Л.БАТБААТАР
“Хүүхдийн” гэсэн тодотголтой бүхнийг хувьчилж “эдийн засгийн эргэлт”-д оруулсан. Хувьчлагдаж “эдийн засгийн эргэлт”-д өртөөгүй үлдсэн газар бол “Хүүхдийн урлан бүтээх төв” юм. Гэтэл НИТХ-ын шийдвэрээр 2016 онд хувьчлах объектын жагсаалтад “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг оруулсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Учир нь төрөл бүрийн хүүхдийн дугуйланг үнэ төлбөргүй хичээллүүлдэг цорын ганц газар гэхэд хилсдэхгүй.
“Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн үйл ажиллагаатай танилцахаар тус төвийг зорьж очлоо.
Өнөөдрийн байдлаар “Хүүхдийн урлан бүтээх төв”-д 16 төрлийн 23 дугуйланд 1415 хүүхэд хичээллэж байна. Эдгээр хүүхэд нийслэлийн зургаан дүүргээс ирж сонирхсон дугуйландаа үнэ төлбөргүйгээр суралцдаг. Нисэх, Яармагаас ч ирж суралцдаг гэж Уран баримлын дугуйлангийн багш Т.Даваасамбуу хэлж байв. Т.Даваасамбуу багшийн удирддаг Уран баримлын дугуйланд энэ жил 67 хүүхэд хоёр ээлжээр идэвх сонирхолтой хичээллэдэг гэнэ. Тэрээр биднийг газарчлан төвийнхөө үйл ажиллагааг танилцууллаа. Нийт 23 дугуйлангийн нэг сарын сургалтын материалын төсөв гэж 500 мянган төгрөг байдаг ч жил бүр танагдсаар энэ жил нэг ч төгрөг өгөөгүй аж. Суралцах хүүхдийн тоо их учраас ачааллаа тэнцүүлж өглөө, өдөр гэсэн хоёр ээлжээр хичээллэдэг байна. Мөн өдөрт нэг удаа үнэгүй аарц хүүхдүүдэд уулгадаг.
Хүүхдийн Анхан шатны дугуйлан нэгдүгээр давхарт байрладаг. Биднийг хаалгаар ороход 6-7 насны 20 гаруй хүүхэд хоёр ширээ тойрон сууж, дор бүртээ ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн хийцгээж байв.
6-7 настнууд энэ дугуйланд тусгай хөтөлбөрийн дагуу хоёр жил суралцсанаар гар нь зүгширдэг. Мөн сууж сурдаг. Суудал дээрээ таван минут ч тогтдоггүй гэдгэнэж годгоносон жаалууд зөв суун зураг зурж, товч хадаж, дүрсийн дагуу цаасан хайлчилбар нааж анхны бүтээлээ туурвидаг байна. Анхан шатны дугуйлангийн багш Д.Нямгэрэл “Хүүхдүүд маань хоёр жилийн дараа сонирхлынхоо дагуу зарим нь зургийн ангид ордог. Нөгөө хэсэг нь техник технологийн ангид орж үргэлжлүүлэн суралцдаг. Анхан шатны анги маань хамгийн олон хүүхэдтэй. Хүүхдүүдийн зарим нь хичээлээ тараад ирдэг. Зарим нь эндээсээ хичээлдээ явдаг” гэлээ. Мөн тэрээр”Монгол Улсад хүүхдийн гэх тодотголтой үлдэж байгаа ганц объект бол “Хүүхдийн урлан бүтээх төв” юм. Яагаад хувьчлах гээд байгааг ойлгохгүй байна. Монгол Улсын Ардын багш Б.Цэрэндорж агсан энэ байшинг анх урлан бүтээх төв болгосон хүн. Амьд ахуйдаа хэлж байсан. “Би байгаа тулдаа энэ байшин бүтэн байна. Намайг байхгүй бол тал талаас нь эмтлээд хувийн юм байгуулна” гэж хэлдэг байсан. Өнөөдөр эхлэл нь тавигдаж байна. “Хүүхдийн урлан бүтээх төв” бол давтагдашгүй загвар, дизайнтай барилга. Ард түмний хандивын хөрөнгөөр босгосон гэж манай эмээ ярьдаг байсан. Тухайн үед малчид нь малаа, ажилчид нь цалингаа хандивлсанаар энэ сайхан ордонг барьсан гэж эмээ минь ярьж байсан нь одоо ч миний санаанд тодхон байна” гэв.
Дараагийн орсон анги маань нисэх загварын дугуйлан байлаа. Хананд байрлуулсан тавиур дээр дугуйлангийн хүүхдүүдийн хийсэн нисэх онгоцнуудыг эгнүүлэн тавьсан харагдана. Бүгд нисдэг гэнэ. Алсын удирдлагатай, мотортой нисдэг онгоц хийнэ гэдэг бол өсвөр насны хөвгүүдийн мөрөөдөл байдаг гэж Нисэх дугуйлангийн багш Д.Лхагва онцолсон. 2014 онд шинээр Нисэх загварын дугуйланг байгуулжээ. Өнөөдрийн байдлаар 90 гаруй хүүхэд Нисэх загварын дугуйланд хичээллэж байна. “Техник сэтгэлээг хөгжүүлж, гоо зүйн боловсролыг хүүхдэд олгоно. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нисэх загварын дугуйлан байгуулах асуудал орсон. Хүүхдүүд маань хоёр жилийн хугацаанд овоо зүгширсэн. Анх цаасан онгоц хийдэг байсан бол одоо хөөрдөг, газраас тасарч агаарт нисдэг онгоц хийдэг боллоо. Дугуйлангийн ажил урагштай, хүүхдүүд маань ч урам зоригтой суралцаж байгаа үед “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг татан буулгана, хувьчилна гэсэн шийдвэр гаргах нь буруу юм. Бат-Үүл даргаа мөрийн хөтөлбөрөө бүү мартаач. Таны мөрийн хөтөлбөрийг биелүүлэх гэж миний бие хэдэн сурагчдын хамт зүтгэж байна. Нийслэлийн Засаг дарга та гаргасан шийдвэрээ эргэж хараач гэж хүсмээр байна” гэж Д.Лхагва багш сонингоор дамжуулж нийслэлийн удирдагуудад үгээ дайлаа. “Хүүхдүүд нисэх загвар зохиох ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг. Загвараа нисгэж үзээд л өчигдөр сайн нисч байсан, өнөөдөр муу нисч байна. Яагаад вэ” гэсэн асуулт байнга тавьдаг тухай Д.Лхагва багш яриандаа дурдаж байв.
С.Буяннэмэх хүү Сонгинохайрхан дүүргийн Чандмань сургуулийн наймдугаар ангид сурдаг. Тэрээр “Би нисэх загварын дугуйланд суралцах сонирхолтой. Хийсэн онгоц маань нисэхээр үнэхээр урамтай байдаг. Энэ модон онгоцыг багшаасаа зөвлөгөө авч хийсэн” гэж өнгө үзэмж сайтай нисэх онгоцны загвар үзүүлэв. Дуртай зүйлээ хийж байгаа нь нүүрэн дэх инээмсэглэлээс тодхон харагдана. Газарчилж буй багш маань дараагийн ангид дагуулан орсон нь Авто загварын дугуйлан байв. Хүүхдүүд токарийн машинаар мод зорж байв. Хажууд нь багш анхааралтай ажиглаж зааварчилгаа өгч зогсоно. Авто загварын дугуйлангийн багш Н.Хэнмэдэх биднийг харснаа хаанаас явааг асууж сонирхсон юм. Сониноос явж буйгаа хэлтэл уриалгахнаар дугуйлангийн үйл ажиллагаагаа танилцууллаа. Тэрээр “2014 онд техникийн дугуйлангууд шинээр нээгдэж эхэлсэн. Миний удирдсан дугуйланд 60 гаруй хүүхэд хичээллэдэг. Сонирхсон зүйлдээ хүүхдүүд идэвхтэй суралцдаг. Хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрөөж, амьдрах ухаанд сургах нь Хүүхдийн урлан бүтээх төвийн гол зорилго юм. Боломжийн зураг төсөл гаргадаг авьяастай хүүхдүүд олон бий. Хувьчлах асуудалд сэтгэл их дундуур байна. Наймаачин биш, сэтгэдэг, зохион бүтээгч нар ирээдүйд олноор төрвөл Монголд том хөрөнгө оруулалт болно” гэв. Токорь машинаар мод зорж байсан хүү өөрийгөө Б.Дашравдан хэмээн танилцуулсан. Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургуулийн долдугаар ангид сурдаг тэрээр “Аав намайг энд дугуйланд орвол зүгээр гэж хэлэхээр нь орсон. Одоо автобусыг модоор хийж байна. Их бие болон дугуйг модоор хийнэ. Холбогчийг нь төмрөөр хийдэг. Өглөө найман цагаас хичээлдээ явдаг. Өдөр 12 цаг 30 минут гэхэд дугуйландаа ирдэг. Орой 17 цагт хүртэл дугуйландаа хичээллэдэг” гэв.
“Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн доторх чимэглэл, дизайн нь музей юм уу урлагийн галерей дотор явж байгаа сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байв. Энэ талаарх сэтгэгдлээ газарчилж буй Т.Даваасамбуу багшид хэлэхэд “Хүүхдүүдэд таатай орчин бүрдүүлэхийн тулд анги танхим болон коридорыг ингэж чимэглэсэн” гэв. Багшийн ярьснаар бол ОХУ-ын Санкт-Петербург хотын “Эрмитаж”-ийн гүйцэтгэх захирал тус төвд айлчилж, коридорын хана, чимэглэлийг хараад, хүүхдийн “Бага Эрмитаж” юм байна хэмээн дуу алдсан гэнэ.
Ингээд хоёрдугаар давхарт байрлах үзэсгэлэнгийн танхимд зочиллоо. Хүүхдүүд хийсэн гэхээргүй урлагийн бүтээлүүдийг эгнүүлэн өржээ. Эвтэй дөрвөн амьтан, тогос болон хун шувууг мод, төмрөөр амьтай юм шиг хийж тавьжээ. Мөн модоор шатар, таван хошуу мал, гэр тэргийг хийсэн харагдана. Даавууны өөдсөөр хаан, хатан хүүхэлдэйнүүдийг өнгө алаглуулан хийжээ. Мөн модны урыг ашиглаж хийсэн бүтээл ч байсан. Хүүхэлдэйнүүд бол манай урлан бүтээх төвийн охидын бүтээл гэж газарчин багш тайлбарласан.
Модон сийлбэр хийснээр, хүүхдийн орон зайн мэдрэмжийг дээшлүүлдэг. Баримал нэмэх, сийлбэр нь хасах урлаг гэгддэг. Учир нь, сийлбэрийг том модноос сийлж хасч, зорж хийдэг. Баримлын бүтээл бол нэг нэгээр нэмж хийдэгээрээ сийлбэрээс ялгаатай аж. Орон зайн мэдрэмж гэдэг нь бүх талаас тойрч харснаар бий болдог гэнэ. Уран зургийг хавтгай талаас нь харж буулгадаг байна. Тариан түрүү бол сургалтын гол материал болдог байна. Тариан түрүүг зүсч янзлан, улмаар өнгөнд оруулж төрөл бүрийн сагс буюу сүлжмэл эдлэл болон тогс шувууг өнгө алаглуулан хийсэн нь нүдний харааг булааж байлаа. Нүд нь гялалзаад яг л нисэх гэж буй мэт. Мөн өнгө өнгийн маскийг хаягдал сонингийн цаас ашиглан, жонхуу зуурч хийжээ. Энэ нь цаасан шуумал урлаг юм. Өндөр гэгээний үед л цам харайх ёслолын маскуудыг ингэж хийдэг байсан гэнэ. Хүүхдүүд цаасан шуумлын аргаар хийсэн маскаа өмсч шинэ жилдээ ордог аж.
Үзэсгэлэнгийн танхимын харалдаа Уран зургийн дугуйлангийн танхим бий. Хаалгыг нээвэл, 10 гаруй хүүхэд самбарын урд тавьсан натурыг хичээнгүйлэн зурж байв. Д.Ганболд багш “Хүүхдийн урлан бүтээх төв”-д 11 дэх жилдээ багшилж буй. Тэрээр “Ажиллах хугацаандаа маш олон хүүхдэд уран зургийн хичээл зааж төгсгөсөн. Жилдээ дор хаяж 50-60 хүүхэд суралцдаг. Уран зургийн дугуйланд сурснаар заавал зураач болох албагүй. Хүүхдүүд үнэтэй материал хэрэгсэл хэрэглэх шаардлага байхгүй. Цаас, харандаа байхад л болно. Сургалтын материалын зардал гэж бага хэмжээний мөнгө өгдөг байсан. Энэ жилийн хувьд мөнгө өгөөгүй. Хүүхдийн байгууллагуудыг хувьчилж байхгүй болгодог нь ямар учиртай юм бэ. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн сурч боловсордог ганц байгууллагаа хөгжүүлэх биш, хувьчлал нэрээр алга болгодогыг багш, хүүхдүүд болон эцэг эхчүүд эсэргүүцэж байна” гэв . Ямартай ч тус төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Харин уулзсан багш бүр хувьчлахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан юм.
Сурвалжлагын төгсгөлд “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяагаас хувьчлалын талаар ямар байр суурьтай байгааг асуухад “Манай төвийн барилга 1958 онд ашиглалтад орсон. Урлан бүтээх төвийн хагаралтын хэсгийг засч янзалбал нурахгүй гэж Монгол Улсын шилдэг архитекторч н.Даш гуай хэлсэн. Ингээд зураг төсөл болон хөрөнгө мөнгөний тооцоог хийж нийслэлийн холбогдох газарт албан тоотоор хүргүүлсэн. 2014 онд НИТХ-ын дарга Д.Баттулга 200 сая төгрөгийн төсөв шийдэж өгсөн. Энэ мөнгөөр дээвэр болон гол нурууг засварлах гэтэл мөнгөө татаад авчихсан. Үүнээс хойш ямар нэгэн хэл чимээгүй байсаар энэ оны арваннэгдүгээр сард “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг хувьчлах асуудал тавьсан. Манай төвийн дугуйлангуудад нийслэлийн ерөнхий боловсролын 121 сургуулийн 1400 гаруй хүүхэд хамрагддаг. Тус төвийн багш ажилчид болох 49 хүн хувьчлахын эсрэг байна” гэв.
“Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг хувьчилбал дугуйлангууд төлбөртэй болох нь тодорхой. Ингэснээр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид “ Хүүхэд бүх талын боловсролыг үнэ төлбөргүй эдлэх эрхтэй” гэсэн зарчим зөрчигдөнө. Ингэхийг эцэг, эхчүүд хэзээ ч зөвшөөрөхгүй.