Л.БАТБААТАР
Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтад улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 37 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон. 1998 оноос нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй. Өнөөдрийг хүртэл “Бор зүрхээрээ” явж байна гэж хот хоорондын үйлчилгээ эрхлэгчид хэлж байв.
“Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн дагуу БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр том болон дунд оврын 200 ширхэг автобус нийлүүлэхээр болсон юм.
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд ямар төрлийн, хэдэн тооны автобус олгох болон техникийн үзүүлэлт, нэмэлтээр тавигдах тоноглол зэрэг техникийн мэдээллийн талаар санал солилцлоо.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Тээврийн салбарын нэр хүндийг өргөж аюул осолгүй ажиллах шаардлагатай байна. Статистикаас харахад, төмөр замаар зорчигдын тоо хэмжээ жилээс жилд буурсан байдаг. Харин авто тээврээр зорчигдын тоо огцом өссөн. Энэ бол Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Тээврийн газар болон та бүхний ажлын амжилт юм. БНСУ-ын “Эксим” банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр нийлүүлэх 200 автобусыг зөвхөн эхлэл гэж ойлгох ёстой. 30 сая ам.доллараар ямар төрлийн хэчнээн том болон дунд оврын автобус авах вэ гэдэг хэлэлцээр удахгүй эхэлнэ. Ер нь, аливаа улсын хөнгөлөлттэй зээлийг дагаж шахааны бизнес явагддаг. Жишээлбэл, БНХАУ-аас маш хөнгөлөлттэй нөхцөлөөр 300 сая ам.долларын зээл өгсөн. “Бид зээл өгсөн. Гүйцэтгэгчээр нь хятад компани ажиллана шүү” гэж тулгасан. Тус компанийн үнийн санал гэж тэнгэр тулсан өндөр. Монголын компаниуд нэг километр авто замыг 500-600 сая төгрөгөөр барьдаг. Гэтэл Хятадын компани нэг километр авто замыг 1.2 тэрбум төгрөгөөр тавих санал ирүүлсэн. Ингэж нэг гараар өгсөн зээлээ нөгөө гараараа буцааж авдаг” гэв.
Мөн тэрээр ”Зам тээврийн сайдын үүрэг нь зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ашиг орлогыг хамгаалах ёстой. Зам тээврийн яам энэ чиглэлээр ажиллаж байгаа. Уулзалтад 45 аж ахуйн нэгж оролцох ёстой байсан. 37 компани оролцож байна. Оролцоогүй найман аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр олгох автобусаас бүү өг. 200 автобусыг оролцсон 37 компанид хуваарил. Аливаа ажил товлосон цагтай, хариуцлагатай байдаг. Уулзалтыг олон хоногийн өмнө зарласан. Ингэвэл, дараагийн уулзалтад 45-уулаа оролцдог болно. БНСУ-ын “Эксим” банкны жилийн 0.15 хувийн хүүтэй зээл дахиж олдохгүй. Учир нь, Монгол Улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсч, буурай хөгжилтэй орны тооноос хасагдсан юм” гэв.
Дараа нь Авто тээврийн үндэсний төвийн Дэд захирал Т.Баясгалан “Хот хоорондын нийтийн тээвэр эрхлэгчид та бүхэнд албан бичиг өгсөн. Өнөөдрийн дотор бөглөж өгөөрэй. Ийм хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр автобус авна гэдэг бол аж ахуй эрхлэгч та бүхэнд маш том боломж шүү. Аж ахуй эрхлэгчидтэй Авто тээврийн үндэсний төв дамжуулан зээлдүүлэх гэрээ хийж АСЕМ-ын уулзалтын дараа автобусыг хуваарилна. Ямар төрлийн автобус авах захилгаа өгөх хэрэгтэй. Том болон дунд оврын автобус. Мөн суудлын тоо 55, 45+1, 45, 28 гэх мэт янз бүр байгаа. Ингээд авах захиалгын дагуу гэрээ хэлэлцээр хийгдэнэ. Зээлийн гэрээг 12 жилийн хугацаатай хийнэ” гэв.
Хот хооронд зорчигч тээврийн “Аж мянган хээ” компани УБ-Дорнод-УБ, УБ-Өмнөговь болон Дорнод аймгийн Дашбалбар сумын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компани нь том оврын 18, дунд оврын гурван автобусаар зорчигч тээвэрлэж байна. Тус компанийн Тээвэрлэлт хариуцсан менежер Ц.Ганболд “Өмнөговь, Дорнод аймаг хатуу хучилттай замаар 100 хувь холбогдсон. Хоёр улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 200 автобус олгох саналыг тавьж байна. Манай компанийн тээврийн хэрэгслийн насжилт 8.5 жил байна. Автобусны ашиглалтын хугацаа 12 жил байдаг. Эхний ээлжинд хоёр том оврын болон нэг дунд оврын автобус авах захиалга өгнө гэсэн бодол байна. Том оврын автобусанд суудлын тоо 45, 55 гэсэн сонголт байна. Дунд оврынхонд 24, 36 гэсэн суудлын сонголт байна. Нэмэгдэл төхөөрөмжүүд бүгд байх ёстой. Ингэснээр зорчигчид өвлийн улиралд тав тухтай зорчих боломж нээгдэнэ” гэв.
Нийтийн тээвэр эрхлэгчид” БНСУ-ын “Дэү” компани автобус үйлдвэрлэхээ зогсоосон. Тэгэхлээр “Хьюндэй” компанийн үйлдвэрлэсэн автобус орж ирэх байх” гэцгээж байв. Хот хоорондын хулгайн тээврийн асуудлыг зогсоогоогүй байж үнэтэй автобус шахах нь гэх хүн ч байв. Гэхдээ бүгд л автобусаас авна гэж байв.
Энэ асуудлын талаар ямар байр суурь баримталж буйг Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны Тэргүүн Т.Хүрэлхүүгээс тодруулахад “УИХ-аас 2015 онд баталсан тогтоолд улс, хот хоорондын зорчих нийтийн тээврийн парк шинэчлэхэд зориулж БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжийн хүрээнд 30 сая ам.доллар хуваарилсан. Зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 онд Авто тээврийн салбар хамгийн түрүүнд хувьчлагдсан. Үүнээс хойш хот хоорондын нийтийн тээврийн салбарт төрөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг санхүүгийн ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй юм. Энэ Засгийн газрын болон Зам тээврийн сайдын үед 200-гаас доошгүй тооны автобусаар парк шинэчлэх, Авто тээврийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Мөн төрөөс Авто тээврийн талаар баримтлах бодлого батална. Тээвэрчдийн олон жил хүлээсэн хүсэл биелэх нь” гэсэн юм.
Цагт хавчигдаагүй бол холын аймгууд руу иргэд нийтийн тээврээр зорчдог. Эдийн засгийн хямралтай болон ажлын байрны олдоц муутай үед нийтийн тээврээр зорчих нь онгоцоор ниссэнээс хямд тусах нь ойлгожтой.
Өвлийн улиралд холын аймгууд руу зорчигч тээвэрлэхэд хүндрэл бэрхшээл гарах нь тодорхой. “Ач буян трэйвел” компани нь УБ-Ховд-УБ чиглэлд том оврын зургаа, дунд оврын 20 автобусаар, УБ-Увс-УБ чиглэлд зургаан том оврын, дунд оврын 13 автобусаар зорчигч тээвэрлэдэг аж. “Зээлийн нөхцөл байдлыг судалж үзнэ.
Энэ уулзалтаас тодорхой мэдээлэл авах бодолтой байсан ч Авто тээврийн үндэсний төв зээлийн талаар бүрэн мэдээлэл өгсөнгүй. Увс, Ховд аймгийн чиглэлд 45-50 хүний суудалтай БНСУ-ын “Киа” компанийн үйлдвэрлэсэн “Гранд” маркийн автобус тохиромжтой. Үнэнийг хэлэхэд энэ автобус хот хоорондын тээвэрт шалгарсан унаа юм. Хамгийн гол зүйл бол үнэ, зээлийн нөхцөл байдаг. Автобус авснаар аж ахуйн нэгжид ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд яамны зүгээс анхаараасай гэж хүсч байна” гэж “Ач буян трэйвел” компанийн Гүйцэтгэх зархирал Д.Ганзориг хэлсэн.
Уулзалтад оролцож буй аж ахуйн нэгжийн эздүүд дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр удахгүй орж ирэх автобусаар паркаа шинэчлэх нь тодорхой болов. Ямартай ч ирэх оны долдугаар сараас хот хоорондын зорчигч тээвэрт будаг нь ханхалсан шинэ автобус үйлчилгээнд гарах нь.