Өвлийн тэргүүн сар гараад үндсэндээ дуусч байна. Монгол орны хувьд өвлийн тэргүүн сар гараагүй байхад нийт нутгийг хамарсан их хэмжээний цас орсон билээ.
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсноос болж нутгийн 40 гаруй хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа талаар ОБЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Хэвлэлийн хуралд тус газрын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нар мэдээлэл өгөв. 2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145,2 мянган малчин өрхөд 56,2 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 92,7 сая мал өвөлжих ажээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 85,7 хувьтай хангагдсан бөгөөд Засгийн газрын 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29454 тонн өвс бэлтгэхээс 23044 тонн буюу 78,2 хувийг, 11115 тонн тэжээл бэлтгэхээс 3345 тонн буюу 30,1 хувийг тус тус бэлтгэсэн байна.
Улсын нөөцөд төсвийн хөрөнгөөр болон борлуулалтын орлогоор өвс, малын тэжээлийг 100 хувь бүрдүүлсэн гэдгийг дэд дарга Г.Ариунбуян онцлов. Түүнээс гадна тэрбээр “Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Засгийн газар, Улсын онцгой байдлын комиссын зүгээс нэг аймагт дунджаар 150-200 сая төгрөг хуваарилах, нийт 2,5 тэрбумаар улсын нөөцийн өвс, тэжээлийг хямдруулах, өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс тэжээлийг үнэгүй олгох арга хэмжээ авах зэрэг саналуудыг ирүүлсэн.
Харин 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс бэлтгэж, урьдчилан сэргийлэр ажлыг эрчимтэй явуулсны үр дүнд Засгийн газраас нийт 4,5 тэрбум төгрөгийг хөрөнгийг орон нутагт хуваарилан өвөлжилтын хүндрэлийг даван туулж байсан.
Тиймээс иргэд малчид өөрсдөө өвөлжилтөд бэлтгэлтэй, эртнээс өвс тэжээлээ хангалттай бэлтгэж авч чадсан бол өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад асуудал гарахгүй” гэв.