Т.ЖАНЦАН
Эдийн засгийн хүндрэл, хүйтний улирал эхэлсэн зэрэг шалтгаанаар улс, хот хоорондын зорчигчдын тоо цөөрч байгаа ч тээврийн үйлчилгээ тасалдалгүй, тогтмол мартшрутаар иргэдэд үйлчилсэн хэвээр байна. Автотээврийн үндэсний төвийн гаргасан судалгаагаар өнгөрсөн сарын байдлаар хот хоорондын 68 чиглэлд 1.8 сая гаруй зорчигч, 14 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Харин гурван улсын зургаан чиглэлд 152.8 мянган зорчигч автобусаар үйлчлүүлжээ. Эдгээр чиглэлд найман компанийн 50 автобус үйлчилгээнд явж байгаа аж.
Тэгвэл энэ сарын 3-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн маршрут нээгдэж, анхны хоёр автобус аялалд гараад, ирлээ. Анхны хоёр автобусны нэгд сэтгүүлчдийн баг зорчсон бөгөөд “Атибус” компанийн жолооч Жаргалсайхан, автобусны үйлчлэгч Анужин нар замын туршид аваар осолгүй зорчих, тав тухтай үйлчлүүлэх боломжоор хангасан юм. Улаанбаатар-Эрээн чиглэлд 10 хүрэхгүй цаг зорчих бөгөөд цаашид Улаанбаатараас орой 21.00 цагт хөдөлж, Эрээн хот руу маргааш өглөөний 08.00 цагт хил нээснээр гарах хуваарьтай ажиллах юм. Улс хоорондын автобус тул тав тухтай, өдрийн хоолтой, дуу сонсох, кино үзэх, унтаж амрах гээд алжаалгүй зорчих бүх боломжийг бүрдүүлсэн байв.
Энэ чиглэлд зорчиход 55 мянган төгрөг бөгөөд Баязүрх, Драгон, Нарантуул, Төмөр замын төв буудлын тасалбар түгээх төвөөс болоод онлайнаар худалдан авах боломжтой юм.
Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын менежер Ц.Цацралболд.
-Улс хооронд зорчих автобусны шинэ чиглэл нээгдлээ. Нэг зорчигчийн тасалбар хэдэн төгрөгийн үнэтэй байх бол. Цаашид шийдэх ямар асуудал байгаа вэ?
-Эрээн-Улаанбаатар, Улаанбаатар-Эрээний чиглэлд автобусны шинэ чиглэл нээгдлээ. Энэ чиглэлийн зорчигч тээврийн автобусны тасалбар том хүн 55, хүүхэд 27 мянган төгрөгийн үнэтэй. Уг үйлчилгээний гол онцлог нь зорчигчид автобустайгаа БНХАУ-ын Эрээн хот руу шууд гарна. Мөн Эрээнээс Улаанбаатар орох юм. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ иргэдэд ойртсон, замдаа унаа сэлгэхгүй, явдал чирэгдэлгүй боллоо. Эрээнээс Улаанбаатар хот орсон автобус Баянзүрх авто вокзал дээр зорчигчдыг буулгах ёстой. Мөн автобус тээврийн компаниудтай ярилцаж явах машрутын эцсийн буудлыг сунгахаар тогтсон. Учир нь автобус үүрээр Улаанбаатар хот орно. Тэгэхээр зорчигчдоо хотын захад унаа тэрэгний хүрэлцээ муутай газар буулгах нь хүндрэлтэй гэж үзсэн. Иймд Эрээнээс Улаанбаатар хот орсон автобус төв замаар Таван шар хүртэл явж зорчигчдоо буулгах асуудлыг шийдэхээр болоод байгаа.
-Автобусны явах давтамж ямар байх бол. Хэдэн компанийн хэчнээн автобус үйлчилгээ үзүүлэх вэ?
-Зорчигч тээврийн гурван компани есөн автобусаар өдөр бүр үйлчилгээ үзүүлэх юм. Тухайлбал, “Атибус” компани Улаанбаатараас 21 цагт Эрээний чиглэлд явна. Тэгээд Замын-Үүдэд өглөө ирж найман цагт хил нээгдэнгүүт БНХАУ-ын Эрээн хот руу гарна. Ингээд өдөр 13 цагт зорчигчдоо аваад Улаанбаатарын чиглэлд явахаар улсын хил гарч ирэх ёстой. Нөгөө хоёр компани нь Улаанбаатар хотоос үүрээр таван цагт хөдлөх юм. Ингээд Замын-Үүдэд 16 цагт хил хаахаас өмнө ирж шууд БНХАУ-ын Эрээн хот руу гарах хуваарьтай. Маргааш өглөө нь зорчигчдоо суулгаад Монгол Улс руу орно.
-Одоогоор Замын-Үүд, Хятадын Эрээн хотын хооронд өдөрт хэчнээн зорчигч, автомашин зорчиж байна вэ?
-Зорчигч, автомашины тоо өмнөх жилүүдээс цөөрсөн. Учир нь ОХУ- руу визгүй зорчих болсон тул иргэд хойд хилийг зорьж байгаа гэж хэлж болно. Нөгөө талаар эдийн засгийн хүндрэлээс улбаалж зорчигчдын урсгал багассан. Замын-Үүдээр зорчих нийт зорчигч, автомашины урсгал бараг тавин хувиар буурсан. Замын-Үүдээр өдөрт 500-600 суудлын автомашин гардаг байсан. Одоо 300-400 орчим суудлын авто машин зорчиж байна. Нэг сарын өмнө ачааны 20 гаруй автомашин гарч байв. Арванхоёрдугаар сар гараад ачааны автомашины урсгал нэмэгдэж 50-70 болсон.
-Шинэ чиглэлийн автобусны шугам нээгдсэнээр зорчигч тээврийн урсгал хэдэн хувиар нэмэгдэх боломж байгаа вэ?
-Нэг автобус нь 45 хүний суудалтай. Тэгэхээр Улаанбаатар, Эрээн хот хооронд өдөрт 135 хүн автобусаар зорчих боломжтой юм. Шинэ чиглэлийн автобус нээгдээд хоёр хоноход зорчигчдын тоо эрс нэмэгдэх шинжтэй байна. Эхний өдөр /арванхоёрдугаар сарын 4/ нэг, хоёр хүнтэй ирсэн бол өнөөдөр өглөөний /арванхоёрдугаар сарын 5/ автобусаар 17 зорчигч ирсэн. Өвөл улс хооронд зорчигчийн тоо цөөрдөг. Тэгэхээр урин дулаан цагт зорчигчдын урсгал нэмэгдэх байх.
Ж.Энхбат: Зөрчил гаргасан 17 жолоочийн эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаатай түдгэлзүүллээ
Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбаттай цөөн хором ярилцлаа.
-Улс, хот хооронд автобусны хэдэн чиглэл шинээр нээгдэв. Зорчигчдын урсгал ямар байна вэ?
-Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Улаанбаатар хотын шинэ чиглэл нээгдсэн. Ингэснээр зорчигчийн урсгал эрс нэмэгдэж байгаа.
-Зорчигчдын тав тухтай, аюулгүй байдлыг хангах талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн том, дунд, бага оврын автобус, суудлын жижиг тэрэгт байршил тогтоох GPS төхөөрөмж бүрэн суулгалаа. Үүний гол зорилго нь хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хянах явдал. Одоогоос гурван жилийн өмнө хот хоорондын автобус цасан шуурганд олон цагаар сүлжээгүй газар боогдоход ямарч арга хэмжээ авч чадахгүй байсан. Тэгвэл байршил тогтоох төхөөрөмжтэй болсноор байгаа газрыг нь тодорхойлоод техникийн түргэн тусламжийг аль ойрын Автотээврийн үндэсний төвөөс үзүүлдэг болсон юм. Нөгөө талаар GPS төхөөрөмжөөр улс, хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй бүх автомашины хурдыг хянаж, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид захиргааны хариуцлага ногдуулж байна. Тухайлбал, энэ онд хурд хэтрүүлж зөрчил гаргасан 17 жолоочийн авто машины жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлэх арга хэмжээ авлаа. Үүнээс гадна өвлийн улиралд улс, хот хоорондын үйлчилгээнд явдаг нийтийн тээврийн хэрэгслийг жилд дөрвөн удаа техникийн хяналтын үзлэгт оруулдаг болсон. Үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд гаргахгүй. Одоо Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ОХУ-д үйлдвэрлэсэн “Паз” маркын автобус үйлчилж байна. Ирэх онд энэ гурван аймгийн чиглэлд том оврын автобус үйлчилгээнд явуулна. Тэгэхээр бүх аймагт 45 хүний суудалтай тав тухай автобус үйлчилдэг болно.
-Зорчигчид бүх чиглэлийн автобусны тасалбарыг онлайнаар захиалан авч болох уу?
-Манай Автотээврийн үндэсний төв энэ онд улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны тасалбарыг онлайнаар захиалан авах системтэй болгосон. Одоо 21 аймаг, 68 чиглэлд, 96 сум сууринд үйлчилдэг хот хоорондын нийтийн зорчигч тээврийн автобусны тасалбарыг онлайнаар захиалан авах боломж бүрдсэн. Тэгэхдээ 30 хоногийн өмнө, суудлаа сонгон, хоёр талын билетээ захиалах бүрэн боломжтой. Ингэснээр иргэдийн цаг болон мөнгийг хэмнэх олон давуу талтай. Тухайлбал, зорчигч тасалбар авахын тулд заавал Драгон болон Баянзүрх гээд зорчигч тээврийн төвд очих шаардлагагүй юм. Үүнээс гадна, Автотээврийн нэгдсэн лавлахын үйлчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр улс, хот хооронд явж буй автобусны хурд, хаана явж байгаа зэрэг мэдээллийг онлайнаар авч болно. Мөн хаанаас хаана хүртэл ямар автобус хэдэн цагаас явах, үнэ тариф гэх мэт мэдээллийг 70070012 утсаар 24 цагийн турш өгч байна.