Л.БАТБААТАР
“Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалтын талаар Төрийн орон сууцны корпорацын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одоос зарим зүйлийг тодрууллаа.
-“Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсэг ашиглалтад орж байна. Урьдчилгаа 10 хувиа төлсөн иргэд байрандаа орж болох уу?
-Ирэх даваа гарагт Улсын комиссын акт гарна. 10 хувиа төлсөн иргэд нэмж 20 хувиа төлөх ёстой. 30 хувиа төлснөөр банкны зээлийн шалгуурт тэнцэнэ. Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн баталгаа гарга гэдэг үүргийг Хөгжлийн банкинд өгсөн. Мөн энэ оны долдугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын тогтоолоор журам баталсан. Энэ шийдвэр хэрэгжихгүй байгаа нь мөнгө байхгүйтэй холбоотой.
Барилга хот байгуулалтын яаманд уу эсвэл Сангийн яаманд энэ шийдвэр гацаад хэрэгжихгүй байна уу гэдгийг мэдэхгүй байна. Энэ журмыг хэрэгжинэ гэж бодож, иргэдэд боломж олгох үүднээс 10 хувийн захиалга авсан юм.
-Тэгвэл, ямар шаардлага хангасан иргэд байрандаа орох вэ?
-Иргэд 30 хувиа төлөөд байрандаа орох юм байна гэж буруу ойлгодог. Банкны зээлийн шийдвэр гарч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх хүсэлт ирүүлдэг. Хүсэлтийн дагуу үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг манайх гаргаж банкинд өгнө. Ингээд зээлийн хүсэлт гаргасан иргэн банктай зээлийн болон барьцааны гэрээг байгуулна. Үүний дараа банк үлдэгдэл 70 хувийн мөнгийг ТОСК-ын дансанд шилжүүлсний дараа байранд орох эрх нь нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, байрны төлбөрөө 100 хувь төлсний дараа байрандаа орно. Түүнээс биш, 10 болон 30 хувиа төлчихвөл байрандаа орж болно гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байна. Эхний удаа 1620 айлын орон сууц ашиглалтад орж байна.