Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хөрөнгийн биржээ хувьчилж авцгаая

Т.ЖАНЦАН

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, улсын төсөв бүрдэхгүй байгаа билээ. Иймд ирэх оны улсын төсөвт өмч хувьчлалаас 183 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцов. Үүнээс Төрийн банк болон Монголын хөрөнгийн биржийн хувьчлалаас 80 тэрбум төгрөг улсын төсөвт оруулна гэж буй. Тухайлбал Төрийн банкыг  75, Монголын хөрөнгийн биржийг  таван тэрбум төгрөгөөр үнэлсэн юм. Энэ бол дуудлага худалдааны анхны үнэ. Урьд нь УИХ-аас “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл” баталсан. Тэгэхдээ Монголын хөрөнгийн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих санг хувьчлах асуудлыг хасч хойшлуулсан билээ. Харин ирэх онд Монголын хөрөнгийн биржийг хувьчлах болоод байгаа юм.

Иймээс “Новел инвестмент” компанийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Д. Ангар болон хөрөнгийн зах зээлийн хэсэг мэргэжилтнүүд Монголын Хөрөнгийн биржийг олон нийтийн хувьцаат компани болгон хувьчилж авах санаачилга гаргаад байна.
Тэд  “Бидний зүгээс хөрөнгийн биржийн хувьчлалд олон нийтийн оролцоог хангах санаачлагыг гаргаж байгаа юм. Таван тэрбум төгрөгтэй хүн мэдээж Монголд байгаа.Та бүхэн өчигдөр /уржигдар/ харлаа. Засгийн газрын ордны хажууд байрлах Сүхбаатарын хэвлэх үйлдвэрийн газрын  дуудлага худалдаа  долоон тэрбум төгрөгөөс эхэлж 24 тэрбум төгрөгт хүрлээ.

Үүнтэй Монголын хөрөнгийн биржийг харьцуулахад газар, барилга бий. Дээр нь үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Мэргэшсэн боловсон хүчинтэй.  Тэгэхээр энэ хувьчлал тодорхой хэмжээгээр үнэ цэнэтэй гэсэн үг. Монголын хөрөнгийн биржийг таван тэрбум төгрөгөөс дуудаад хэд хүрэхийг мэдэхгүй. Гэвч хөрөнгийн биржийн бизнесийг мэддэг хүн хэр их байгаа билээ гээд бодохоор ирэх онд хувьчлал хязгаарлагдмал хүрээнд явагдана гэж бид харж байгаа. Хөрөнгийн бирж гэдэг бол санхүүчид, эдийн засагчид мэргэжлийн хүмүүсийн эрхэлдэг бизнес. Хэн нэгэн мөнгөтэй хүний дураараа эрхэлдэг бизнес биш. Иймд иргэд нэгдэж  сан үүсгэвэл Хөрөнгийн биржийн хувьчлалд оролцох боломж бүрдэнэ. Дэлхийд сүүлийн үед Crowd Funding буюу олон нийтийн санхүүжилтийн хэлбэрээр сан үүсгээд томоохон төсөл хэрэгжүүлдэг болсон. Энэ нь үр ашгаа өгөөд явж байна. Иймд бид санхүүжилтийн энэ тогтолцоог Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд нэвтрүүлэхийг зорьж байгаа юм” гэж мэдэгдлээ.

Монголын хөрөнгийн биржийн анхны үнэлгээ болох таван тэрбум төгрөгийг 50 мянган хүн тус бүр 100 мянган төгрөг гарган нэгдэхэд л босгоод ирэх юм.  Энэ бол Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд оролцох хүсэлтэй иргэний хөрөнгө оруулах хамгийн доод хэмжээ. Ингэж олон нийт нэгдсэнээр 5-20 тэрбум төгрөг босгох боломжтой гэж дээрх санаачлагыг гаргагчид үзэж байна. Тэд шинэ менежментээр ажиллавал 2-3 жилийн дараа Хөрөнгийн биржийн өөрийн үнэлгээ 100-150 тэрбум төгрөгт хүрэх боломж бий гэв. Өөрөөр хэлбэл, хувьчлалд оруулсан 100 мянган төгрөг 10-15 дахин өснө гэсэн үг юм. Урьд нь хувьчлагдсан төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны зориулалт нь өөрчлөгдөх, барилгыг нь түрээслэх  тохиолдол олон гарсан. Хэрэв олон нийтийн өмч болвол зориулалтаар нь ашиглах болно. Нөгөө талаар Монголын үнэт цаасны зах зээл сэргэж өргөжин хөгжих үндэс тавигдана хэмээн Хөрөнгийн биржийг олон нийтийн оролцоотой  хувьчилж авах төсөл санаачлагчид үзэж буй юм. Тэд мөнгө гэдэг үнэ цэнтэй зүйл. Тэгэхээр олон нийтээс мөнгө татан төвлөрүүлчихээд ямар нэг эрсдэл гаргахгүй. Санд төвлөрсөн мөнгийг Засгийн газрын баталгаатай бондод байршуулна гэв. Тэгэхээр уг төсөлд нэгдэж оруулсан хөрөнгө нь жилийн 10 хувиар өсөх боломж бүрдэх аж. Төсөл хэрэгжүүлэгч менежментийн баг удирдлагын зардал гэж олон нийтийн оруулсан хөрөнгөөс гаргахгүй. Уг зардал нь дээрх 10 хувиас давсан өгөөжөөр санхүүжих гэнэ. Эдүгээ Засгийн газрын бондын хүү жилийн 13.8-16.6 хувийн хүүтэй байгаа юм.

Иргэдээс мөнгө төвлөрүүлэх учраас уг төсөл олон нийтийн байнгын хяналт дор байх нь. Хувьцаа эзэмшигчдын хяналтад, компанийн сайн засаглалын ил тод, хариуцлагатай байх  зарчмын хүрээнд явах аж. Хөрөнгийн биржийг олон нийтийн оролцоотой хувьчилж авах төслийг хэрэгжүүлэх тусгай компани байгуулж дүрэм, журмаа батлах гэнэ. Магадгүй 100 тэрбум төгрөгийн хувьцаа зарлана. Ингээд Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд оролцох хүн бүр энэ компанийн хувьцааг худалдаж авна гэсэн үг. Энэ төслийг санаачилсан гэж 20, 30 хувийг үнэгүй авна гэсэн ойлголт байхгүй. Бүгд тэгш эрхтэй мөнгө төлж хувьцааг нь авах аж. Хувьцаа эзэмшигчид хүссэн үедээ оруулсан мөнгөө аваад гарч болно. Тэгэхдээ хувьцаа эзэмшсэн хугацааныхаа хүүг бодуулж авна. Энэ хүү нь банкны хугацаагүй хадгаламжийн хүүнээс хоёр дахин их байх нь. Үүнээс гадна хөндлөнгийн хяналтыг олон улсад нэр хүндтэй аудитын компаниар хийлгэх талаар төсөл хэрэгжүүлэх компанийн дүрмэнд тусгана гэж буй юм.

Монголын хөрөнгийн биржийг олон нийтийн оролцоотой хувьчилж авах төсөл санаачлагчийн нэг, “Новел инвест” компанийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Д.Ангар “Би Монголын хөрөнгийн биржийн захирлаар 2014 оны зургадугаар сараас эхлэн 2015 оны есдүгээр сарын 30 хүртэл 15 сар ажилласан. Намайг анх ажил хүлээж авахад  нэг тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байв. Ний нуугүй хэлэхэд Монголд хувьцааны бизнес зогссон гэж  болно. Өнөөгийн схемээр цааш явахгүй. Иймд арилжааг нь сэргээх ганц гарц нь Засгийн газрын бонд байсан. Тэгээд үүнийг худалдаж эхэлсэн. Тэгээд энэ оны наймдугаар сарын 18-нд түүхэн дээд арилжаа хийсэн юм. Монголын хөрөнгийн биржийн хамгийн өндөр дүнтэй арилжаа хийсэн жил нь энэ он. Намайг ажлаа өгөхөд 250 сая төгрөгийн ашигтай, дансны үлдэгдэл нь 650 сая төгрөгтэй  ажиллаж байсан. Энэ бол зөвхөн Засгийн газрын үнэт цаас арилжсаны үр дүн. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж нялх хүүхэд шиг байна. Иймд бүгдийг шинээр эхлэх боломж бий. Одоо санхүүгийн үүсмэл хэрэгсэл, корпорацийн бондууд, зэс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүнд суурилсан гэрээг Монголын хөрөнгийн бирж, зах зээлд нийлүүлэх юм бол ашиг орлого нь хэд дахин нэмэгдэх боломжтой. Төрийн мэдэлд зуун хувь байгаа Хөрөнгийн биржийн ил тод байдал, засаглалын сайн зарчмууд тодорхой хэмжээгээр алдагдах эрсдэлтэй. Үүнээс гадна олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирэхэд учир дутагдалтай байсан. Иймд Монголын хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байхдаа 66 хувь нь олон нийтэд хувьчлагдах ёстой.  Ингэж байж ил тод, хариуцлагатай, үр ашгийн төлөө бизнесийн зарчим хангагдана гэсэн байр суурьтай байлаа. Гэхдээ УИХ төрийн өмч хувьчлалын төлөвлөгөөнөөс Монголын хөрөнгийн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих санг хассан юм” хэмээв.  

Ийнхүү Монголын хөрөнгийн бир­жийг үнэт цаасны зах зээлийн мэргэ­­жилтнүүд олон нийтийн оролцоотой хувьчилж авах санаачилга гаргаж  иргэ­­дийг идвэхтэй оролцохыг уриал­лаа. Хамгийн гол нь Монголчууд өөрс­дөө бүтээсэн баялгаа эзэмшиж, за­­­хи­­ран зарцуулах ёстой гэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан