Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бат: Ашиглалт дууссан гэдэг нь дурсгалт барилгыг нураах сонирхолтой хүний гаргасан үг

А.АКЭРКЭ

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас Хүүхдийн урлан бүтээх төвийг 2016 онд нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах шийдвэр гарсан нь эцэг, эхчүүдийн болоод багш сурган хүмүүжүүлэгчдийн эсэргүүцэлтэй тулсан. Ийнхүү хувьчлах болсон шалтгаанаа насжилт дууссан, нурах аюул нүүрлэсэн хэмээн хотын удирдлагууд тайлбарлаж буй юм. Тиймээс бид энэ удаад тус ордон үнэхээр нурах эрсдэлтэй юу гэдгийг тодруулахаар Монголын архитекторуудын эвлэлийн дэд ерөнхийлөгч Д.Баттай ярилцлаа.

-Хүүхдийн урлан бүтээх төвийн насжилт дууссан болохоор өмч хувьчлалд хамруулж нураахаар болоод байна. Үнэхээр энэ барилгын насжилт дууссан хэрэг үү. Ер нь, хувьчлах нь хэр оновчтой арга вэ. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?
-Хувьчилж болно. Хувьчлахдаа энэ байшинг хэвээр нь үлдээнэ шүү гэдэг зүйлийг хэлж, зааж өгдөггүйгээс болж манай архитектурын дурсгал гэгдэх цөөн барилгыг нурааж дуусах нь. Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчилчих юм бол авч буй хүний гол зорилго бушуухан л нурааж оронд нь хамгийн хоцрогдсон шилэн барилга босгох байх. Хамгийн гол нь газрыг нь авах санаа л яваад байгаа болов уу гэж бодож байна. Энэ бол харамсалтай хэрэг. Ууган архитекторуудын нэг Дамбийням гэдэг хүний бүтээсэн барилга. Бидний байгаасай гэж харж, хүсч явдаг, дахин хийхсэн гэж боддог монгол архитектурын өнгө төрхтэй цөөн барилгын нэг юм шүү дээ. Ер нь энэ барилгыг устгах ажил аль эрт эхэлсэн.

-Цэлийсэн том газартай байсныг нь хэлээд байна уу, та?
-Хамгийн урд талд нь үндэсний хээтэй хоёр хаалгатай, хашаа байсныг нь нурааж хаясан шүү дээ. Энэ цогцолбор хойноо биеийн тамирын талбайтай, хоёр байшин байсан. Техник хөгжүүлэх үүднээс жижиг машин, мотоциклиэ хадгалж, тэндээ бэлтгэл сургуулилтаа хийдэг байсныг устгасан. Тэгж явсаар үлдсэн ганц байшинг нь хувьчлах шийдвэр гаргачихлаа. Энэ бол үнэхээр том алдаа. Хотын захиргаа ийм шийдвэр гаргаж болмооргүй байгаа юм. Жуулчин татна гэж яриад л байдаг. Жуулчид юу үзэх гэж ирдэг юм бэ гэхээр эхний ээлжинд тухайн орны түүхийг хадгалж ирсэн архитектурын шийдлийг үзэх гэдэг. Гэтэл ма­­най улсад үзүүлэх зүйл харь­цангуй цөөн. Ганц нэг бай­­сан, байгаа байшин ба­рил­­гаа нурааж болмооргүй байна.

-Өмнө нь ч гэсэн гадаадын төлөөлөгчид Хүүх­­дийн урлан бүтээх төвөөр заавал ороод гардаг байсан гэдэг. Хувьчлах гээд байгаа ганц шалтгаан нь ашиглалтын хугацаа дууссанд байна гэж хотын зүгээс хэлж байгаа?
-Ашиглалтын хугацаа дууссан гэдэг нь түүхэн дурсгалт барилгуудыг нураах сонирхолтой хүмүүсийн гаргасан нэр томьёо. Бусад оронд архитектурын дурсгал гэж 50-иас дээш жил болж байгаа байшин барилгаа хэлээд байгаа юм. Гэтэл манайд 50 жил болсон барилгаа нураана гэдэг. Энэ нь зальтай, луйварчдын үйл ажиллагаа гэж бодож байна. Италид гэхэд хоёр мянган жил болсон, чанар муутай тоосгоор хийсэн барилгууд нь өнөө ч байж л байна.  Тэрнийг нь үзэх гэж жуулчид сая саяараа цувдаг. Ойрын жишээ гэхэд Ленинград хотод түүхий тоосгоор барьсан байшин зуу гаруй жил болчихсон, өдгөө түүхийн дурсгал гээд байж л байна шүү дээ. Бид ч гэсэн дурсгалт барилгуудаа олон улсын хэмжээнд бүртгүүлэхийн тулд Азийн архитекторын бүсийн зөвлөлд Азийн архитектурын үнэт өв гээд есөн барилга бүртгүүлсэн. Тавигддаг гол нөхцөл нь 50-иас дээш жил ашиглагдсан байх ёстой. Тиймээс бид Уртцагаан, Хүүхдийн урлан бүтээх төвийн ордонг Азийн архитектурын үнэт өвийн жагсаалтанд бүрт­гүү­лэхээр бэлтгэж байсан юм.

-Гэтэл одоо хувьчлагдах гээд байж байдаг. Дээрээс нь тэнд суралцаж буй хүүхдүүдийн эрх ашиг ч хөндөгдөж байна?
-Одоо сурч буй нь 1400 гаруй хүүхэд шүү дээ. Тэрнээс өмнө олон хүн суралцаж төгссөн. Улсынхаа нэр нүүрийг харуулдаг нэртэй зохиолч, зохион бүтээгч, урчууд энэ байгууллагаас төрсөн.

-Ингэхэд та Азийн архитектурын  үнэт өвийн жагсаалтад бүртгүүлэх гэж байгаа талаараа нийслэлийн удирдлагуудад хэлсэн үү. Ганцхан мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг л үндэслээд нурах аюултай гээд байгаа?
-Мэргэжлийн хяналтын нэг л байцаагч дүгнэлт гаргадаг. Үүнд манай Монголын архитехторуудын эвлэл их шүүмжлэлтэй хандаж байгаа. Нэг хүн дүгнэлт хийнэ гэдэг нь магадгүй өнөө хээл хахууль зэрэг үл бүтэх арга руу орсон байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн хавар бид хотын барилга, байгууламжийн талаар зөвлөлгөөн хийсэн. Энэ үеэр холбогдох байгууллагуудад нь санаагаа хэлж, цаашид нэг биш нэлээд хэдэн байцаагч оролцож байж дүгнэлт гаргаж бай гэдэг шаардлага тавьсан. Нөгөөтэйгүүр дүгнэлт дотор ашиглаж болохгүй гэснээс биш нураа гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Ашиглаж болохгүй гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр тэр байшинг засч болно. Тэрний дараа ашиглаж болно гэсэн үг. Гэтэл нэг акт гаргуулчихаад ашиглаж болохгүй гэж байна, нураана гэдэг зарчмаар л яваад байдаг. Үүнээс болж архитектурын түүх дурсгал устаж байна. Харамсалтай л давалгаа явж байна даа.

-Гадны төлөөлөгчид Хүүх­дийн урлан бүтээх төвийг одоо байгаагаар нь засварлах боломжтой гэж дүгнэлт гаргасан тухай тус төвийн багш ярьж байсан?
-Хамгийн гол нь манайхан чинь засварлах тухай ярихгүй байна. Хэрвээ засвар хийх даалгавар өгөх юм бол бид шинэ зургийг нь хийх бүрэн боломжтой. Таван зуун хүүхдийн суудалтай урлагийн танхимыг нь зассан. Хамгийн ноцтой хагарал тэр танхимд гарсан юм. Одоо болохоор голд нь хагарал гарсан гээд байгаа. Би хараагүй ч урлагийн танхимтай дүйх сүртэй хагарал гараагүй байх гэж бодож байна. Танхимын хагарлыг бол зассан, бэхэлсэн. Энэ бол 30-аад жилийн өмнөх явдал. Тэрнээс хойш ямар ч асуудал гараагүй юм шүү. Тэгэхэд засч болсон юм чинь энэ удаагийнхыг засаад барилга байгууламжийг хэвээр нь хадгалж үлдэх бүрэн боломжтой. Нисэхийн цагаан хаалгыг нураагаад хаячихсан. Тэрийг эргээд барихад дөрвөн тэрбум төгрөг орно гэж ярьж байгаа юм. Хэн тэр тооцоог гаргасан бэ. Ёстой худал зүйл гэвэл тэр байх. Ингэж том тоо хэлээд хүнийг айлгадаг эсвэл хуурдаг болж. Энэ барилгыг чинь барихын тулд төсөв гаргадаг юм. Төсөв дотор хэдэн ширхэг хадаас, хэдэн тоосго орох вэ гээд бүгдийг нь тооцдог. Тэр бүхнээ үнэлээд ийм өртөгтэй болно гэж гаргаж ирдэг. Үүнийг л хийхгүй, хийлгэхгүй байна. Мөрдөх ч үгүй байна. Тендер гэж балай юмаар дуртай үнээ хэлж, мөнгө хувааж идэхийн төлөө явж байгаагаас л ийм замбараагүүй байдал үүсээд байна.

-Энэ мэтээр хувьчлаг­даад устах аюулд орсон барилга, байгууламж ар араасаа цувах л байх даа?
-Төв архивын хуучин барилгыг дуудлага худалдаанд оруулна гэсэн зар гарсан байна билээ. Мөн л манай архитехторуудын хуучны уламжлалт онцлогийг орчин үеийн барилгад тусган авч хэрэгжүүлсэн барилга. Гадна фасаднаас нь л харж болно. Засч сэлбэхдээ дотор талыг нь өөрчилж болдог. Харин гадна фассадыг нь байгаа чигт нь үлдээх ёстой. Ийм зарчим дэлхий даяар хэрэгжиж байна.

-СТӨ-ний Г хэсгийг хүртэл хувьчлахаар болсон байна билээ?
-Энэ талаар сонссон. Магадгүй тэр барилгыг тасалж аваад юу ч болгох юм билээ. Мэдэх юм алга. Бусад улс орон Архитектурын тухай хууль мөрдөж байна. Тэр хуулиар энэ талбайд тэдээс илүү давхар байшин барьж болохгүй гэж зааж өгдөг.

-Ингэхэд саяхан хувьчлалд орсон Хэвлэх үйлдвэрийн газарт 68 давхар байшин барина гэж төлөвлөж байсан гэх мэдээлэл гарсан. Ер нь, хэдэн давхар барилга баривал зохилтой юм бол. Олон давхар барилга барьж болохгүй гэх нэгэн ч байна?
-Яагаад 68 давхар байшин барих гээд байсныг нь мэдэхгүй. Бидний ойлголт зарчмаар бол Монголын хамгийн үнэтэй, цэнэтэй, хүндэтгэлтэй байшин бол Төрийн ордон. Тэгэхээр хажууд нь өндөр барилга барих ёс байхгүй. 68 давхар байшин барьчихвал Төрийн ордны сүр сүлд алга болно. Мөн тэр өндөр байшин нурлаа гэхэд ордон юу ч үгүй дарагдана. Ордон өөрөө дөрвөн давхар. Тиймээс дөрвөөс илүү давхар барилга барьж болохгүй л санагдана.

-Төрийн ордныг ч гэсэн нурах эрсдэлтэй барилгын тоонд оруулсан байгаа?
-Анх 50 жил болсон учраас насжилт нь дууссан гэж хэлж болохгүй. Хуучны түүхийг мэддэг хүмүүсээр нь яриулж, хэлүүлдэгсэн бол энэ ордонг цаашид зургаан давхар болгоно гэж суурийг нь тооцож анх хийсэн байдаг юм. Ордон баригдсанаас хойш хэд хэдэн удаа Улаанбаатар хотод газар хөдөлсөн. Тухайн үед газар хөдлөлт болох тоолонд ажиглалт явуулж байсан. Тэгэхэд ан цав ерөөсөө гараагүй. Ганц дутагдалтай тал нь модон хучилттай. Модон хучилт газар хөдлөлтөд сайн талтай гэдэг боловч явахад хотолздог, дуу чимээ ихтэй. Тэгэхээр тэр барилгынхаа ерөнхий хэлбэрийг хадгалаад өрөө өрөөгөөр нь засварлах бүрэн боломжтой. Ер нь, сүүлийн үед мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсолгүй, удирдах албан тушаалтны шийдвэрээр ажил хэрэг явдаг болсон учраас хот байгуулалтын зарчим алдагдсан.  Архитектурын дурсгал ч устаж байна. Үүнд цэг тавих цаг нь болсон.

-Ингэж цэг тавьж, та нөхдийн үгийг сонсдог болгохын тулд яавал зохилтой юм бол?
-Монгол Азийн архитек­торуудын бүсийн зөвлөлийн гишүүн орон. Энэ байгууллагад манайхаас жил бүр тайлангаа явуулдаг. Өнгөрсөн сард Тайландын нийслэл байсан Оута буюу одоо ЮНЕСКО-гийн дэлхийн архитектурын өвд бүртгэгдсэн хотод хурал болсон. Энэ жил бидний өгсөн тайланг үзээд Монголын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам нь  архитехторуудынхаа үйл ажиллагааг дэмждэггүй, анхаардаггүй юм байна гэж дүгнэсэн. Тэгээд бусад орны жишгээр стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллах ёстой гэж үзээд манай Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр шийдсэн юм. Тэрхүү зөвлөмжийг нь бид Засгийн газарт болон БХБ-ын сайдад өчигдөр /уржигдар/ гардуулж өгсөн. Тэгэхээр бидний үгийг авдаггүй юм аа гэхэд олон улсын байгууллагын үгийг авч анхаарах байх гэж бодож байна. Түүнчлэн манай архитектурын болон хот байгуулалтын салбарт байгаа гажуудал цаашид зөв зам руугаа орох болов уу гэж найдлага тавьж л байна.  

0 Сэтгэгдэл
Сайн хэлж. Одоо хуухдийн ордон спортын тев ордон хуучин ХАА яам 40000-н байрнуудын арк ГХЯ гэх мэтийн барилгыг дахиж бариж чадахгуй тийм сэтгэл гаргах ч херенгетен байхгуй
Хуучин Лениний музей одоо бол Үлэг гүрвэлийн музейн ард талд байсан түүхэн дурсгалт байшинг мөн л ашиглалтын хугацаа дууссан гээд нураасан шүү дээ... Тэр байшинд Барон Унгэрний төв штаб байрлаж байсан юм... Естой харамсмаар зүйл болсон шүү дээ
Ашиглалтын хугацаа дууссан гэдэг нь түүхэн дурсгалт барилгуудыг нураах сонирхолтой хүмүүсийн гаргасан нэр томьёо. Бусад оронд архитектурын дурсгал гэж 50-иас дээш жил болж байгаа байшин барилгаа хэлээд байгаа юм. Гэтэл манайд 50 жил болсон барилгаа нураана гэдэг. Энэ нь зальтай, луйварчдын үйл ажиллагаа гэж бодож байна. Италид гэхэд хоёр мянган жил болсон, чанар муутай тоосгоор хийсэн барилгууд нь өнөө ч байж л байна. Тэрнийг нь үзэх гэж жуулчид сая саяараа цувдаг. Ойрын жишээ гэхэд Ленинград хотод түүхий тоосгоор барьсан байшин зуу гаруй жил болчихсон, өдгөө түүхийн дурсгал гээд байж л байна шүү дээ. Бид ч гэсэн дурсгалт барилгуудаа олон улсын хэмжээнд бүртгүүлэхийн тулд Азийн архитекторын бүсийн зөвлөлд Азийн архитектурын үнэт өв гээд есөн барилга бүртгүүлсэн. Тавигддаг гол нөхцөл нь 50-иас дээш жил ашиглагдсан байх ёстой. Тиймээс бид Уртцагаан, Хүүхдийн урлан бүтээх төвийн ордонг Азийн архитектурын үнэт өвийн жагсаалтанд бүрт­гүү­лэхээр бэлтгэж байсан юм.
Хамгийн их уншсан