Б.БААТАР
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНУ-ын “Today” сонинд цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна. Тэрээр НАТО болон Туркийн тухай, өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэг, ОХУ-ын Сири дэх ажиллагаа, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль гээд олон зүйлийн талаар ярилцлагадаа өгүүлсэн байна.
-Танд энэ өдрийн мэнд. Дотоодын үйл явдлаас яриагаа эхлүүлье. Цагдаа өсвөр насны хүүхдүүдийг буудаж хөнөөж буй бичлэг нийгэмд ноцтой байдал үүсгэж байна. Хамгийн сүүлд цагдаагийн долоо найман ажилтан нэгэн жаалыг 15 удаа буудаж буй дүрс бичлэг цахим сүлжээгээр цацагдаж, олны эгдүүцлийг төрүүлээд байна. Хэргийг харьяа мужийн цагдаагийн газар эцэслэн шийдвэрлэж, цагдаа албан үүргээ биелүүлсэн гэж үзсэнийг та юу гэж бодож байна?
-Энэ бол үнэхээр харамсалтай хэрэг. Үүнийг зохицуулах ёстой хуулийн шинэ төсөл, санаа хэрэгтэй болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, өсвөр насны хүүхдүүдэд болон цагдаагийн ажилтнуудад зориулсан шинэ хууль батлах ёстой. Галт зэвсэгтэй холбоогүй зүйл. Харин цагдаагийн ажилтны эсрэг эсэргүүцэл үзүүлэх ямар нөхцөлд цагдаа гал нээх тухай заалтыг л өөрчлөхөд хангалттай юм шиг санагддаг юм. Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авснаас хойш надад маш их гомдол, захидал ирсэн. Ерөнхийлөгчид ч ирсээр байгаа. Нийгэмд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэж битгий андуураарай. Энэ бол цагдаагийн ажилтны тухай, мөн эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой дүрэм журамтай шууд холбоотой зүйл. Цагдаа шаардлага тавина, сэжигтэн биелүүлэх үүрэгтэй. Хэрэв цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж байгаа бол ямар нэг гэмт хэргийн сэжүүртэй сэжигтэн гэсэн үг. Харин эсэргүүцэл үзүүлэхгүй биеийн байцаалт зэргийг үзүүлэх юм бол цагдаагийн ажилтан түүнийг суллах ёстой. Нөгөө талаар хэрвээ та өөрийгөө гэм буруугүй байхад цагдаагийн ажилтан дарамталж байцаалт авах гэж байна гэж үзсэн бол мужийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, зохих хууль журмын дагуу хандах хэрэгтэй. Энэ нь нэг талаараа эрсдлээс өөрийгөө хамгаална. Таны хэлсэн цахим сүлжээнд цацагдсан өсвөр насны жаал хүүгийн хувьд зугтааснаар цагдаа нарт хүндрэл учруулж, улмаар сэжигтэнг зогсоохын тулд буудсан байж болох талтай. Ер нь, аливаа гэмт хэргийг илрүүлэх гэж байгаа бол тухайн сэжигтэн өсвөр насных байна уу, насанд хүрсэн үү гэдэг нь хамааралгүй байдаг.
-Хүмүүс энэ хэрэгт цочирдож байна. Харин та?
-Хүүг 15 удаа буудахад хэн ч цочирдоно. Харамсалтай үйл явдал. Миний хүүг 15 буудаж байгаагаас өөрцгүй хэцүү санагдаж байсан. Бичлэг хийсэн иргэнд олон хүн талархаж байгаа биз. Өнөөдөр бодит үнэн байдлыг илчлэх ганц зүйл бичлэг хийх, баримтжуулах л болоод байна. Энэ хэргийг ч гэлтгүй, цагдаа нарын иймэрхүү үйлдлийг давхар шалгаж, хянадаг байгууллага бий байх хэрэгтэй юм шиг. Хэргийг хаахаас өмнө хянан шалгаж дахин хэлэлцэж байж баталдаг ч гэх юм уу.
-Та Дональд Трампийн хэлсэн үгний талаар ямар бодолтой байна. Тэрээр Бүгд найрамдах намынхныг хүнд байдалд оруулахын зэрэгцээ, гадаад харилцаанд ч хүнд байдал үүсгэсэн гэдгийг хэвлэлүүд онцолсоор байсан?
-Муслим буюу мусульманчуудыг АНУ-д оруулахгүй байх ёстой гэж хэлсэн нь түүнийг улс төрд зүтгэх болоогүй гэдгийг баталж байна. Шашин шүтлэг, яс үндсээр нь ялгаварлан гадуурхах үзлээр улс төрд орно гэж тэрээр бодож байвал эндүүрч байна. Магадгүй тэр баян бас нөлөө бүхий байж болно. Гэхдээ АНУ-ын эрх ашиг аливаа зүйлээс нь өмнө тавигдана гэдгийг ойлгоогүй мэт л буруу үйлдэл, үг хэлж байна. Бүгд найрамдах намынхан түүнийг ихээр шүүмжилсэн. Тэрээр магадгүй “террорист халдлага хийж байгаа хүмүүс нь мусульманчууд. Тэднийг АНУ-д оруулахгүй бол аюулгүй байдлаа хангаж байгаа” гэж бодож хэлсэн байх. Тэгэж хэлсэн гэж найдаж байна. Олныг хамарсан үзэл суртлын уриа хэлсэн гэж эндүүрсэн байх. Манай улсын хувьд Ойрхи Дорнодын улс орнуудын холбоотон мусульманчууд их бий. Тэдэнд хандаж хэлэхэд Трампийн үгийг битгий хүндээр тусгаж аваарай.
-Ойрхи Дорнодын асуудал руу сэдэв хазаая. Лалын улс орныг АНУ дэмжиж байна гэж ярих болсон. Тэгэхээр АНУ лалын дайчдыг дэмжиж, тэднээс газрын тос худалдан авч байгаа юм уу?
-Лалын дайчид бидэнд газрын тос зараад баяжаад, зэр зэвсэг нийлүүлж аваад дайтаад байгаа мэт мэдээлэл явж л байна. Гэвч бид өнөөдөр лалын дайчдын эсрэг бодлого явуулж, тулалдаж байна. Төрийн департамент энэ бүхнийг нээлттэй бодлогоор явуулж байгаа. Лалын дайчдаас биднийг газрын тос худалдан авч байна гэсэн мэдээллийн хариу болгож хэлэхэд хэрвээ бид худалдан авч байгаа бол тэдний газрын тос ачсан цувааг сөнөөж, терроризмын эсрэг тулалдах ямар шаардлага байна. АНУ Ойрхи Дорнодод газрын тосны наймааг шударгаар явуулахыг хүсэж байгаа улс орны нэг гэдгийг онцолъё.
-Тэгвэл тэдний хэрэглэж байгаа АНУ-ын зэр зэвсгийн талаар ямар тайлбар хийх вэ?
-Үнэхээр инээдтэй ойлголт. Өнөөдөр Дэлхийд хоёр төрлийн зэр зэвсэг байдаг гэж болно. АНУ болон ОХУ-ын зэвсэглэл. Тэгвэл ОХУ-ын зэвсгийг ч тэд хэрэглэж байгаа. Бас АНУ-ын зэвсэг хэрэглэж байна. Дэлхийн өнцөг булан бүрт манай хоёр улсад үйлдвэрлэсэн зэвсэг тархсан. Үүнийг нэг хүүхэд шиг шууд хүлээн авах хэрэггүй. Төрийн департаментын Стратегийн хэлтэс зэр зэвсэгт давхар хяналт тавьдаг. Манай улс лалын дайчдад зэвсэг нийлүүлээд, тэдэнтэйгээ байлддаг мэтээр хэвлэлийнхэн ярих юм. Бид тэднийхээр санхүүжүүлэгч, дэмжигч болчихсон. Гэтэл тэдний эсрэг дайтсаар байдаг. Шал утгагүй хэрэг биш гэж үү.
-Лалын дайчдын хэрэглэж байгаа АНУ-ын зэр зэвсэг манай улсын хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн гэж хэлж болох орчин үеийн зэвсэглэл байгаад гол учир байна. Түүнээс он хуучирсан олон зэвсэг дэлхийн хаа сайгүй байгаа нь мэдээж. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Тайлбар гээд байх зүйл байхгүй. АНУ лалын дайчдыг зэвсгээр хангадаггүй. Зэр зэвсгийг он залуу, хуучин гэдгийг хэн тогтоосон юм. Яагаад манай улс тэдэнд нийлүүлсэн гэж бодоод байгаа юм. Сүүлийн үеийн зэр зэвсэг гэхээр он залуутай бүхий л зэвсэглэлийг НАТО-гийн гишүүн орнууд цаг тухайд нь авдаг. НАТО-гийн орнуудаас ямар нэгэн байдлаар худалдсан байж болох. Эсвэл лалын дайчдын эзэлсэн газар нутагт АНУ-ын зэвсгийн агуулах байсан үгүйг та яаж мэдэж билээ. Магадгүй тэд зэвсгийг агуулахаас манай улсын гэх зэвсэглэлээр өөрсдийгөө тоноглосон байхыг үгүйсгэх аргагүй. Энэ мэт өнгөц байдлаас хэвлэлийнхэн битгий хандаасай гэж хүсч байна. Аливаа зүйлд бодолтой хандахыг зөвлөж байна.
-Таны зөвлөгөөг хүлээн авлаа. Гэхдээ зөвхөн манай агентлаг шүү. ОХУ-ын СУ-24 онгоцыг Туркийн тал сөнөөсөн. Үүнийг эртнээс төлөвлөсөн гэж яриад байна. Асуудлын гол нь НАТО Турк улсыг хамгаална гэснээр ОХУ-ын Турк руу дайрах дайралтыг зогсоосон байхыг үгүйсгэхгүй. Та энэ хэрэг үйл явдлыг хэрхэн харж байгаа вэ?
-ОХУ-ын хувьд энэ бол үнэхээр том асуудал. Манай байлдааны онгоцыг өөр нэг улс сөнөөсөн бол бид ч гэсэн адилхан л хандлага гаргах байсан. Энэ тал дээр ОХУ-тай нэгдмэл байр суурьтай байгаа. Ирак, Афганистанд манай байлдааны нисэх онгоц цэргийн ажиллагаа явуулж байхад гуравдагч орон манай онгоцыг агаарын хил нэвтэрлээ гээд сөнөөх юм бол бид лав зүгээр суухгүй. Туркийн дээрх шийдвэрт бид ч гэсэн харамсаж байна. НАТО-гийн хувьд Туркийг аливаа өөр улс орнуудаас хамгаалах үүрэг, чиг хандлага бий. Гэвч мөр зэрэгцэн хөгжиж байгаа их гүрнүүдийн нэг рүү буудаж, дайн эхлүүлчихээд НАТО-гийн нөмөр доор нуугдаж “биднийг авраач” гэх юм бол АНУ бүсээ тайлан хүүхдээ хүмүүжүүлэх байсан. Турк хэдийгээр АНУ-тай сайн сайхан харилцаатай ч ОХУ-тай АНУ илүү урт удаан хугацаанд нөхөрлөж ирсэн эртний сайхан харилцаатай улс орнууд гэдгийг санах хэрэгтэй. Хэдийгээр АНУ НАТО-гийн гишүүн гээд Туркийг хамгаална гэж байгаа ч олон улсад энэ бол муухай үйлдэл. Таийп Эрдоган ОХУ-тай яагаад ийм харилцаатай байхыг хүсээд байгааг бид мэдэхгүй. Лалын дайчид Турк Сирийн хилийн ойролцоо хууль бус газрын тос худалдаалсан үйл явдлыг ОХУ таслан зогсоож, газрын тостой чингэлэг бүхий автомашиныг сөнөөсөн нь Туркийг СУ-24 онгоцыг сөнөөхөд хүргэсэн мэт ярьж байна. Би нарийн учрыг мэдэхгүй байна.
-Сирид АНУ цэргийн ажиллагаа явуулж болох эсэх нь одоогоор баталгаатай биш. Тэгвэл лалын дайчдын эсрэг дэлхийн хаана ч АНУ тэмцлээ явуулна, тэднийг сөнөөнө гэж мэдэгдсэн. Бусдын газар нутагт ч гэсэн цэргийн ажиллагааг явуулах уу?
-Яг тийм гэж хэлж болохгүй. Гэхдээ бид лалын дайчдын эсрэг олон улсын хамтарсан тэмцэл явуулах ёстой. Дан ганцаараа биш олон улс лалын дайчдын эсрэг нэгдсэн бодлого, тэмцэл, ажиллагаа явуулах хэрэгтэй. Ингэж чадах юм бол лалын дайчид үгүй болж, ойрхи Дорнод асуудалгүй болно гэдэгт итгэлтэй байна.
-Та их итгэлтэй хариулах юм. Их л амархан зүйл шиг. Яг үнэндээ Леван, Иракийн хуучин армийнхан Сирийн зэвсэгт босогчидтой хамтран энэхүү өнгөн цар хүрээтэй “лалын дайчид” гэсэн бүлэглэлийг байгуулсан. Шашин төрөөр нь дамжуулан хүмүүст ухуулга хийж, дэлхийн өнцөг булан бүрт аюулт байдал үүсгэлээ. Энэ бүхний буруутан нь “ардчилал” гэж нэгэн дуугаар хэлэх байх. Учир нь “Арабын хувьсгал” буюу “Ардчиллын улаан шуурга” лалын дайчдыг бий болгосон. Эрх чөлөөтэй болсон цэргүүд төрийн эсрэг тэмцэл өрнүүлж, ийнхүү сүүлдээ террорист бүлэглэл байгууллаа. Ардчилал буруутай биш гэж үү?
-Ардчиллыг буруутгах хэрэггүй. Арабын хувьсгал хийсэн нь АНУ-д ашигтай мэтээр л амтай болгон нь ярих болсон. Гэхдээ Ойрхи Дорнод, хойд Африкийн улс орнууд Ардчиллын төлөө яагаад тэмцэл өрнүүлж, өнөөдөр арчдилсан нийгмийн төлөө төр засгаа удирдан ардчиллыг хэрхэн босгож байгааг бас харах хэрэгтэй. Лалын дайчид бол ардчиллын эсрэг тэмцэж байгаа зэвсэгт босогчид гэж би үздэг. Тэдний дунд нь хуучин шинэ цагийн төлөөлөл ч байгаа. Гол нь шашин төрөөр дамжуулан юуны төлөө амьдарч байгааг нь лалын дайчдад ойлгуулж чадахгүй нь бидний алдаа байх. Бидний алдаа гэхээс илүүтэй ардчилсан нийгмийг ямар их үнэ цэнээр олж авдаг гэдгийг харуулсаар байна. Нэгэнт тогтсон ардчилсан нийгэмд хүмүүс чөлөөтэй амьдрах таатай орчин бий болдог. Тэр цаг ойрхон байгаа байх.
-Би лав хувьдаа тэгэж бодохгүй байна. Хүмүүс цагаачилж амиа алдсаар. Хүүхэд эмэгтэйчүүд өдрөөс өдөрт хүнд байдалд амь зогоож байна. Ардчилсан нийгмийн төлөө АНУ тэдэнд ямар тус хүргэж байна. Лалын дайчдын эсрэг хэрхэн арга хэмжээ авч, ардчиллыг сонгосон улс орнуудад яагаад туслахгүй байна?
-Алжир, Ливи, Египт, Йордан, Лебанон, Морокко, Тунис болон Йемен зэрэг оронд болсон хувьсгал бүгд ардчилсан нийгэм рүү чиглээгүй. Тэдний зарим нь олон жил үргэлжилсэн дарангуйллыг өөрчлөхийг хүссэндээ өрнүүлсэн тэмцэл. Зарим нь бусдын хүчээр хувьсгалд татагдан орсон. Алжирт 35 сая хүн, Тунист 10 сая, Ливид 6.5 сая хүн, Египт улсад 79 сая, Йорданд 6 сая, Сирид 21 сая, Кувэйтд 3 сая, Саудын Арабд 26 сая хүн, Йеменд 24 сая хүн тус тус Арабын хувьсгалд орсон, нэгдсэн, жагсаал хийсэн. Эдгээр хүний ихэнхи нь төр засгаа өөрчлөхийн тулд өөрийгөө эрсдэлд оруулсан. Тэднийг АНУ болон манай холбоотон орнууд дэмжиж ирсэн ч өнөөдөр боломжоороо тусламжийн гараа сунгасаар л байгаа.
-Сонирхолтой сэдвийн дор цаг үеийн асуудлаар ярилцсанд баярлалаа. АНУ-ыг бурхан ивээх болтугай.
-Танд ч гэсэн баярлалаа.