Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын холбооны төлөөлөгчид Хүүхдийн урлан бүтээх төвийг засварлах боломжтой гэжээ

А.АКЭРКЭ

Хэрвээ та анзаарсан бол зарим хүн фэйсбүүкийн profile зургаа Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн зургаар сольжээ. Энэ нь Нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн сарын 30-ны өдрийн хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг олон объектыг 2016 онд хувьчилж, нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах шийдвэр гаргасантай холбоотой.

Хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, амьжиргааны арга ухаанд сургах гээд олон сургалт үнэ төлбөргүй явуулдаг ганцхан байгууллагыг ийн хувьчлах болсон нь олон нийтийн болоод эцэг, эхийн хатуу эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэд эсэргүүцлийнхээ эхний хэлбэр болгож, өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүүхдийн урлан бүтээх төвийн үүдэнд хүүхдүүдийнхээ хамтаар хийсэн уран бүтээлээ дэлгэн тайван жагсаал хийсэн. Харин асуудал нааштайгаар шийдэгдэхгүй бол эсэргүүцлийн бүхий л хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдсэн байна. Ийнхүү хувьчлах болсон шалтгаанаа холбогдох байгууллагын мэргэжилтнүүд нь “Барилгын ашиглалтын хугацаа дууссан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2007 онд дундуураа цууралт өгсөн, нурах эрсдэл өндөр, бага зэргийн чичирхийлэлтэй газар хөдлөл болоход нурж болзошгүй гэж үзсэн учраас хувьчлалын жагсаалтад оруулсан хэмээн тайлбарлаж буй юм. Түүнчлэн засварлахаар боллоо гэхэд тухайн барилгыг шинээр барихтай дүйх хэмжээний хөрөнгө мөнгө шаардана, ийм их хэмжээний мөнгө нийслэлийн төсөвт байхгүй учраас  хувьчлахаар болсон гэж байв. Тэгвэл өнгөрсөн жил Европын холбооноос таван төлөөлөгч ирж албан ёсоор тус төвийн барилга байгууламжтай холбоотой харилцан санал солилцсон гэнэ.

Тэгэхдээ барилга байгууламжийн хуучин хэв маягийг алдагдуулахгүйгээр шинэчлэн засварлах санал хүртэл тавьсан байна. Үүнээс харахад тус төвийн барилгыг нураана, хувьчилна гэхийн оронд сэтгэл гаргавал засч сэлбээд үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэдэг нь харагдаж буй юм. Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс, соёлын хөтөлбөр”-т төвийн барилгын хадгалалт, насжилтыг тогтвортой байлгах үүднээс дээврийн засварыг 150 сая төгрөгийн боломжит нөхцөлийн төсөлд хамрагдахаар тус улсын Элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсээр дамжуулан Японы Засгийн газарт материалаа хүлээлгэн өгчээ.

Ийнхүү гадаадын улс орнуудын буцалтгүй  тусламжаар хэд хэдэн засварын ажил хийхээр болсон аж. Тиймээс хувьчлалтай холбоотойгоор тус төвийн багш, хүүхдүүдийн эцэг эх ямар байр суурьтай байгааг хүргэе.

-Ө.Мөнхбат: Энэ сайхан өргөөг хувьчилснаар Монголд маань “ХҮҮХДИЙН” гэх тодотголтой бүх зүйл ер нь дуусах нь байх шиг байна шүү. Энэ өргөөнд Монголын ирээдүй болсон олон хүүхэд багачууд янз бүрийн чиглэлээр суралцаж байдаг юм. Тиймээс энэхүү төвийг хувьчлахыг эсэргүүцэж байна. Ганц ч гэсэн хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага байж байг л дээ, хүмүүс ээ...

-Э.Эрдэнэзуу: Анх хүүхдийн урлан бүтээх төвийн үүдээр ороод үеийн хүүхдүүдийнхээ бүтээл, үлгэрийн юм шиг орчныг хараад хязгааргүй мөрөөдлийн ариун хүсэлд автаж билээ. Яг л үлгэрт гардаг тэр л гэгээхэн, гэрэлт ордон. Биднийг хүүхэд байхад урлагийн боловсролыг үнэ төлбөргүй олгодог цорын ганц байгууллага Хүүхдийн урлан бүтээх төв байсан юм. Одоо ч байсаар. Харин сүүлийн үеэс энэхүү төвийг маань хувьчлах мэдээ гарчээ. Ерөнхий боловсролын сургуульд заадаггүй хүүхдийн бүтээлч сэтгэхүй, урлагийн боловсролыг энэ л газар олгодог шүү дээ. Хаа холын Толгойт, Зүүн салаа, Нисэх, Офицер гээд гэр хол ч сэтгэлийн жигүүрээрээ хүүхдүүд энэ л газартаа цугладаг. Дүүрэг бүрт, аймаг бүрт ийм сайхан ордонтой болох атал ганц байгаа ордноо хувьчилж буй нь ёстой л үргүй хүний сэтгэлээс гарах шийдвэр гэлтэй. Төр төмөр нүүртэй, гэхдээ төмөр нүүрийг хүүхдэд гаргаж болохгүй.

-М.Баясгалан: Бидний дүү нар, бидний хүүхдүүд зоосны золиос болох учиргүй. Хүүхдийн хойноос бус хөрөнгөний хойноос улангассан дарга нараа хүүхдүүдийг бүтээлчээр өөрийгөө хөгжүүлж буйд бүү саад болооч. Олон мянган хүүхдийг дуртай, сонирхолтой зүйлсээ хийхэд нь боломж олго.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан