А.АКЭРКЭ
Азербайжаны нийслэл Баку хотод болсон “Голден Гран-при” олон улсын уламжлалт тэмцээний 57 кг-ын жинд зодоглосон ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Харамсалтай нь, тэрээр медалийг нь дагалдаж ирсэн 5000 ам.долларынхаа 4200-г хулгайд алдчихаад байгаа юм. Манай сонин өмнөх дугаартаа энэ талаархи мэдээллийг хүргэсэн. Тэгвэл өчигдөр Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн гишүүн, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын чөлөөт бөхийн секцийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ гэргий Л.Болормаагийн хамтаар энэ талаар мэдээлэл хийв. Тэд “Үндэсний шигшээ багийн тамирчин, бидний шавь, чөлөөт бөхийн ОУХМ Э.Бэхбаярын шагналын мөнгө алдагдсантай холбоотойгоор мэдээлэл өгөхөөр ирлээ. Шавь маань 5000 ам.доллароосоо дээж болгож бусаддаа 100, 100-гаар нь нийтдээ 700 ам.долларыг өгсөн гэсэн. Өөрөө 100 ам.доллар аваад бусдыг нь тоолоод Ц.Цогтбаярт өгсөн юм байна. Харамсалтай нь, Бээжинд ирээд мөнгөө алдсанаа мэдээд бидэн рүү ярьсан. Ц.Цогтбаярын цүнхнээс гарч ирсэн үлдэгдэл мөнгөнийх нь хоёр захад 100 ам.доллар хийгээд дотор нь дандаа нэгтийн дэвсгэрт хийсэн байсан гэсэн. Хэн ийм хэрэг үйлдсэнийг ньтодруулахаар цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа гэв”. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор зарим зүйлийг тэднээс лавлалаа.

-Л.Б: Миний хувьд Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, олон улсын хэмжээний шүүгчээр ажилладаг. Шавь маань Бээжингийн онгоцны буудалд байхдаа над руу ярьсан. Өнгөрсөн сарын 30-нд гэсэн үг шүү дээ. 09:30 минутын орчимд над руу залгасан юм байна. Гэхдээ тухайн үед мөнгөө яг яаж алдсанаа нарийн тодорхой яриагүй. Тэгж хэлэх боломж ч гараагүй. Тэгээд Цогтбаяр дасгалжуулагчийн хүсэлтээр газар дээр нь 102-ыг дуудсан.
-Цагдаад мэдэгд гэж Ц.Цогтбаяр өөрөө хэлсэн хэрэг үү?
-Л.Б: Бэхбаяр надтай ярихад нь би Цогтбаяр багш хажууд чинь байна уу гээд ярьсан юм. Цогтбаяр багштай ярихдаа эхлээд медальтай ирж байгаад нь баяр хүргэе гэж хэлсэн. Тэгтэл баяр хүргэх яах вэ, бид ийм асуудалтай болчихоод байна. Та хуулийн байгууллагад хандаарай гэсэн. Тэрнээс нь өмнө би 102-т мэдэгдсэн байсан л даа. Тэгээд цагдаагийн байгууллагатай ярилцаад ирэхээр нь тосоод шалгуулахаар болсон. Хилийн тусгай шалгадаг багажаар нь, байцаагчаар нь хүртэл шалгуулсан. Цагдаа нар хүн бүрээс байцаалт авсан. Ийм л асуудал болсон.
-Мэдээж болсон үйл явдлын талаар сонсоод их цочирдсон байх?
-А.Э: Энэ хэргийн талаар сонсчихоод их олон хүнд гомдсон. Хүний хүч хөдөлмөрийн үр шимийг нэг хулгайч аваад явчихсанд хамгийн түрүүнд гомдсон. Энэ хэргийг чимээгүй өнгөрөөж болохгүй. Бид алдаа хийдэг. Алдаж ч байсан. Гэхдээ ийм муухай алдаагүй юм. Ерөөсөө уучилж болохгүй. Заавал эзнийг нь олох хэрэгтэй. Гол нь хууль хүчний байгууллагынхныг эзнийг нь олж, биднийг хохиролгүй болгож өгөөч гэсэндээ ийнхүү хурал зарлалаа. Энэ бол зохион байгуулалттай хийгдсэн хэрэг. Яагаад гэвэл тэр нэгтийн дэвсгэртүүдийг бэлдсэн байсан. Өмнө нь төлөвлөсөн хэрэг гэж бодож байна. Энэ бол доромжлол, басамжлал. Тиймээс дээд зэргийн гомдолтой байна. Бэхээ ямар их хөдөлмөрлөж байж энэ амжилтад хүрлээ. Зүгээр олдоогүй шүү дээ. Энэ мөнгөөр шавь маань амьдралд нь тулгарч буй олон асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан. Угаасаа тэмцээнд явахдаа түрүүлнэ гэсэн зорилготой явсан. Энэ тэмцээнд явахад нь Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Алтай” констракшны ерөнхийлөгч Бат-Эрдэнэ гурван сая төгрөг гаргаж, очих зардал, байрлах байрных нь асуудлыг шийдвэрлэж өгсөн. Хамт олон, ард түмнийхээ итгэлийг битгий алдаарай, сайн яваад ирээрэй гээд амжилт хүсээд явуулсан. Хууль хүчний байгууллагад л итгэж байна. Эзэн нь олдоно гэдэгт ч итгэж байна.
-Э.Бэхбаяр яагаад өөрөө хуралд оролцсонгүй вэ?
-Л.Б: Энэ үйл явдал Бэхээд маш хүнд туссан. Бид шавийгаа хэл аманд оруулаад яах вэ гэж бодоод оролцуулаагүй юм. Ямар ч гэсэн хохирогч гэдгээрээ өөрөө өргөдлөө өгсөн байгаа. Онгоцноос бууж ирэхэд нь ч гэсэн медаль авсан гэх байдал ажиглагдаагүй. Энэ хэргээс болж олон хүн хүнд байдалд орсон. Бид Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Дагвадоржид хандана. Мөн холбооны Ёсзүйн хороонд ч хандах болно. Холбогдох бүх байгууллагад нь албан ёсоор хандана. Ерөөсөө тавуулаа явж байгаад л болсон хэрэг шүү дээ. Биднийг одоо ямар том тэмцээн хүлээж байгаа билээ. Одооноос сэтгэлзүйн бэлтгэлээ хиймээр байна. Тэгэхээр холбогдох байгууллагууд нь энэ хэргийг хурдан шийдэж өгөөсэй гэж хүсэх байна. Цагдаагийн байгууллагаас эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа учраас бид хэн нэгнийг хардах, сэрдэх эрх байхгүй. Гол нь хүүхдийн маань аз хийморьт муугаар нөлөөлөх вий гэхээс эмээх юм.
-А.Э: Найман сая төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Өнөөдөр манай улсын эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Биднийг тэмцээнд явахад мөнгө олддоггүй. Ямар нэгэн компанийн эзнээс гуйхад “Бид өөрсдөө хэцүү байдалд байна” гээд өгдөггүй юм. Энэ зовлонг манай спортынхон бүгд мэднэ. Тиймээс хохирлоо барагдуулахын төлөө эцсээ хүртэл явна.
-Хуулийн байгууллагынхан энэ хэрэг дээр ажиллаж байхад Монголын чөлөөт бөхийн холбооны нэр хүндийг унагах гэж хурал зарлалаа гэх хүмүүс байна?
-Л.Б: МЧБХ-ны нэр хүнд хөндөгдөж байгаа юм биш үү, хурлаа жаахан хойшлуулах арга байна уу гээд зарим нэг сэтгүүлч утсаар ярьж хүсэлт тавьсан. Тэгэхээр нь би хэн нэгний нэр төрд халдах гэсэнгүй. Энэ хэргийг холбогдох байгууллагуудыг хурдан шийдэж өгөөчээ гэж хүсч л зарласан гэсэн.
МЧБХ-ны нэр хүндийг бодох хэрэгтэй гэсэн. Тэгвэл яагаад мөнгө авсан хулгайч холбооны нэр хүндийг бодоогүй юм бэ. Бид холбооны нэр хүндэд халдаагүй. Халдсан хүмүүс нь удахгүй илрэх болов уу.