдийн засаг уул уурхайгаас хараат. Иймд ирэх хоёр жилд ашигт малтмалын үнэ өсөх тал ажиглагдахгүй байгаа тул эдийн засгийн өсөлт дорвитой гарахгүй гэж буй юм. Миний бодлоор эдийн засгийн өсөлт таван хувьд хүрнэ гэж үзэж байна. Яагаад гэвэл   Оюутолгойн далд уурхайн 4.2 тэрбум ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын хө­рөнгө оруулалтын байгуул­лагууд шийдсэн.   Ирэх хавраас Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөнө. Ингээд тэнд 3000 гаруй ажлын байр шинээр бий болно. Үүнээс гадна ханган нийлүүлэгч монгол компаниудын бизнес идэвх­жинэ. Тэгэхээр уул уурхайн салбар төдийлөн өсөхгүй ч гэлээ дээрх хөрөнгө оруулалт эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

-Оюутолгойгоос гадна ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх зүйл ажиглагдаж байна уу?
-Оюутолгойн бүтээн байгуулалт эхлэх нөлөөгөөр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж магадгүй. Одоо даруй орж ирэх мөнгө бол Хятадаас авах нэг тэрбум ам.доллар. Мөн Энэтхэгтэй нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээсэн гэж байгаа. Хамгийн гол нь манайхан өөрсдөө мөнгө олж ирэх тал дээр хөдлөхгүй байна. Хоёр хөрштэй ярьж тохирсон зүйл их бий. Гэтэл нэг хоёр жил өнгөрлөө бүтсэн, шийдсэн зүйл алга. Тухайлбал, мах экспортлох талаар ахиц гарсангүй. ОХУ-д 20 гаруй компани мах экспортлох зөвшөөрөл авсан. Ветьнамд бас мах экспортлох зөвшөөрөлтэй компаниуд байдаг. Хамгийн гол нь ажил хэрэг болж орж ирэх мөнгөний урсгалаа нэмэгдүүлж чадахгүй байна. Энэ нь манайхны ярьсан хэлсэндээ хүрдэггүй, төрийн байгууллагуудын ажил муу, аливаа зүйлд хойш сууж хойрго ханддагтай холбоотой. ОХУ манайхаас хоёр жилийн өмнөөс мах авах гэж ярьсан. Одоо мах авахаа больсон гэж байгаа. Худлаа ярьдаг нөхдүүдэд хэн ч дургүй биз дээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд анх айлчилахад манайхан тус улстай хийх гадаад худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж тохирсон. Үүнээс хойш олон жил өнгөрлөө. Гэтэл манай хоёр орны гадаад худалдаа өнөөдөр дээрх хэмжээнд хүрээгүй. Төр засгийн удирдлагууд энд тэнд очиж худлаа ярихаасаа ичмээр юм. Өнгөрсөн жил хоёр хөршийн төрийн тэргүүн айлчилж олон зүйл ажил хэрэг болгохоор тохирсон. Гэвч тохирсон ажлаа хийх, биелүүлэх талаар манай улс өдий болтол нэг ч алхам хийгээгүй. Бахь байдгаараа гоё яриад л сууж байгаа. Манай төрийнхөн олон зүйл дээр ингэж хойрго ханддаг.  Дандаа хэлэлцэж ярилцсан зүйлээсээ эргэж буцдаг. Үүнээс болж манай улсын нэр хүнд олон улсад унаж байна. Тэгэхээр манай эдийн засгийн биш төр засгийн ажилгүйн хямрал нүүрлээд байна. Хамгийн гол нь төр засгийн энэ хямралаа арилгаж, ажлын хариуцлагыг нь дээшлүүлж  тохирсон ажлаа хийж түншүүддээ амласнаа биелүүлдэг болчихвол манай эдийн засаг сэргэх нь амархан.

-Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх ёстойг олон судлаач ярьдаг. Энэ талаар ямар санаа бодолтой байна вэ?
-Эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг нь ганц хоёр жилийн дотор амжих ажил биш. Урт хугацааны хөгжлийн тууштай бодлого, хөтөлбөр гаргаж хийдэг зүйл. Түүнээс биш нэг Засгийн газар гарч ирээд хийх хялбар ажил биш юм.

-Өнөөгийн энэ хүндэр­лээс гарах ямар арга зам байна вэ?
-Уул уурхайгаас бусад салбар эдийн засгийн өсөлтийг хангах гол найдвар боллоо. Ирэх хоёр жилд уул уурхайн салбарын байдал дээрдэхгүй нь. Ялангуяа ирэх онд зэсийн үнэ унах түгшүүртэй мэдээ бий. Зах зээлийн судлаачид нэг тонн цэвэр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 4000 ам.доллар болох төсөөлөл хийсэн. Одоо 4500 ам.доллар байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбартаа анхаарал хандуулж хөрөнгө оруулалтаар дэмжих ёстой. Махны экспортыг яаравчилж хэлсэн ярьснаа биелүүлэх хэрэгтэй байна. Үүнээс гадна Оюутолгой, Таван толгой ордын асуудлаа шийдээд явах нь эдийн засгийн хүндэрлээс гарах гарц юм. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтад найдвар байгаа. Мөн  Япон Улстай гэхэд л эдийн засгийн түншлэлийн гэрээ хийсэн. Манай бизнесийнхэн тус улсад 8100 бараа бүтээгдэхүүн татваргүй гаргахаар торихсон шүү дээ. Хамгийн гол нь бид өөрсдөө идэвхи санаачлагатай ажиллах ёстой. Уг нь эдийн засгаа сэргээх энэ мэт боломжууд бий. Эдгээр боломжийг дор нь шүүрч аваад л ажиллах хэрэгтэй байгаа юм. Гэтэл алгуурлаад л суусаар байна. Гэвч ирэх онд сонгууль гээд баахан шоудаад ажил хийх хүнгүй болох байлгүй дээ. Харж л байя. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд томоохон төслүүдээ хурдан хөдөлгөж хэрэгжүүлж эхлэвэл Монголыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж байгаа. Ийм л найдвар бий. Тэгэхгүй бол эдийн засгийн энэ хүндрэл ужгирна.

-Тэгэхээр 2017 оноос өрөө төлж эхэлнэ. Өрийн дарамт ямар байх бол?
-Ойрын хоёр гурван жилд өрийн дарамт маш өндөр байна. Тухайлбал, ирэх онд 900 гаруй сая ам.долларын өр төлнө. Тэгээд 2017 онд 1.3 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Эдгээр нь эдийн засагт маш хүнд дарамт болох юм. Өөрөөр хэлбэл ирэх жилийн улсын төсвийн нэлээд хувь нь өр төлөхөд зарцуулагдана. Тэгэхээр ирэх хоёр жил бүсээ чангалж өрөө төлөхөөр байна.

-Тэгвэл өрийн дарамтаас гайгүй гарах боломж байна уу?
-Хамгийн гол нь бид орлогоо нэмэгдүүлэх учиртай. Үүний тулд экспортоо нэмэгдүүлэх боломж гарц хайх ёстой юм. Нэмж өр тавьбал ар араа дагасан өрийн гинжин хэлхээ үүснэ. Бүр болохгүй бол өрийг өрөөр хаана гэсэн үг. Өөрөөр хэлбэл урт хугацаатай зээл авч өрөө дарж болно. Тэгэхдээ өр төлбөрөө багасгаж л байх учиртай. Гэвч өрнөөсөө тийм амар хурдан салахгүй. 

-Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр огцом нэмэгдэх үед манай эдийн засгийн өсөлт 17 хувь хүрсэн. Гэтэл өнөөдөр өссөн шигээ уруудлаа. Үүнийг эдийн засгийн өсөлтийн хөөс арилж бодит хөрсөн дээр буулаа гэж тайлбарлаж буй судлаачид бий. Энэ талаар ямар бодолтой байна вэ?  
-Оюутолгойн хөрөнгө оруулалт, ашигт малтмалын үнийн өсөлт нөлөөлж манай эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөн. Тухайлбал, нүүрсний экспорт огцом өссөн юм.  Тэр үед Австралид үер бууж нүүрсний томоохон уурхайнууд нь хаагдсан. Ингээд нүүрсний үнэ дээш цойлсон. Манай улс тэгэхэд жилд 20 сая тонн нүүрс экспортолсон. Ер нь Хятадын хэрэглээгээр Монгол Улсын эдийн засаг тодорхойлогддог. Тэгэхээр урд хөршийн хүнд үйлдвэрлэлийн хөгжилд ямар өөрчлөлт орохыг харж түүнд тохируулан манай уул уурхайн салбар ажиллах шаардлага гарч байгаа юм.   Эдийн засагт үүссэн хөөс арилж хөрсөн дээр бууж байна гэдэг нь буруу ойлголт. Хөрсөн дээр бууж байна гэдэг нь хамраараа газар хатгаж байгаатай бараг адил зүйл. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах асар их боломжтой. Гэтэл улс төр, засаглалын алдаа өнөөдөр манай эдийн засагт хүндрэл болж илэрч байна. Жишээ нь ашигт малтмалын үнэ өндөр байсан он жилүүдэд олсон орлогоо популизм хийгээд үрчихсэн. Уг нь хадгалж байсан бол өнөөдөр гаргаж ирээд эдийн засгаа хүндрэлээс гаргах боломж байлаа. Тэгэхээр Монголд эдийн засгийнх гэхээс илүү улс төр, засаглалын хямрал нүүрлээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан