АНУ-ын баруун эргийн төв гэх Калифорни мужийн Сан Бернардино хотод өчигдөр бүс нутгийн цагаар өглөөний 11:00-ийн үед зэвсэгтэй гурван этгээд Инланд хэсгийн ажилчдын амралтын өдөрлөг дээр энгийн хүмүүсийг буудаж эхэлсэн байна. Сэжигтнээр эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг илрүүлэн цагдаа нар буудан хороожээ. Харин гурав дахь этгээд нь хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа ч хэрэгт холбоогүй байх магадлалтай байгаа аж. Халдлагын үеэр шархдсан 17 хүн эмнэлэгт эмчлүүлж байна.
Цагдаа тусгайгийн бие бүрэлдэхүүн мужийг битүүмжилж, хотын эргэн тойронд бүрэн хараа хяналт тогтоосон талаар өгүүлжээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар хоёр хүн буудаж байсан аж. Эрүүл мэндийн салбарын ажилчид ихэвчлэн дээрх халдлагад өртсөн гэдэг нь тодорхой бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүд “ямар хүмүүсийг хөнөөж байгаагаа мэдээгүй болов уу” гэсэн таамаг буй талаар мужийн цагдаагийн албанаас мэдэгджээ. Одоогоор лалын дайчид энэхүү халдлагад хариуцлага хүлээх талаар мэдэгдээгүй.
Амралтын өдөр ажилчид өдөрлөг зохион байгуулж байсан бөгөөд хэргийг яагаад, ямар учраас үйлдсэн нь тодорхой бус байв. Гэмт хэрэгтнүүд автомат бууг, гар буутай хослуулан буудаж байж. Тэд халдлага үйлдсэний дараа цагдаа нарыг ирэхээс өмнө байрлалыг орхин зугтсан аж. Цагдаа тусгайгийн хүчин хоёр этгээдийн байрлалыг тогтоож цаг гаруй тэднийг араас нь мөшгөсөн талаар хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Юта мужийн номертой хар өнгийн “SUV” маркийн машинтай сэжигтнүүд хянан шалгах хэсэгт удаан явж байгаад гэнэт хурдалж хашлага, хаалтыг мөргөн зугтааж эхэлжээ.
Цагдаагийнхан араас нь хөөж байхад эрэгтэй нь цонхоороо буудаж байсан бол эмэгтэй нь машинаа барин зугтаасаар 15, 20 минут болсон аж. Цагдаагийн ажилтнууд тэдний эсрэг мөн буудаж байсан талаар гэрчүүд ярьсан. Эхэндээ цагдаа нар тэдэнд тэсрэх бөмбөг байж болзошгүй хэмээн болгоомжилж иргэдийн аюулгүй байлыг хангах үүднээс дагаж байсан ч удалгүй хариу гал нээж эхэлсэн байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсүүдээр иргэдэд гэртээ байхыг зөвлөсөн бөгөөд гудамжаар онц ноцтой гэмт хэрэгтнүүд хүний амь хороож байгааг дуулгажээ.
Халдлага үйлдсэн этгээдүүд урьдаас бэлтгэсэн нь тодорхой төдийгүй аль болох олон хүний амийг хөнөөх зорилготой байснаас ийнхүү цагдаа, тусгайгийн хүчний гарт буудуулж үхсэн талаар CNN агентлаг мэдээллээ. Тэд “AR-15s” загварын буугаар гудамжаар явж байсан хүмүүс болон өдөрлөгт очсон хүмүүсийг хөнөөсөн байна. Хар өнгийн десант хувцас бүхий сумнаас хамгаалсан хантаазтай байсан бололтой. Тусгай хүчнийхэн халдлага үйлдсэн хүмүүсийг хаанаас гаралтай, ямар үндэстэн болохыг нууцалж байсан гэсэн мэдээлэл ирсэн. Мөн халдлага үйлдсэн бүс нутагт хоолой болон шугам сүлжээний газарт тэсрэх бөмбөг байрлуулсан байсан гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.
Сан Бернардино нь Лос Анжелесоос холгүй орших 200 мянган оршин суугчтай хот юм. Холбооны мөрдөх товчооныхон гэмт этгээдийн талаар нарийн мөрдлөгө явуулж, тэдний хаанаас зэвсэг авсан эх сурвалж олохын төлөө шуурхай ажиллаж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлэв. Ямартай ч халдлагын урьдаас бэлдсэн нь тодорхой байсан нь илэрхий. Хотын цагдаагийн газрын дарга Жэррод Бургуан “хэргийн газраас гурав дахь сэжигтэн этгээд зугтаж байхыг гэрчүүд харсан байна. Гэхдээ хэрэгт холбоотой эсэхийг хэлж мэдэхгүй” гэжээ.
Хамгийн сүүлд тухайн бүс нутагт буутай этгээд халдлага үйлдэж, олон хүний амийг хөнөөсөн хэргүүдийг хэвлэлийнхэн жагсааж эхлэв. Блаксбург хотод байрлах Виржиния техникийн сургуулийн дотуур байранд 32 хүн халдлагад өртөж амиа алдсан хэрэг 2007 онд гарч байсан. Мөн 2012 онд Коннектукут мужийн Нью Таунд байрладаг Сэнди Хоок бага сургуульд халдлага гарч 26 хүүхэд эмэгтэйчүүд амиа алдсан байдаг. Харин 1991 онд Техас мужид Любигийн цайны газарт 23 хүн буудуулжээ.
Дээрх хэрэгт тусгайгийнхан Сайд Фароок болон Ташфеен Малик гэгч хүн халдлага үйлдсэн гэж мэдэгдэх болов. Нийт 14 хүн амиа алдаж, 17 хүн шархдсан хэргийн зорилго тодорхой бус хэвээр байна. Цагдаа тусгайгийнхан гэмт хэрэгтнүүдийг “хэргээ үйлдээд зугтах гэхдээ хөнгөн хувцасласан байсан” талаар ярьжээ. Хэргийн газраас нийт дөрвөн галт зэвсэг олдсон байна. Үүний хоёр нь бүртгэлтэй зөвшөөрөлтэй байсан аж. Харин үлдсэн хоёр зэвсэг хулгайн замынх болон бүртгэлгүй байжээ.
АНУ-ын бүртгэлд Фароокийг АНУ-д төрсөн болохыг олж тогтоосон. Харин эхнэр нь Саудын Арабас ирсэн гэдгийг тогтоосон байна. Тэрээр эхнэртээ АНУ-ын иргэншил хүссэн бичиг баримт бүрдүүлэн цагаачдын албанд өгсөн байсан бололтой. Гэмт хэрэг үйлдсэн хосууд хоёр жилийн өмнө гэрлэжээ. Хамт ажиллаж байсан хүн цагдаа нарт “яагаад ийм халдлага үйлдсэн нь гайхмаар. Хувийн зан авир биеэ авч явж байгаа байдал нь сайн нөхрийн шинжтэй байсан” хэмээн өгүүлжээ. Фароок нь өнгөрсөн зун Саудын Араб руу ирээд ийнхүү эхнэрийн хамт халдлага үйлдээд амиа алдсан болохыг хэвлэлүүд бичсээр байна. Мусульман шашинтай байсан ч шашны талаар хамтран ажиллаж байсан Патрик Баккарид ярьдаггүй нэгэн байжээ. Цагдаагийнхан Фароокийн эхнэрийг дээрх хэрэгт уруу татсан байх өндөр магадлалтай гэдгийг онцолсон байна.
Цагдаа тусгайгийн хүчин хотын 50 гаруй хэсгийг хааж, хүмүүсээс бичиг баримт хэргийн талаар мэдсэн зүйлийг асууж лавлаж байгаа аж. Сан Бернардино хотын иргэд халдлагаас болж айдаст автан, бүх нийтийн сургууль цэцэрлэг, олон нийтийн арга хэмжээг цуцалсан талаар CNN агентлаг уламжиллаа.