Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд насанд хүрээгүй хүүхэд, их дээд сургууль, коллежийн оюутнуудын эрүүл мэндийг улсаас хариуцаж, даатгалыг төлдөг байсан. Хүүхдүүдийн бие муудвал харьяа дүүргийн улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж болдог байв. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсаас олгодог 20 мянган төгрөгөөс өөр орлогогүй хүүхдүүд өөрсдийнхөө Эрүүл мэндийн даатгалыг төлж эхлэх нь. Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн 8.1, 8.2.4, 15.1 дэх заалтад насанд хүрээгүй хүүхэд, их дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу 1920 төгрөгийн шимтгэл төлнө.
Мөн ажиллагсад сард хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөөс доошгүй хувийг Эрүүл мэндийн даатгалын төлнө гэж шинэчилсэн хуульд заасан байна. Ингэхээр хорь хоногийн дараагаас эхлэн хүүхдүүд Эрүүл мэндийн даатгалынхаа мөнгийг өөрсдөө төлдөг болох нь.