УИХ өнгөрсөн долоо хоногт төрөөс баримтлах мөнгөний бодлогыг баталсан. Мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн үеэр Монголбанк эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг томъёолж, түүнд хүрэх бодлогын зорилт дэвшүүлсэн. Энэ тухайд Монголбанкны Ерөнхий эдийн засагч бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болдоос дараах тодруулгыг авлаа.
-Эдийн засгийн одоогийн ирчихээд байгаа нөхцөл байдлыг юу гэж дүгнэвэл зохих вэ? Энэ бидний бодит байдал уу, аль эсвэл хямрал уу?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд Монголын эдийн засаг бүхэлдээ маш төвөгтэй “хэцүү тэгшитгэл” бодсон. Энэ “тэгшитгэл” нь ДНБ-ний өсөлтийг 2013-2015 онд хасах утгатай болгохгүйгээр, ажилгүйдлийн түвшинг байранд нь байлгахын зэрэгцээ ханш сулрахыг зөв цаг үед нь зөвшөөрөх, ингэснээр төлбөрийн урсгал дансны үлэмж алдагдлыг үе шаттай бууруулах буюу энгийн хэллэгээр валютын алдагдлыг зогсоох, нийт хэрэглээг бууруулснаар эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөллийг саармагжуулах үүднээс хэрэглээг 3 жилийн дотор алгуурхан хумих, төлбөрийн нийт тэнцлийг тэнцвэржүүлж “эрүүлжүүлэх”, энэ бүхэн нь санхүүгийн салбарт системийн шинжтэй тогтворгүй байдал үүсгэхгүй байх, эцсийн эцэст Төв банкны үндсэн зорилт инфляцийг бууруулах гэсэн олон адармаатай зорилт, үе шат, арга хэрэгсэл, шилжилтүүдтэй байсан. Ойлгоход маш төвөгтэй тэгшитгэл. Гэхдээ үр дүнд нь эдийн засгийн “зөөлөн газардалт” 2015 оноор бүрэн дуусгавар болж, цаашид төлөв, хандлага эерэг байх нөхцөл, боломж бүрдээд байна.
-Бодлогын үр дүнг мэдээж тоон үзүүлэлтээр хэмжинэ. Мөнгөний бодлого, таны хэлээд байгаа тэр “хэцүү тэгшитгэл” зорьсон үр дүндээ хүрсэн болов уу?
-Мөнгөний бодлогын зорилт дунд хугацаа буюу гурван жилээр тодорхойлогдож хэрэгжсэн. Гурван жилийн өмнө инфляци 14 хувь байсан бол одоо дөрөв орчим хувь болж буурсан. Төлбөрийн урсгал тэнцэл 3.4 тэрбум ам.долларын алдагдалтай, тэр нь ДНБ-ний 27 хувьтай тэнцдэг байлаа. Одоо 0.4 тэрбум ам.доллар буюу ДНБ-ний 5 хувьтай тэнцэж байна. Валютын алдагдал 3 тэрбум ам.доллараар буурсан гэсэн үг. Төлбөрийн нийт тэнцэл 2013 онд 1.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байлаа. Харин энэ онд алдагдалгүй гарах боломжтой болоод байна. Эдийн засгийн бодит өсөлт 2012 оны 12.3 хувиас 3 жилийн хугацаанд 11.6, 7.8, 3-4 хувь болж өсөлт нь саарсан ч, хасах утгатай болоогүй байна. Гадаад валютын улсын нөөц импортын 5 сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Хамгийн гол нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байхгүй шахам болчихсон байхад эдийн засаг тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ инфляцийн бүтэц, өрхийн зардлын бүтэц, гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн урсгал тэнцэл, банкуудын зээлийн багц, төгрөгийн бодит ханш зэрэг үзүүлэлтүүдэд, макро, микро түвшинд шаардлагатай байсан тохиргоонууд хийгдлээ.
-Эдийн засгийн өсөлт саарсаар энэ оны эхний гурван улиралд 2.5 хувь болсон байгааг юу гэж ойлгох вэ?
-Аль 2011 оны сүүлийн улирлаас гадаад худалдааны нөхцөл муудаж эхэлсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 оноос буурах нь тодорхой болчихсон, өсөлтийн санхүүжүүлэх эх үүсвэр маш их дутагдах нь, эдийн засгийн өсөлт саарах нь ойлгомжтой болсон байлаа. Хэцүү тэгшитгэл бодоогүй бол эдийн засгийн өсөлт 2013 онд хасах утгатай болох байсан. Цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулъя, сэргээе, эдийн засгийг тогтвортой хурдаар тэлье гэвэл эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах шаардлагатай.
-Төв банк мөнгөний нийлүүлэлтийг эхлээд нэмэгдүүлсэн, дараа нь хумьсан. Үүнийг ойлгоход хэцүү байсан. Олон улсын байгууллагууд, олон нийтийн дунд ч шүүмжилж байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Эхэндээ олон хөтөлбөр, арга хэмжээгээр дамжуулж эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг хувийн хэвшлээр дамжуулж нэмэгдүүлнэ, ханшаа гурван жилийн хугацаанд 40 орчим хувиар суллаж төлбөрийн тэнцлээ “засна”, эдгээр нь инфляцийг дунд хугацааны зорилтот түвшинд хүргэнэ гэдэг нь агуулгын талаас ч, онолын хувьд ч, практик үүднээсээ ч хүмүүс ойлгоход маш төвөгтэй ухагдахуун байсан. Олон улсын санхүүгийн байгууллагууд, зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд, олон нийтийн дунд “мөнгө нийлүүлж инфляцийг бууруулна” гэдгийг хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байсан, их ч эргэлзсэн. Гэвч эцсийн эцэст бүтцийн асуудалтай, нийлүүлэлтийн хязгаарлалт бүхий, улирлын нөлөөлөл ихтэй эдийн засаг гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй. Дараа нь түүнд тохирсон макро бодлоготой байх ёстой, төлбөрийн тэнцлийн 2013 оных шиг гүнзгий хямралын үед дан ганц уламжлалт бодлого хангалтгүй байсан гэдэг нь одоо хүмүүст илүү ойлгомжтой болж байна.
-Эдийн засгийн энэ хүндрэлээс бид ер нь ямар сургамж авч байна вэ?
-Инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгахын тулд зөвхөн эрэлт талтай нь зууралдах бус, нийлүүлэлтийн гаралтай инфляци үүсэх шалтгааныг нь олж, түүнд чиглэсэн арга механизмыг зах зээлд бий болгох, түүнийг мөнгөний уламжлалт бодлоготой хослуулснаар эцсийн дүнд инфляци буурдаг нь нотлогдлоо. Төлбөрийн тэнцлийн хямрал тохиолдоход эдийн засгаас мөнгөний нийлүүлэлтийг огцом татаж, ганцхан жилийн дотор нийт эдийн засгаа “борцолж” болдоггүйг 2009 оны хямралын сургамж хангалттай харуулсан. Харин эдийн засагт шингэх мөнгөний нийлүүлэлтийг зөв сувгаар буюу хувийн хэвшлийн зээлээр, оновчтой цаг үед нэмэгдүүлж, нийт эдийн засгийн дотоод актив огцом унахаас сэргийлэх нь илүү үр дүнтэй бодлого болох нь харагдаж байна. Ирэх онд эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг бүрэн гүйцэд хангах нь урт хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдүүлнэ гэж бид үздэг.
-Эдийн засгийн шинэ тэнцвэрт хамаарах бодлогын зорилтууд нь юу вэ?
-Мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн үеэр олон удаа яригдсан л даа. Шинэ тэнцвэрийг хангах хамгийн эхний зорилт нь энэ оноос алдагдалгүй болж байгаа төлбөрийн тэнцлийн эерэг хандлагыг хадгалах, өөрөөр хэлбэл эдийн засагт орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад тэнцэл ашигтай гарах нөхцөл бүрдүүлэхэд оршино. Хоёрдугаар зорилт нь улсын төсвийн зохистой байдлыг бүрэн гүйцэд хангах явдал юм. Энэ хүрээнд төсөв, төрийн сангийн бүтцийн шинэчлэлийг үе шаттай хийж, улсын төсвийн орлогын төлөвлөлтийг бодитой болгох, орлого, зардлыг тэнцвэртэй байлгах шаардлага хэвээр байна. Гуравт, улсын өрийн зохистой удирдлага чухал. Өрийн зохистой удирдлагатай болсноор өр төлөх, өрийн хугацааг сунгах, өрийг дахин санхүүжүүлэх эерэг орчныг бүрдүүлэхэд сонголт арвин, хэзээ юуг хийх бодлого нь илүү ойлгомжтой болно. Эргэлзээ, эрсдэл арилна. Төрөөс эдгээр чиглэлд хийх ажил их бий. Төсвийн шинэчлэл, гадаад тэнцэл, улсын өрийн удирдлага дээр ахиц дэвшил гаргах шаардлага, боломжууд нэлээд байгаа гэж бодож байна.
-Мөнгөний бодлогын хувьд ямар боломжууд байна вэ? Хүүг буурах, эдийн засгаа дэмжих боломж үүсэх үү?
-Инфляци буурсан байгаа энэ үед эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр бүрэн хангагдах эерэг орчныг бүрдүүлбэл мөнгөний бодлогын сонголт одоогийнхоос ч илүү олон, орон зай нь хязгаарлагдмал бус болох юм.
-Цаашдын эдийн засгийн төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ? Бүр муудах ч юм шиг, эсвэл гайгүй болох ч юм шиг дүр зураг байх юм. Зарим хүмүүс ирэх жил эдийн засаг илүү өвдөнө л гэх юм?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтгүй болсон үед эдийн засаг тогтвортой байдлаа хадгалж, зөөлөн газардалт нь дуусгавар боллоо. Одоо эдийн засаг шинэ тэнцвэрээ хангах шатанд явж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг хэтэрхий туйлширч шүтэлгүйгээр цааш илүү зөв, тогтвортой замаар явах боломжууд алхам алхмаар нэмэгдэж байна. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалт сэргэвэл дүр зураг бүр л илүү эерэг болно. Инфляци буурсан, эдийн засагт бүтцийн шинжтэй тохиргоонууд хийгдсэн ийм эерэг орчинд макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангаснаар цаашлаад эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, хуримтлалыг нэмэгдүүлэх, бүтцийн хувьд төрөлжүүлэх боломж нэмэгдэх бололцоотой.
Ж.НЯМСҮРЭН