Л.ХАТАНБААТАР
Алт, ноолуур хоёр л граммаар үнэлэгддэг. Ийм үнэт түүхий эдээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, эдлэл дэлхийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх нь тодорхой. Мөн ноолуураас дутахгүй шинж чанар, онцлог тэмээний ноосонд бий. Сүүлийн үед нэг настай тэмээ буюу торомны ноосоор ноолуураас дутахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргыг манай эрдэмтэд нээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Ноос, ноолуур бол нөхөн сэргээгдэх баялаг. “Ноос бол алт” гэсэн хэлц бий. Монголчууд 60 гаруй сая толгой малаас олон тонн, ноос ноолуур бэлтгэх боломжтой. Энэ их баялгаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд борлуулах зорилгоор “Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломж, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Отгонтэнгэр их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Э.Ганбат “Судлаачид Монголын ноос, ноолуурыг олон улсын зах зээлд гаргах арга замыг олон талаас нь судлаж байна. Малчдаас эхлээд үйлдвэрлэгчид, судлаачид, бодлого боловсруулагчид хамтран, гадаад зах зээлд гаргах ямар боломж байгааг чанар, боловсруулалт, маркетингийн талаас нь харах хэрэгтэй. Ингэснээр, Монгол Улсын эдийн засагт орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлнэ. Мөн Монголын хүчирхэг брэндийг бий болгох юм. Нэг настай торомны ноосыг самнаж, самнасан ноосоо боловсруулахад ноолуураас дутахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж гарч байна. Үүгээр “Baby camel down” буюу Торомны сэвлэг” гэсэн нэрээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд борлуулж эхэлсэн” гэв.
Мөн тэмээний ноосон эдлэл ОХУ-ын зах зээлд их эрэлттэй байдаг. Нэг гэм нь нь БНХАУ-ын чанар муутай ноосон эдлэлтэй андуурдаг. Андууруулахгүйн тулд Монгол брэнд бий болгох чиглэлээр ажиллах хэрэгтэй. Гадаадын хэрэглэгчид өөр зүйлээр орлуулах боломжгүй, өвөрмөц онцлог шинжтэй түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сонирхож байна. Торомны ноос бол ийм бүтээгдэхүүн мөн гэж бид үзэж байна гэж нэмж хэллээ.
Хуралд Отгонтэнгэр, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, судлаачид болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын мэргэжилтнүүд, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн судлаачид оролцож илтгэл тавьсан. Судлаачид ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломж, арга замыг олон талаас нь судалсан судалгааны илтгэлүүдээрээ гадаад, дотоодын үйлдвэрлэгчдийн зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлсийг хөндсөн нь ач холбогдолтой байлаа.
Тухайлбал, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш доктор (phd) Р.Бадмаанямбуу “Монгол ямааны цэвэр ноолуураар хагас нарийн ээрмэл үйлдвэрлэх технологи” сэдвээр илтгэл тавьсан нь судлаачдын анхаарлын татсан юм. Тэрээр “Технологийн дагуу хагас нарийн ээрмэлээр тансаг хэрэглээний зориулалттай дотуур хувцасыг сүлжмэл хийцээр, орцын жин хөнгөрүүлж үйлдвэрлэх юм. Энэ бүтээл маань 2015 оны Монгол Улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан” гэв. Шинэ технологоор монгол ямааны ноолуурын өвөрмөц шинж чанарт тохирсон, сүлжмэлийн зориулалттай ээрмэл утас үйлдвэрлэх аж. Судлаачийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд шинэ технологи бий болжээ. Үүнээс үзэхэд, шинжлэх ухаанд нээлт хийнэ гэдэг бол ямар урт хугацаа, уйгагүй хөдөлмөр болон тэвчээр шаарддагийг харуулж байна.
Судалгаагаар, Монгол ямааны ноолуурын чанарын үзүүлэлтийг тогтоосон. Ингээд монгол ямааны ноолуураар тансаг хэрэглээний дотуур хувцсыг ноос ноолууран эдлэлийн “Санчиро” компани үйлдвэрлэнэ. Мөн гадаадад гаргах зорилготой байгаагаа ч хэлж байсан. Судалгааны ажлын гол үр дүн бол үйлдвэрлэлд инновацийг нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал байдаг. 300-350 грамм ноолуураар нэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол жин хөнгөрүүлсэн технологи ашигласнаар, нэг килограмм ноолуураар 9-10 сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Бага хэмжээний ноолуураар олон тооны сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр, улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр болох нь тодорхой.
Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн судлаач Н.Болормаа “Самнаж бэлтгэсэн торомны ноосны үйлдвэрлэл, туршилт, маркетинг” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр “Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийнхөн 2013 оноос тэмээний ноос болон сарлагийн хөөврийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эхний шатанд, тэмээний ноосны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийсэн. Монгол Улсын хэмжээнд тэмээний ноосны үнэ цэнэ буурсан шалтгааныг судалсан. Гарц бага, үйлдвэрлэлийн өртөг өндөр, тоосжилт ихтэй, үйлдвэрийн машины араа шүдийг урт хялгасууд нь ороодог зэргээс тэмээний ноосны үнэ буурсныг судалгаагаар тогтоосон. Мөн тэмээний ноосон утсыг их хэмжээгээр БНХАУ-аас оруулдаг нь үнэ буурахад гол нөлөө үзүүлсэн” гэв. ОХУ болон Европын холбооны улсын татвар өндөр. Харин Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан учраас татварын хэмжээ боломжийн гэж судлаачид хэлж байв.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд олон улсын зах зээлд ноос, ноолууран бүтээгдэхүүнийг амжилттай экспортлож буй компанийн төлөөлөл ч оролцсон. “Баялаг-Өлзий” компанийн Гадаад худалдаа хариуцсан менежер Б.Ишбалжир “Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох боломж” сэдвээр илтгэл тавьсан юм. Үйлдвэрлэгч, экспортлогчийн хувьд бүтээгдэхүүн экспортлох нөхцөл байдлын талаар ингэж ярьсан. Тэрээр “Түүхий эдийн нөөц хангалттай байна. Жилд найман тонн ноолуур бэлтгэдэг. Чанарын хувьд олон улсын хэмжээнд харьцангуй танигдсан. Гадаадын хэрэглэгчид монгол ноолуурыг хольцгүй хэмээн сайшаадаг. Гарал үүслийн хувьд тодорхой. Хятадууд ноолуурыг элдэв материалтай хольж, үндсэн чанарыг алдагдуулдаг явдал байнга гаргадаг учраас хятад ноолуурын нэр хүнд муу. Торомны ноос, сарлагийн хөөвөр зэрэг онцлог шинж чанартай түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн экспортлох асуудал нэмэгдэж байна” гэв. Түвд таван сая толгой сарлагтай боловч сарлагийн хөөврөөр үйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүн байдаггүй. Харин манай улс 500 мянган толгой сарлагтай ч ОХУ-ын зах зээлд танигдах хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь үндэсний үйлдвэрлэгчдийн маань ажлын амжилт гэж үзэхээс өөр аргагүй.
“Баялаг-Өлзий” компани сүлжмэлийн үйлдвэрлэлийг 2005 оноос эрхэлж байна. Торомны ноосон утас үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхэлжээ. Өнөөдрийн байдлаар, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах хэмжээнд хүртэл бизнесээ өргөжүүлжээ. Жилд цамц, ороолт, малгай, өмд зэрэг 28 мянган ширхэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 90 хувийг ОХУ, Казахстан, Хойд-Америк болон Европын холбооны улсад нийлүүлдэг аж. Дотооддоо Их дэлгүүр болон Хүннү моллд нэрийн барааны дэлгүүртэй.
“Баялаг-Өлзий” компанийн Гадаад худалдаа хариуцсан менежер Б.Ишбалжираас гадаад улс болон ОХУ-д бүтээгдэхүүн экспортлоход гарах хүндрэл бэрхшээлийн талаар асуухад “ОХУ-д бүтээгдэхүүнээ экспортлодог байв. Манай бүтээгдэхүүний нэр, чанар танигдахын хэрээр ОХУ-ын худалдан авагч нар ирж, үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрээс худалдан авалт хийдэг болсон. ОХУ-ын хэрэглэгчдэд сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн маань “Бодиос” нэрээр танигдсан. Гаалийн татвар, хураамж төлөх асуудлыг журмын дагуу хийвэл элдэв хүндрэл гарахгүй. Казахстан нь харьцангуй шинэ зах зээл учраас тодорхой хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлж байна. Цаашдаа нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлнэ” гэв.
Түүхий эдийн хангалттай нөөц бий. Мөн төрөөс үндэсний үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ ч их байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи тодорхой хэмжээнд нутагшсан. Эдгээр эерэг өгөгдлийг үндэсний үйлдвэрлэгчид ашиглаж, олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах маркетингийн зөв бодлого явуулбал валют олох асар их ирээдүй байна.