Э.ГАНЦЭЦЭГ
“Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг өнөөдөр дэлхий даяар тэмдэглэж байна. Манай улс энэ өдрийг 65 дахь жилдээ угтлаа. НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д нэгдсэн улс орнууд хүний эрхийн өнөөгийн нөхцөл, байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, чиглэлээ тодорхойлж, эрх баригчдад дээрх асуудалд анхаарлаа хандуулж, идэвхитэй ажиллахыг уриалдаг өдөр бол өнөөдөр. Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжиж ажиллах эрх, үүрэг бүхий байгууллага бол Хүний эрхийн Үндэсний комисс. Тиймээс “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний комисс”-ын бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.
-Бид хүний эрх гэж ярих дуртай ч ойлголт тааруутай хэвээр байна гэж болдог. Хүний эрх гэхээр л юу дуртайгаа хийж, ярих гэж ойлгох хүмүүс ч бий. Та хүний эрхийн талаар боловсрол олгодгийн хувьд тодорхойлолт хэлээч?
-Хүний эрхийн тухай, хүний эрх гэж үүнийг хэлнэ гэсэн хуульчилсан тодорхойлолт, олон улсын баримт бичигт туссан ойлголт байдаггүй. Гэхдээ онолын түвшинд хүний эрхийг бүх хүнд, нийтээр нь тэгш олгогдсон, ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүй адил тэгш эдлэх боломж гэж ойлгож болно.
Энэ боломж хүн бүрт тэгш олгогдож, уг боломжид үндэслэж хүмүүс эрхээ эдлэх эрхтэй. Хүний амьдралд тулгарч буй алив асуудалд хүний эрхийн асуудал давхар хөндөгддөг. Ер нь, хүн амьдралын бүхий л үйл явцад оролцохдоо бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх үүрэгтэй. Угтаа хүний эрх гэдэг ойлголтод үүрэг агуулагдддаг. Гэвч, эрхээ яриад, үүргээ умартчихдаг. Эдгээр ойлголтуудын нэгдэл нь хүмүүсийг хариуцлагаа ухамсарлаж амьдрахын үндэс болдог.
-Үүрэг гэхээр “Миний эрхээр чиний эрх хязгаарлагдана” гэж ярьдаг. Энэ ойлголт гадныхны яс, маханд шингэсэн байдаг. Манайханд энэ ойлголтыг тэгвэл хэрхэн төлөвшүүлэх вэ?
-Ер нь сүүлийн жилүүдэд манай иргэд эрхээ шаардаж, дуу хоолойгоо төр, захиргааны байгууллагад хэрхэн хүргэхээ мэддэг болсон. Өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад энэ тал дээр ахиц гарсан гэж болно. Манай байгууллагаас ч үүнд чиглэсэн олон үйл ажиллагааг хийж, хэрэгжүүлсэн. Ер нь эрхээ шаардахаас гадна үүргээ ухамсарладаг байх нь чухал. Хэн нэгэн иргэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын эрх зөрчигдөх нь бий. Монгол Улсын иргэний хуулинд хуулиа мэдэхгүйн улмаас бусдын эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан бол чөлөөлөгдөх боломжгүй гэсэн зохицуулалт бий. Тиймээс иргэд эрхээ эдлэхээс гадна үүргээ мэдэж байх хэрэгтэй. Олон улсын хамтын нийгэмлэг буюу НҮБ, түүний гэрээний хороодоос иргэдийн үүргээ ухамсарлах байдлыг нэмэгдүүлэхэд хүний эрхийн боловсрол олгох нь чухал гэж үздэг. Манай байгууллагын бас нэг чиг үүрэг нь хүний эрхийн боловсрол олгох. Тэр дундаа албан бус боловсролын салбарт хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр түлхүү ажиллаж байна. Манай ажилтнууд өдөр тутамдаа төрийн байгууллагын ажилтнуудад хүний эрхийн боловсролын чиглэлээр сургалт явуулж байна. Яагаад гэвэл, төрийн байгууллагууд энэ чиглэлд манлайлан оролцсоноор иргэдэд мэдээлэл олгоход илүү ойр болох юм. Бидний явуулж байгаа үйл ажиллагаа, сургалт үр дүнгээ өгч байгаа болов уу.
-Эрх үүрэг гэдэг ойлголтыг хүүхэд байхаас нь суулгах байх. Хүний эрхийн Үндэсний комиссоос энэ тал дээр ямар ажлууд хийж байна вэ?
-Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарт хүний эрхийн хичээлүүдийг албан ёсоор сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөндөө тусгаач гэсэн шаардлагуудыг холбогдох байгууллагад нь тавьсан. Үүний дүнд ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт хүний эрхийн хичээлийн сэдвүүд нэмэгдэж байна. Гэхдээ яг тусгайлан хүний эрх гэсэн хичээл ордоггүй. Манай байгууллагын зүгээс ч хангалтгүй байна гэж үздэг. Нийгмийн тухай мэдлэг, Хүн-байгаль гэсэн суурь хэдэн хичээлд хүний эрх гэсэн сэдвээр цөөн цагийн хичээл орж байна. Тиймээс бага, дунд боловсролын салбарт хүний эрхийн чиглэлийн хичээлүүдийг заавал судлах ёстой хичээлийн тоонд оруулах хэрэгтэй. Цаашлаад хүний эрх, эрх чөлөөг бодитоор хамгаалах үүрэгтэй хуульч, эрхзүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад ч энэ чиглэлийн хичээлийг заавал үзэх ёстой хичээлийн заалтанд оруулах шаардлагыг Боловсролын яаманд хүргүүлсэн. Яагаад гэвэл, манай байгууллагаас өнгөрсөн онд Хуульзүйн их, дээд сургуулиудад “Хүний эрхийн төлөв, байдал” тандалт судалгаа явуулахад, тухайн сургуулиудад орж байгаа хүний эрхийн хичээл хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Өмнө нь их, дээд сургуулиудад хүний эрхийн чиглэлийн хичээлүүд заавал үзэх ёстой хичээлийн нэг байсан ч 2001 онд уг заалт өөрчлөгдөж, сонгон судлах хичээлүүдийн нэг болсон. Үүний уршгаар энэ төрлийн мэдлэгийг эзэмших ёстой мэргэжлийн боловсон хүчин хүний эрхийн ямар ч ойлголтгүй сургуулиа төгсч байна.
-Гомдол, санал хэр ирж байна вэ?
-Манайд ирэх гомдлын тоо жилээс, жилд нэмэгдэж байгаа. Хүний эрхийн Үндэсний комисст ирсэн гомдлыг 30 хоногийн дотор шалгаж хариу өгдөг. 2013 онд 570 орчим гомдол, санал ирсэн. Энэ тоо өнгөрсөн жил 695 болтлоо өссөн. Энэ оны хувьд дээрх тоо өмнөх оныхтой адил түвшинд байна. Гэхдээ энэ тоо оны эцэст нэмэгдэх хандлагатай байна. Хүний эрхийн комисс өнгөрсөн жилээс аймаг бүрт хүний эрхийн ажилтан ажиллуулах болсон нь уг тоог нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байгаа.
-Тэгэхээр танайд ирж байгаа гомдлын дийлэнх хөдөө, орон нутгаас ирж байгаа гэж ойлгож болох уу?
-Орон нутгаас ирүүлж байгаа гомдлын тоо өсч байгаа ч нийслэлтэй харьцуулахад хамаагүй бага. Ирж буй нийт гомдлын 20 гаруй хувь нь хөдөө, орон нутгаас ирдэг. Ер нь комисст ирж байгаа нийт гомдлын тал хувь нь хуулиар эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсээс ирдэг. Өөрөөр хэлбэл, цагдан хорих байр, ял эдэлж байгаа хүмүүс гэсэн үг. Ялангуяа цагдан хорих байранд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр татагдан хоригдож байгаа шүүхийн өмнөх шатанд хэргээ шийдүүлэхээр түр саатуулагдсан иргэдийн, мөн байцаан шийтгэх хуулинд заасан эрх, эрх чөлөөгөө хангалттай эдэлж чадахгүй, хуулийн дагуу эдлэх ёстой бусад эрх, эрх чөлөөг хангаж өгөхтэй холбогдсон хүсэлт, гомдол түлхүү ирж байна. Түүн дотроо төрийн албан хаагч зүй бус харьцсан, эрүү шүүлт ашигласан, эсвэл зохих ёсны өмгөөллийн үйлчилгээ авч чадахгүй, өмгөөлөгчтэйгээ уулзаж чадахгүй зэрэг гомдлууд их байна.
-Энэ жил олон улсад хүний эрхийн өдрийг ямар уриан дор тэмдэглэж байгаа вэ?
-1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр НҮБ-аас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсан. Үүнээс хоёр жилийн дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдаж хүний эрх , эрх чөлөөг гишүүн орон бүр өөрийн улсад сурталчлан, таниулах хэрэгтэй гэж үзэн, энэ үеэс жил бүр “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэх болсон. Энэ жил 65 дахь жилдээ Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ жил “Бидний эрх, Бидний эрх чөлөө, Цаг ямагт” гэсэн уриаг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос дэвшүүлж, улс орнуудыг энэ уриан дор нэгдэж, үйл ажиллагаа явуулахыг хүссэн. Манай улс ч энэхүү уриан дор нэгдэж, хүний эрхийн талаар боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Комиссоос Монгол Улсын нэгдэн орсон бүхий л гэрээ конвенцуудыг нэгтгэж байна. Учир нь, хуулийг хэрэглэх үүрэгтэй шүүхийнхэн, хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын байгуулллагууд, иргэд ч хүний эрхийн эдгээр олон улсын заалтуудыг тэр бүр хэрэглэж чадахгүй байна. Тиймээс энэ бүх гэрээ, конвенцыг нэгтгэж “Олон улсын хүний эрхийн Билл” хэмээх томоохон хэмжээний эмхтгэл болгон хэвлүүлж байгаа юм. Үүнийг иргэд болон төрийн албан хаагчдад үнэ төлбөргүй тараана. Мөн “Хүний эрхийн цахим номын сан”-г нээж ажиллуулах гэж байна. Иргэд энэхүү цахим номын сангаас хүний эрхтэй холбоотой бүхий л мэдээллийг авахаас гадна санал, гомдлоо цахим хэлбэрээр илгээх боломжтой. Ингэснээр биечлэн гомдол мэдүүлэх боломжгүй иргэдэд илүү ойр болж байгаа юм.
-Энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол юу вэ?
-Хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтыг олон нийтэд түгээх зорилготой. Ингэхдээ нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан иргэд, олон нийтийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхийн боловсролыг олгоход оршиж байна. Мөн эрх баригч, шийдвэр гаргах түвшний төрийн албан хаагчдын анхаарлыг хүний эрхийн асуудалд хандуулах зорилготой гэж болно.