Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай есөн архитектор дэлхийн шилдгүүдийн тоонд багтлаа

Олон улсын архитекто­руудын холбоо эгнээндээ 133 орны сая 500 мянгаад архитехторыг нэгтгэсэн том байгууллага юм. Зургаан бүст хуваагддаг энэхүү холбооны дөрөвдүгээр бүст Азийн 19 орны архитекторууд харьяалагддаг байна. Тэгвэл энэхүү Азийн бүсийн болон Олон улсын архитехторуудын холбоо хамтарч 100 уран бүтээлчийн үзэсгэлэнг Сөүл хотод гаргажээ. Энэ үзэсгэлэнд Монголын шилдэг архитектор Ө.Ганболд, Г.Балдан, С.Цахиур, Д.Ганбат, Ш.Алтанцоож, Г.Нямцогт, Ц.Батбаяр, Ж.Баясгалан, Г.Нарангэрэл нар Хүй долоон худагт баригдаж буй Монгол наадмын цогцолбор, мөн барихаар төлөвлөсөн “Соёмбо” цогцолбор, Хэнтий аймагт байдаг Балдан Бэрээвэн хийдийн засварын ажил зэрэг зургаан бүтээлээр амжилттай оролцоод ирсэн байна.

Үзэсгэлэнд оролцсон бүтээ­лүүдийг альбом болгон гаргаж бусад дэлхийн ги­шүүн орнуудад тараажээ. Тэгвэл эх орныхоо болон Монголын архитекторуудын ур чадварыг харуулж чадсан ма­най шилдгүүдэд Олон улсын архитекторын холбоо­ны ерөнхийлөгч нь гарын үсэг зурсан батламжаа ирүүлс­нийг нь өчигдөр МАЭ-ийн удирдлагуудад гардуулан өглөө. Батламжид манай уран бүтээлчдийн ажил 2015 оны дэлхийн 100 шилдэг архитек­торын нэг болж сонгогдсоныг нь цохон тэмдэглэжээ. Энэ нь манай улсын архитекторууд анх удаа Олон улсын холбооноос авч буй бүтээлийн гэрчилгээ ч гэж ойлгож болох аж. Өмнө нь Азийн архитехторуудын бүсийн зөвлөлийн уралдаанд Эрдэнэзуу хийдийн засварын ажлаараа алтан медаль хүртэж байсан архитекторч Г.Нямцогтыг батламжаа гардаж авсны дараа сэтгэгдлийг нь сонслоо.
 

Г.Нямцогт: Балдан Бэрээвэн хийдийг сэргээн засварлахад арваад жилийг зарцуулсан

-Юуны өмнө танд батламжаа гардаж авсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэхүү үзэсгэлэнд архитектор Батбаяр бид хоёр 1990-ээд оноос хэрэгжиж хийж эхэлсэн Балдан Бэрээвэн хийдийн сэргээн засварласан зургаараа оролцоод ирлээ. Нураад устах шахуу болчихсон барилгыг эх зургаар нь сэргээн засварласан. Одоо ашиглалтад орчихсон.

-Бусад орны архитек­торууд ямар бүтээлээр оролцсон бэ?
-Өндөр барилга, сургууль, урлагийн барилга байгууламж гээд янз бүр л.
 
-Таны сэргээн засварласан Балдан Бэрээвэн хийдийн зургийг хараад бусад орны архитекторууд хараад юу гэж байв. Ер нь нэг нэгнээсээ туршлага солилцох боломж бололцоо байв уу?
-Бүх оронд л сэргээн засварлах ажил хийгддэг. Өөр өөрсдийн нүдээр л харсан байх. Энэ ажлын хувьд 1990-ээд оноос зураг нь хийгдэж эхэлсэн юм байна. Харин бид 1999 онд анх очиж танилцаад судалгаа хийгээд ажилдаа орсон. Сэргээн засварлах ажил арваад жил үргэлжилсэн. Ердөө дөрвөн хана л үлдсэн байсан юм. Ямар ч гэсэн сэргээн засварлаад хуучин хэвэнд нь оруулж чадсан. Гол нь мөнгө төгрөг нь батлагдахгүй нэлээд удсан. Ямар ч гэсэн хийсэн ажлынхаа ард гарч үзэсгэлэнд оролцоод ирлээ. Сэтгэгдэл өндөр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан