Хойд Солонгосыг хууль бус зэвсэг наймаалсан гэсэн үндэслэлээр АНУ шинэ хориг арга хэмжээ авлаа. Улсын төсвийнх нь 60 гаруй хувь Батлан хамгаалах яам руу ордог Хойд Солонгосын хувьд зэвсэг наймаалах нь энгийн үзэгдэл. Гэхдээ ямар төрлийн зэвсэг наймаалсан бэ гэдэгт асуудал байгаа юм. Үй олноор хөнөөх зэвсэг наймаалсан гэсэн шалтгаанаас болж АНУ болон НҮБ шинэ хориг арга хэмжээг Хойд Солонгос улсын эсрэг авлаа.
Энэ нь хүнсний хоригоос өөр эдийн засгийн хориг арга хэмжээ юм. Пуужингийн төрлийн хоёр ачаа дүүрэн зэвсгийг худалдаалах гэж байхад нь илрүүлж, ийнхүү Хойд Солонгосын ардын армийг хүнд байдалд орууллаа. Хориг арга хэмжээ Ардын армийн пуужингийн хүчинд их хохирол дагуулах болно гэдгийг АНУ-ын тал мэдэгдэж байгаа юм. Гурав дөрвөн ч хориг арга хэмжээнд орсон боловч Хойд Солонгос өөрсдийн зэр зэвсгээ бусдад худалдаалах үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байна. АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг 24 цагийн турш бүрэн хяналтанд байлган хиймэл дагуулаас ажигладаг бөгөөд тэдний ямар нэг цэргийн ажиллагааг олон улсад мэдээллэдэг. Тиймдээ ч тив алгасан пуужингийн туршилт, худалдаа наймааны зөрчлийг шууд илрүүлдэг.
АНУ-ын зэвсгийн аюулгүй алба Хойд Солонгос улсаас хураасан зэр зэвсгийг устгалд оруулах ажиллагааг хоёр ч удаа хийсэн гэж хэвлэлийнхэн мэдээлсэн удаатай. Гэсэн ч Хойд Солонгосын зэвсгийн үйлдвэрүүд бусдад зэвсэг нийлүүлсээр. Хачирхалтай нь Хойд Солонгост бусдын адил зэвсэг нийлүүлдэг компани гэж байхгүй. Шууд армитай харьцана. Ямартай ч Хойд Солонгосын эсрэг АНУ дахин нэг хориг арга хэмжээг зэр зэвсгийн салбарт хийлээ.